Р. Бурмаа: Эрх баригч нам бүхнийг шийддэг тэр нийгэм рүү орох нь
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.05.12

Р. Бурмаа: Эрх баригч нам бүхнийг шийддэг тэр нийгэм рүү орох нь

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Та Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”- ийг хугацаа алдалгүй тайлуулах хүсэлтэй байж, намынхаа эсрэг кноп дарсан дөрвөн гишүүний нэг. Хэрэв Засгийн газарт хөдөлгөөн орвол эдийн засаг улам тогтворгүй болно. Та яагаад эсрэг санал өгсөн юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь учир дутагдалтай байна. Тиймээс Ерөнхий сайд нь давхар байгаад бусад нь давхар алба хашихгүй” гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. УИХ- аас “Чиг үүргийн сайд нар нь "давхар дээл”-тэй байж болно” гэсэн шийдвэр гарсан. Сайд нарын “давхар дээл”-ийг 2014 эсвэл 2016 оноос тайлна гэсэн сонголтоор санал хураалт явуулсан. Миний хувьд “Нэгэнт чиг үүргийн сайд нарыг УИХ- ын гишүүн байхыг  зөвшөөрөөд салбарын сайд нарыг л гишүүн биш байх тохиолдолд 2016 оныг хүлээгээд яахав.

Одоо хэтэрхий олон сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж буйг болиулах боломж нь байна” гэсэн байр сууринаас саналаа өгсөн. Хэрвээ Ерөнхий сайд нь УИХ-аас, бусад нь гаднаас гэсэн санал хураалтын дүн гарсан байсан бол оны хувьд 611 бодох л байсан. Энэ хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдаж байхад сайд нарын 50 хувь нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүн давхар хашиж болох санал гаргаж байлаа.

Харамсалтай нь энэ саналыг манай бүлгийн дарга Д.Эрдэнэбат татаж авсан. Харин санал хураалтын явцад УИХ-ын гишүүн чиг үүргийн сайд нар байж болно гэсэн заалт дэмжигдсэн л дээ. Тэгэхээр чиг үүргийн сайд нар үлдээд, намын нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүд маань сайдаа хийгээд үлдэх юм бол цаана нь долоо, найман сайдын асуудал байгаа юм. Угтаа 19 сайдын 50 хувь нь нэг дор өөрчлөгдөх юм бол Засгийн газрын тогтворгүй баидал, огцрох тухай асуудал хөндөгдөнө.

Иймд хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлээд эхэлсэн бол сайд нарыг үе шаттайгаар өөрчлөх боломжтой байсан. Тухайлбал, эхний ээлжинд 3-4 салбарын сайдыг УИХ-ын гишүүн бус хүнээр томилчих, дараа нь дахиад тийм тооны сольчих юм бол Засгийн газар огцрох тухай асуудал байхгүй шүү дээ. АН-д сайдын албыг хашчихаар чадварлаг хүмүүс бий.

-Та яагаад заавал зарим сайдыг солих шаардлагатай гэж үзээд байгаа юм бэ?

-“Тодорхой салбарын сайдууд болохгүй байна, хөрөнгө оруулагчдыг үргээчихлээ” гэж маш их шүүмжлэл дагуулж байгаа. Ерөнхийлөгч хүртэл “Үнэхээр болохгүй байгаа сайд нарыг солих эрх нь Ерөнхий сайдад байгаа” гэж телевизийн ярилцлагад орохдоо хэлж байсан. Бодит байдал дээр зарим сайдын ажил үүрэг нь хангалтгүй байхад Засгийн газраа тогтвортой байлгана гэсэн нэрээр 2016 оныг хүртэл яваад байх уу. Хэрэв ингэвэл улс оронд, ард түмэнд хохиролтой. Дээд тал нь долоо, найман сайдыг сольчихвол Засгийн газарт айхтар бэрхшээл үүсэхгүй. Цаана нь яамдад хоёр дэд сайд байна. Төрийн нарийн бичгийн дарга, яаманд байгаа бүхэл бүтэн аппарат ажилладгаараа ажиллаад л явна. Гагцхүү УИХ-ын гишүүн бус хүн сайдад томилогдсоноор тухайн салбарт илүү анхаарал төвлөрнө.

-Ер нь сайд нарын “давхар дээл”-ийг тайлах асуудал яагаад өмнөх засгийн үед яригддаггүй байсан юм бэ?

