М.Энхболд: Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ирэх сарын 20-нд дүгнэж, үнэлнэ
Улсын Их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
2014.07.31

М.Энхболд: Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ирэх сарын 20-нд дүгнэж, үнэлнэ

Газар сайгүй найр наадам үргэлжилж, ажиллаж байгаагаасаа амарч буй нь олон байгаа хэдий ч валютын ханшийн огцом өсөлтөөс эхлээд байгалийн онд аюултай үзэгдэл тохиолдоод улс оронд тулгамдсан олон асуудал ар араасаа хүлээгдсээр байна.

Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлаас улбаалаад УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай гэсэн саналыг ч зарим нам, гишүүдийн зүгээс тавиад буй. Үүний зэрэгцээ Засгийн газрын хуралдааныг орон нутагт хийх шийдвэр гаргасан. Эдгээр асуудлаар УИХ-ын дэд дарга М.Энхболдоос тодрууллаа. Тэрбээр ирэх сарын 5-нд буюу УИХ-ын дарга З.Энхболдыг ажилдаа орох хүртэл нь түүнийг орлон ажиллаж буй юм.

УИХ-ын даргын эзгүйд цөөнгүй үйл явдал өрнөж байна. Та ажил ихтэй байна уу?

-Улс орны чухал асуудлуудыг УИХ анхаарч, асууж сураглаж байгаа. Орон нутагт найр наадам үргэлжилж, бүсийн уралдаанууд болж байна. Үүнтэй зэрэгцээд байгалийн гамшигт үзэгдэл болсноос хүний амь эрсэдлээ.

Үер усны аюулаас болж хүмүүс амиа алдаж байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газарт үүрэг өгч, цаг тухайд нь мэдээлэл ирүүлэхийг шаардсан. Шаардлагатай зарим мэдээллийг УИХ-ын даргад танилцуулж байгаа.

-Валютын ханшийн өсөлтийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ам.долларын ханш 1880 хүрээд ер нь 1900 болох нь уу гэж харж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног наймдугаар сарын 17-нд дуусна.

Хэрэв энэ хугацаанд зөв зохион байгуулсан бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй юм гэхэд өсөөгүй байх ёстой байсан.

Гэтэл өнгөрсөн хугацаанд 835 төгрөг байсан “Атар” талхны үнэ 840 болж, ам.долларын ханш 40 төгрөгөөр нэмэгдчихлээ.

Хэвлэл мэдээлэл, зурагтаар ярьж байгаагаас харахад их ажил хийсэн мэт боловч бодит үр дүн нааштай байгаа гэж ажиглагдахгүй байна.

Тендер болон төрийн өмчийн дуудлага худалдаанд оролцох гэж өрсөлддөг байсан компаниудын тоо цөөрснөөс эдийн засгийн чадавхи ерөнхийдөө яаж муудсаныг харж болно.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногтой зэрэгцээд манай МАН- ын бүлгийн Ажлын алба “Ард 100” аяныг эхлүүлж, 10 хоног тутам уг ажлын үр дүнг товч мэдээлж байгаа. Эрх баригчид юу гэж дүгнэхийг мэдэхгүй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг бид ирэх сарын 20-нд дүгнэж үнэлнэ.

-Яг энэ байдалтай холбоотойгоор УИХ- ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал мэр сэр гарч байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Ээлжит бус чуулганыг хуралдуулж болно. Харин юу хэлэлцэх вэ гэдэг нь чухал. Хавар УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулаад Засгийн газраас оруулж ирсэн асуудлын талаас илүү нь буцсан.

Түүн шиг чанаргүй, УИХ хүлээн авах боломжгүй төслүүд оруулж ирвэл ямар ч ач холбогдолгүй. Гэхдээ миний бие УИХ-ын даргыг орлож байгаа учраас тодорхой шийдвэр хэлэх боломжгүй. УИХ- ын дарга захирамж гаргавал ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой.

-Засгийн газрын хуралдааныг Хөвсгөл аймагт хийнэ гэсэн мэдээлэл олны шүүмжлэлийг нэлээд дагуулсан. Ямар ч байсан хуралдаанаа орон нутагт хийхээр шийдвэрлэж байх шиг байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Орон нутгийн бүтээн байгуулалт, эдийн засаг, экологийн асуудлыг хэлэлцэхдээ орон нутагт нь очиж сонсоход ач холбогдол бий. Гэхдээ хууль эрх зүйн хувьд ямар байдаг юм бол.

Засгийн газрын 19 гишүүн орон нутаг руу явахад багагүй зардал гарах нь ойлгомжтой. Тэр зардлаасаа илүү ач холбогдолтой хуралдаан болж- чадвал болж байна. Муу дээрээ муухай гэдэг шиг эдийн засаг хүнд байгаа ийм үед бөөн зардал чирэгдэл болоод өнгөрвөл хэцүү л юм.