Р.Мөнхбат: Аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгох, эсвэл цалингүй чөлөө олгож байна
Хүнс, хөдөө аж ахуйн ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат
2014.08.14

Р.Мөнхбат: Аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгох, эсвэл цалингүй чөлөө олгож байна

Хувийн хэвшлийн 15 холбоо, байгууллагуудын төлөөлөгчид валютын ханшийн уналтыг зогсоох, мөнгөний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар өчигдөр мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбаттай ярилцлаа.

-Та бүхэн УИХ-д хандаж ямар хүсэлт тавьж байна вэ ?

-Валютын ханшийн өсөлтөөс төгрөг үнэгүйдэж байгаа нь Монголын эдийн засаг маш хүнд байдалд хүрсэн. Үүний эсрэг арга хэмжээ аваач гэдгийг УИХ-д сануулж байна.

Хувийн хэвшлийн нэгдсэн холбоод урьд нь төр засаг руу хандсан хүсэлт хүргүүлж байгаагүй.

Зөвхөн төр, хувийн хэвшлийн гурван талт зөвшилцлийн төвшинд асуудлыг тавьдаг байсан. Тэгвэл өнөөдөр (өчигдөр) мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэж, УИХ-д 14 хүсэлт тавьж байна.

Энэ хүсэлт нь Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг тусгасан. Мөн валютын ханшийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийг оруулсан байгаа.

Гол санаа маань нэг ам.доллар, 1900 төгрөгтэй тэнцлээ. Удахгүй хоёр мянган төгрөг давлаа. Энэ нь өөрийнхөө хөрөнгөөр гаднаас материал оруулж ирээд үйлдвэрлэл эхэлж байгаа бизнес эрхэлж буй хүн бүрт үнэхээр хүнд тусаж байна.

Ажил олгогчдыг дагаад ард түмний амьжиргаа бас хямарсан гэдгийг сануулсан юм. Үүнийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулган яаралтай зарлаж.

Монголбанкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт шийдэж чадахгүй асуудлыг нь УИХ-ын төвшинд авч шийдэж өгөөч гэж бид санаа нэгтгэсэн юм Төв банкны онцгой эрхийн үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах үүрэгтэй.

Монголбанк тэр үүргээ биелүүлэх Засгийн газартай хамтрах уу. Эсвэл УИХ-аас дэмжлэг авах эсэх нь тэр байгууллагын асуудал. Байгууллага хоорондын уялдаа холбооны төлөө байгууллага, иргэн хохирч болохгүй.

-Валютын ханшийн өсөлт ажил олгогчдод хүнд тусаж ажлын байрыг бууруулж байгаа юу?

-Валютын ханш тогтмол өсч байгаагаас өргөн хэрэглээний сараа бүтээгдэхүүний эрэлт, борлуулалт багасч, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар муудсан. Хямралыг даван туулахын тулд аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгох, эсвэл цалингүй чөлөө олгож байна. Мөн үйл ажиллагаагаа зогсоож, олноороо хаалгаа барилаа.

-Хүнсний салбарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Та бидний өдөр тутам иддэг талх гэхэд л 45 хувиар өслөө.

Бид хүн амаасаа 15 дахин их буюу 45 сая малтай.

Гэтэл үхрийн нэг килограмм мах 10 мянган төгрөг гарсан байна. Энэ үнийн өсөлтөөс Монголчуудын хүнсний сагсны буюу иддэг хүнсний бүтээгдэхүүн цөөрсөн.

-Та нарын хүсэлтэд валютын ханшийн өсөлтийг зогсоох асуудлыг улстөржилтөөс ангид байлгаач гэсэн байна. Хэт улстөржилтөөс одоогийн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна уу?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлыг нам, эвсэл, бүлгийн болон албан тушаал, эрх мэдлийн төлөөх сонирхлын тэмцэл болгон өнгөцхөн авч үзэх, бүх буруу болон алдааг ганц нэг албан тушаалтан, байгууллагад тохон огцруулж солихыг урьтал болгож байна.

Гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг улстөржиж хааж, боосноос болж гадаад хөрөнгө оруулалт өнөөдөр ийм байдалд хүрсэн. Эсвэл нэг улс төрийн хүчин гарч ирэхээрээ нөгөөгийнхөө зөв бодлогыг үгүйсгэх зэрэг нь Монголын ард түмэнд хэрэггүй байна.

Дөрвөн жил нөгөө намынхаа эсрэг үйл ажиллагаа хийгээд таардаг. Тэр битгий хэл, нам доторх фракциудын сөргөлдөөн эдийн засгийн хүндрэлийн шалтгаан болно. Тиймээс улс төр, эдийн засгийн цогц бодлого хэрэгтэй байна.

-Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэл хийж байгаа олон аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж байна гэлээ?

-Маш их алдагдал хүлээсэн. Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 1460 төгрөгтэй тэнцүүлсэн. Гэтэл өнөөдөр ам.доллар хэд хүрсэн билээ. Энэ хоёрын зөрүү маш их гарч байгаа биз.

Ганц төсвөөс санхүүжсэн аж ахуйн нэгжүүд бус арилжааны банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс зээлээ төлж чадахгүйд хүрсэн.