-Өмнө 11 сайдын ес нь “давхар дээл”-тэй байлаа гэхэд УИХ-ын үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлдэггүй байсан. Одоо айхтар нөлөө үзүүлж байна. Наад зах нь ирцийн асуудал байна. Засгийн газрын гишүүдийн асуудлыг ярих болохоор 17 сайд бүгд ирээд чуулганы хуралдаанд суучихдаг. Харин залгуулаад агаарын бохирдлын асуудлыг яриад эхлэнгүүт хоёрхон сайд сууж байх жишээтэй. Өглөө нь картаа хийгээд ирцэнд бүртгүүлчихээд гараад явчихаар энэ нь дараагийн оруулж ирж байгаа бүх хуулийн төсөлд эсрэг санал өгсөн болдог. Давхар алба хашихаар цаг зав муутай, сайдынхаа ажил руу яараад явчихдаг. Гэтэл УИХ-д тэдний суудал нь хоосон, кноп нь тэдний өмнөөс эсрэг санал өгсөн болж гардаг.

Бид хэдий болтол “Асуудал алга” гээд нүдээ таглачихаад "Намайг олоорой би нуугдчихлаа” гэдэг жаахан  хүүхэд шиг явах юм бэ.

Засгийн газрын гишүүдэд кабинетын зарчим гэж бий. “Аль нэг сайдынхаа өргөн барьсан хуулийн төсөл, тогтоолын төслийг кабинетын зарчмаар дэмжинэ” гэдэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрынхаа өргөн барьсан бичиг баримтын эсрэг байр суурь илэрхийлэхгүй, дуугарахгүй, шүүмжлэл өгөхгүй гэсэн байр суурьтай гэсэн үг. Засгийн газрын оруулж ирж байгаа зарим хууль, тогтоолын төсөл боловсруулалт тааруу, шаардлага хангахгүй байгаа нь ажиглагддаг.

Хэрэв тэд зөвхөн УИХ-ын гишүүн байсан бол маш соргогоор анзаарна. Сайн хууль гаргуулахын төлөө ажиллаж, шүүмжлэлтэй нүдээр харна. УИХ маань маш олон талаас хэлэлцэж, нягталж, тунгааж хууль тогтоомж гаргах ёстой. Гэтэл 17 хүн нь УИХ-ын гишүүний эрх үүргээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын шийдвэрээ кабинетын зарчмаар дэмжинэ гэдэгтээ барьцаалагдаж байгаа нь ажиглагддаг.

-УИХ чанартай хууль тогтоомж гаргахгүй байна гэж хэлэх гээд байна уу?

-УИХ маань хэвийн үйл ажиллагаа явуулж байх ёстой. Бүрэн ирцтэйгээр гишүүд хэлэлцэж байгаа асуудалд анхаараад ухамсартайгаар товчлуураа дарах учиртай. УИХ маань ард түмнийг төлөөлж, гаргасан хуулийнхаа хэрэгжилтэд болоод Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. УИХ-ын 76 гишүүний 39 нь ирвэл ирц бүрддэг. Улмаар тэдний 19,20 нь сайд байх юм бол яах вэ. Энэ тохиолдолд УИХ Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавих чадамжгүй болно. Ийм байдалд одоогоор хүрээгүй ч анхаарах ёстой асуудал.

-УИХ-аас ажлын хэсэг байгуулаад Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой байдаг биз дээ?

-Тиймээ. Гэтэл дахиад л өөрсдөөр нь Засгийн газрын гишүүдийн оролцуулсан ажлын хэсэг байгуулдаг. Энэ нь эргээд сайд хүн сайдынхаа ажилд зарчимч маягаар хяналт тавьж чаддаггүй хүргэдэг. УИХ хууль тогтоох чиг үүргээ биелүүлж, Засгийн газраас хараат бус байх ёстой. Харин одоо Засгийн газраас хараат болчихлоо. Бүр УИХ маань Засгийн газрынхаа утсан хүүхэлдэй болох аюул харагдаж байна.

Энэ нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт унагаж байгаагаар харагдлаа. Намын удирдлагаас гишүүддээ чиглэл өгч, эсрэг санал гаргасныг нь намаас хөөнө, хасна гэж айлгадаг үзэгдлийг саяын энэ санал хураалт ил болгож байна. УИХ-ын дээр Засгийн газар гарч, толгойд нь намын удирдлага гэж цөөхөн хүн суучихаж. Бид 1990 оноос энэ байдлыг өөрчлөхийн тулд явсаар ирсэн. Өнгөрсөн 25 жилийн хөдөлмөр зүтгэлээ ингэж талаар болгомооргүй байна. Эргээд эрх баригч нам, намын төв хороо бүхнийг шийддэг тэр нийгэм рүү орох нь байна шүү дээ.

