Ам.долларыг 1460 төгрөгт барихыг хүслээ
Манай улсын эдийн засгийн өсөлтийн 80 орчим хувийг уул уурхайн бус салбар буюу үндэсний үйлдвэрлэгчид дангаараа хангадаг.
Гэвч валютын ханшийн тогтворгүй байдал, төгрөгийн ханшийн уналт нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг өсгөсөн юм. Үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн худалдан авах чадвар буурч, амьдрах нөхцөл доройтсон.
Бизнес эрхлэх орчин ч зах зээлийн шилжилтийн жилүүдэд байгаагүйгээр хүндэрч, дарамт шахалт улам ихэсч, хэвийн ажиллах нөхцөлгүй болсон байна. Бараа бүтээгдэхүүний эрэлт, борлуулалт багасч, дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхи мууджээ. Үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд ажлын байрыг олноор нь цомхотгох, үйл ажиллагаагаа түр болон бүр зогсоож ажилгүй, орлогогүй иргэдийн тоог өсгөж, ядуурлыг нэмэгдүүлж байна.
Тиймээс Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, хэвлэлийн үйлдвэр, хүнсчид, барилгачид, уул уурхай, оёдол, арьс шир, ноосон бүтээгдэхүүн, төмөрлөг машин үйлдвэрлэгч, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, авто замчид, ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооныхон нэгдэж “Улс орны нийгэм эдийн засгийн байдалд бодит дугнэлт хийж, ам.долларын ханшийг 2014 оны улсын төсөвт тусгаснаар 1460 орчим төгрөгт барьж, зургаан сараас нэг жилийн хугацаанд тогтмол мөрдүүлэх хууль гарган хэрэгжүүлэх”-ийг эрх баригчдаас хүслээ.
Ингэхдээ эдийн засгийн хүндрэлийг аливаа нам, эвсэл, бүлгийн болон албан тушаалтны эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчлийн тэмцэл болгОхгүй байхыг сануулав. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцох нэрээр бүх алдааг аль нэг байгууллага эсвэл хэн нэгэн хүнд тохож, огцруулж, солихыг урьтал болгон нийгмийн тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, улс төрийн бужигнаан үүсгэхгүйгээр шийдэх боломжтой гэж тэд үзэж байна.