Хилийн боомтын төсвийн асуудлыг хэлэлцэнэ
Хилийн боомтын төсвийн асуудлыг хэлэлцэнэ
2014.03.24

Хилийн боомтын төсвийн асуудлыг хэлэлцэнэ

Гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захиралдаа “14 мянган ам.долларын бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан.

Үүний дөрөвний нэгээр тэнд байгаа ажилчдын гарыг цайлгасан” гэсэн захидал бичсэн байна. Хил гаалийн өнөөгийн байдлыг илтгэсэн энэхүү захидлыг “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөлгөөний үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг уншсан.

Тиймээс ч Шинэчлэлийн Засгийн газар энэ байдлыг халж, хил гаалийг хүнд сурталгүй, авлигагүй, бизнесийн салбарынханд ээлтэй байхаар зохицуулж байгаа гэж мэдэгдсэн юм. Энэ дагуу УИХ-ын чуулганаар Хилийн боомтын тухай хуулийг баталж, ирэх сарын  1 -нээс хэрэгжиж эхлэхээр болж байгаа юм. Мөн хуулийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Хилийн боомтын нэгдсэн захиргаа байгуулахаар болж байгаа.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар хилийн боомтын нэгдсэн захиргааны төсвийн асуудлыг шийдвэрлэлээ. Боомтын захиргаа нь боомтын хяналтын байгууллага болон аюулгүй байдлыг хангах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулах үүрэгтэй.

Энэ хүрээнд Хилийн боомтын нэгдсэн захиргаанд хил, хяналтын байгууллагуудаас шилжүүлэх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зарим сайд нарын төсвийн багцаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төсвийн багцад төсөвт зардал шилжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зохицуулалт хийж хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг батлав

Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Мөн Хилийн боомтын нэгдсэн захиргаа байгуулж байгаатай холбогдуулан боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудаас шилжих 128 орон тоо, урсгал зардлыг төсвийн тодотголоор боомтын нэгдсэн захиргаанд шилжүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгах, төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд тус байгууллагуудыг харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгажээ.

Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах, гадаад худалдаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл, хүнд суртал буурч, хилийн боомтод хийж буй хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой ажиллах ёстой юм.

Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн ес нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байгаа аж. Юутай ч боомтын төсвийн асуудал шийдвэрлэгдэж ирэх сарын 1-нээс боомтын үйл ажиллагаа шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхлэх юм байна.

Түүнчлэн тус хуралдаанаар гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн тарифын зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгажээ.

Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд шинэчлэн баталсан боловч зөвлөлийн. нарийн бичгийн даргын үүргийг аль байгууллага хүлээх нь тодорхой бус байгаагаас Зөвлөл тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байсан юм.

Гаалийн тариф нь гадаад худалдааны бодлогын арга хэмжээний хэрэгсэл болохын хувьд зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яам хүлээж, зөвлөлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэж үзэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн байна.