Мэндчилгээ
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдийнхээ аюулгүй, тайванбайдлыг хангах үйлсэд зүтгэж буй Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.
Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэчлэх, шуурхай болгохталаарНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар байнга санаа тавин ажиллаж ирлээ. Өнгөрсөн онд нийслэлийн5 дүүрэгт Цагдаагийн хэлтсийн барилга шинээр ашиглалтад оруулсан бөгөөд одоо нэмээд 3 хэлтсийн барилга барихаар төлөвлөөд байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх зорилгоор Офицеруудын ордноос Таван шарын автобусны зогсоол хүртэл 22 автобусны буудал дээр хэв журмын нөхцөл байдлыг хянах, Саппоро, “Баруун”, “Зүүн” 4 замын тойрог, Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хянах зориулалт бүхий камеруудыг байрлуулснаар халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх боломжийг бүрдүүллээ. Мөн цагдаагийн ажлын шаардлага, техникийн нөхцөлийг хангасан эргүүлийн 75, жижүүрийн 24 автомашинаар парк шинэчлэл хийлээ.
НИТХ-аар баталсан “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа цагдаагийн албан хаагч 10 залуу гэр бүлийг хамруулж, түрээсийн байранд орууллаа.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “School Police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь ард иргэдийн талархлыг ихээр хүлээж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн Засаг нийгмийн зорилтод тусгасны дагуу бид нийслэлээ аюулгүй амгалан, найрсаг хот болгох зорилт тавин “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлд ирсэн жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан Цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Бид цаашид иргэн, цагдаагийн харилцааг ойртуулах, тангараг өргөн ард иргэдийнхээ аюулгүйн манаанд зогсож байгаа цагдаагийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах талаар санаа тавин ажиллах болно.
Та бүхний хичээл зүтгэлээр бид удахгүй Улаанбаатар хотоо Найрсаг цагдаатай Найрсаг хот болгож, ирээдүй хойчдоо амар амгалан нийслэл хотыг хүлээлгэн өгөх болно гэдэгт би итгэж байна.