С.Ганбаатар: Монголбанк эрх мэдэлд бялуурч байна
УИХ дахь бие даагчдын зөвлөл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Монголбанкны ерөнхийлөгчийг ямар үндэслэлээр огцруулах асуудлыг хөндөж байгаа вэ?
-Бид маш олон тооцоо судалгаа хийж, мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярьсны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргаж байгаа. Жилийн өмнө 500 мянган төгрөгийн цалинтай байсан хүний орлого валютын ханштайгаа харьцуулж бодвол өнөөдөр тал хувьд хүрэхгүй хэмжээтэй тэнцэж байна шүү дээ. Мөн 1400 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 1800 гараад явчихлаа. Манай орон гадаадаас маш их бараа, бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг. Үүнийгээ төгрөгөөр биш валютаар авдаг. Үнийн өсөлт, инфляцийн цаад мөн чанар бол мөнгө, ханшийн бодлогоо Монголбанкны удирдлагууд алдчихсан явдал. Энэ бол туулийн ноцтой асуудал.
Эцэст нь маш энгийн логик хэлэхэд, өнөөдөр сайд нар, Засгийн газар, Монголбанкныхан, улс орны эдийн засаг, нийгмийг авч яваа том дарга нар маш их эрхтэй. 20 сая ам.долларыг шууд гадаад зах зээлд зарах эрх нь байж байдаг. Монголбанкны ерөнхийлөгч, сайд нар гэсэн хүмүүс эрхээр эрхлээд байгаа болохоос биш тэдэнд үүрэг гэж байна уу. Үүрэг нь бидний амьжиргааг баталгаажуулж, амьдралыг сайжруулж, эдийн засгийг босгох явдал. Харин үүргээ биелүүлэхгүй байгаа учир хариуцлага гэж байна уу гэдэг гаргалгаа гарч ирсээр байна.
Үнэ тогтворжуулна гэдэг нэрийдлээр гурван их наяд төгрөгийг зах зээл рүү оруулахад яагаад төгрөг, валютын ханш тогтворжихгүй байгаа юм.
Гэхдээ олон буруу шийдвэрийг гаргаж байгаа арчаагүй байдлын золиос нь жирийн хүмүүс болоод байгаа юм. Тиймээс үүний төлөө хэн нэгэн нь хүн хариуцлага тооцох ёстой биз. Өнөөдөр Монголбанкны Бодлогын зөвлөл нь ажиллаж байна уу гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгө, ханшийн бодлогыг Бодлогын зөвлөлөөр дамжуулж эрдэмтэн мэргэд, судлаачдын үндсэн дээр явуулж байна уу.
Эсвэл нэг хүний толгойд бодсон хийрхлээр яваад байна уу гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Монголбанкны Хяналтын зөвлөл нь ажлаа хийж чадаж байна уу гэдгийг нэхэх ёстой. Ханш, мөнгөний бодлого аюултай байдалд орчихоод байхад арга хэмжээ авахгүй байна. Бид зөндөө удаан харлаа. Ийм тоглоомтой, золиос нь жирийн ард иргэд болж, бүх ачааг үүрч байгаа учир хариуцлага, үүрэг гэж байх ёстой. Монголбанкныхан эрхээр бялуурч байна.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гэх эрхэм залилан мэхлэгч нартай шунахайн сэдэл, үйл хэргээрээ сүлбэлдсэн гэдэг мэдээлэл гарч байна. Та ч гэсэн “Монголбанкныхан эрхээр бялуурч байна” гэлээ. Тэгэхээр эрх мэдлээ ашиглаж байна гэсэн үг үү?
