
С.Ганбаатар гишүүний бухимдал дээд цэгтээ хүрчээ
УИХ-ын бие даагч гишүүний нэг С.Ганбаатарын уур бухимдал дээд цэгтээ хүрсэн бололтой.
Тэрбээр бие даагчдын зөвлөлийн мэдээллийн үеэр Засгийн газрын гишүүдийн суудалтай холбоотойгоор асуулт асуухад ёстой л “Готов нь ч авна уу, Шадав нь ч авна уу” гэдэг шиг хариулт өгөв.
Өөрөөр хэлбэл Засгийн газарт хэн байх нь чухал биш. Зөвхөн давхар дээлтэн байх нь л зохисгүй гэж ярьж байв. Тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч ч байна уу, Эдийн засгийн хөгжлийн сайд байна уу хамаагүй. Давхар дээлтэй бүх сайд бушуухан огцроосой” гэсэн юм.
Мөн бие даагчид анхнаасаа давхар дээлийн эсрэг байр суурьтай байгаа гэдгээ ч дуулгав. Тиймдээ ч байр сууриа тууштай хадгалж яваа учраас бараг л “Долоон уулын цаагуур далд ор” гэж байгаагаас ялгаагүй шахам уурлаж бухимдаж байсан юм.