-Өнгөрсөн хугацаанд Монголбанкы удирдлагуудын увайгүй байдлаас болж арилжааны хэдэн банк төгрөг, валютын ханшийн зөрүүнээс асар их ашиг хийсэн гэдэг нь нийгэм даяар тархаж байна. Энэ бүхнийг нягтлах ёстой. Ийм яриа гаргахын үндсийг хэн тавьсан бэ гэдэг нь тодорхой, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал. Тиймээс энэ хүнд хариуцлага тооцох нь чухал. Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцдог байя, давхар дээлийг нь тайлая гэж бие даагчид маш их тэмцсэн. Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Тэгэхээр УИХ өөрөө өөрийнхөө байгууллагад хариуцлага тооцохоос асуудал эхэлнэ. Шатыг дороос нь биш дээрээс нь шүүрдэх ёстой.
-Аль ч улсын Төв банк Засгийн газраасаа хараат бус ажилладаг. Гэтэл өнөөдөр Монголбанк нь засгийнхаа хяналтад ажиллаж, гар хөл нь болж байна гэх нь бий. Үүнд алдаа байгаа биз?
-Маш олон алдааг хэлж болно. Гэхдээ би нэрлэмээргүй байна. Үүнийг эрдэмтэн мэргэдтэйгээ нэгдэж байгаад тодорхойлтдоо нэлээд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Гурван их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Үүнийг Монголбанкны ерөнхийлөгч нь Засгийн газартайгаа хамтарч хэрэгжүүлсэн байгаа. Харин энэ их мөнгөний нийлүүлэлт зах зээл рүү ороход инфляци, үнийн хөөрөгдөл бий болсон.
Маш том алдаатай бодлого явж байгаа.
Үүний золиос нь ард иргэд. Үнэ тогтворжуулна гэдэг нэрийдлээр гурван их наяд төгрөгийг зах зээл рүү оруулахад яагаад төгрөг, валютын ханш тогтворжихгүй байгаа юм. Үүнийг аль компанид өгсөн, хэрхэн тендер зарласан, ямар шалгуураар өгсөн, үр дүн нь хаана байна вэ гэдэг энэ олон асуудалд Монголбанкны ерөнхийлөгч хариулт өгөх ёстой. Ханш, мөнгөний бодлогод алдаа гарна гэдэг бол үйлдвэржилт, бүтээн байгуулалт, эдийн засгийн асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Эдийн засаг, үйлдвэржилтийн бодлого алдаанд орно гэдэг нь нийгмийн салбар уруудах нэг хэлбэр. Мөнгө, ханшийн бодлогоор энэ бүх зүйл хамтдаа уялдаж, зохицуулагддаг. Энэ бол тусдаа зүйл биш. Үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага үүрэх ёстой.
-Хоёр жилийн хугацаанд Монголбанкны хэрэгжүүлж ирсэн мөнгө, ханшийн бодлого алдаатай, буруу явж ирсэн хэрэг үү?
-Маш том алдаатай бодлого явж байгаа. “Ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэдэг бол бодитой биш байна” гэж хэлэхэд өөдөөс “Болно” гэж байгаа хүнд юу гэж хэлэх үү. Хэрвээ “Болгохгүй бол хариуцлагаа үүрнэ шүү” гэж тухай үед би байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан. Өнөөдөр энэ амлалтдаа хүрч чадсангүй. Тиймээс хариуцлагаа үүрэх ёстой.
-Монгол төгрөгийг их хэмжээгээр зах зээлд нийлүүлснээр валютын нөөцгүй болсон гэх зүйл байсан. Нөгөөтэйгүүр алтны тушаалтыг Монголбанкинд төвлөрүүлэхийг хуулиар зохицуулсан. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувь болгоход “Маргааш нь ам.доллар Монгол руу давалгаалан орж ирнэ” гэж УИХ дээр АН-ын гишүүд хэлж байсан. Энэ хүмүүс хэлсэн үгэндээ эзэн болоосой гэдгийг давхар хэлмээр байна. Мөн үг болгондоо хариуцлага үүрэх ёстой гэдгийг АН-ын сайхан сэтгэлтэй гишүүдэд дамжуулж хэлье.