-Санал хураалт болохын өмнө танай намын бүлэг хуралдаад тоглоомын дүрмээ баталчихсан байсан гэсэн. Сайд нарын давхар дээлийг тайлах хуулийг2016 оноос хэрэгжүүлэх дээр бүгд санал нэгдчихээд яг санал хураалгахад та дөрвөн гишүүн тохирооноосоо буцчихсан юм биш үү?

-Бүлэг дээр санал хураалт явуулахад эсрэг саналтай байгаа хүмүүс нээлттэй хэлсэн. Харин би цөөнх болсон хэсэгт байсан бөгөөд “Би бүлэг дээр сайн нягталж ярьсангүй. Итгэл үнэмшил төрөөгүй нөхцөлд энэ бүлгийн олонхиор гаргасан шийдвэрийг дагахгүй шүү” гэдгээ хэлсэн.

-Тэгэхээр та эсрэг санал өгөхөө анхнаасаа хэлж байж ээ?

-Тиймээ. Би бүлгийн хурал дээр эсрэг санал өгнө гэдгээ анхнаасаа хэлээд яваад байгаа. Сүүлд ч гэсэн Төрийн байгуулалтын байнгын хороон дээр намын гишүүд “Сайд нарын “давхар дээл”-ийг 2016 оноос хэрэгжүүлэх шийдвэрт санал өг” гэхэд “Би энэ оноос хэрэгжүүлэхэд нь саналаа өгнө” гэдгээ хэлсэн.

-Р.Бурмаа гишүүн хоёр ч сонгуулийн хууль дээр ажилласан. Хуулиа маш сайн мэддэг хүн атлаа ингэж намынхаа эсрэг санал өгсөн нь олон нийтэд хардлага дагуулаад авсан. Тухайлбал, “МАН-ынхантай ижил байр сууринаас кноп дарсан нь ямар нэгэн ашиг сонирхол агуулсан байж таарна” гэж байсан л даа...

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг МАН санаачлаагүй. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” хийх алхмын хүрээнд санаачилсан хууль. Төрийн данхар бүгцийг багасгах Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжинэ гэж эрх баригч, сөрөг хүчний гишүүд бүгд гарын үсэг зурсан. Тэгэхээр би сөрөг хүчин гээд байгаа МАН-ынхантай тохирчихоод тэдний санаачилсан хуулийг дэмжээд яваад байгаа юм биш.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна. “Засгийн газрыг огцруулахгүйгээр тогтвортой ажиллагааг нь дэмжээд зарим нэг сайдыг сольчихвол УИХ, Засгийн газар маань хэвийн, чанартай ажиллах юм байна” гэж харсан миний итгэл үнэмшил. Тэрнээс МАН-ын зүгээс “Тэг ингэ” гэж дарамталсан юм ч байхгүй. Тэдэнтэй хуйвалдаад хаа нэг газар ямар нэгэн тохироо хийгээд яваагүй.Тэгэхээр би дахин хэлье. Ерөнхийлөгчийн ухаалаг төр рүү хийх алхмыг одооноос хэрэгжүүлж эхэлье гэсэн саналыг дэмжиж тийм шийдвэр гаргасан.

-АН-ын Хяналтын хорооны дүгнэлт танд ирсэн байх. Жагсаалтаар орж ирсэн таныг намаас хөөвөл Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ гишүүн болно гэсэн мэдээлэл нэлээд цацагдсан. Ер нь намын дүрэмд эсрэг санал өгсний төлөө ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Хяналтын хорооны дүгнэлт миний өмнө байж байна. Намайг хөөх болсон үндэслэлийг нь намын дүрмийн зүйл заалтаар нь аваад үзвэл “Өөрийн нам дангаар болон хамтарч байгуулсан Засгийн газар, сонгогдсон Засаг даргыг намын шийдвэрийг зөрчин огцруулсан нь тогтоогдвол намаас хасна” гэсэн байгаа. Миний өгсөн саналаас болоод Засгийн газар огцорчихоогүй. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг юм болоод байна л даа.

Өмнө 11 сайдын ес нь “давхар дээл”-тэй байлаа гэхэд УИХ-ын үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлдэггүй байсан

Намын хариуцлага гэж бий л дээ. Энэ шийтгэлийг ноогдуулахдаа ҮЗХ-ны хуралд танилцуулж, дэмжлэг авсны үндсэн дээр намын удирдлага шийдвэр гаргана. Үүнээс өөр тохиолдолд намаас гаргах шийтгэл ноогдуулахгүй. Тэгэхээр үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хуралдуулах ёстой. Манай намын ҮЗХ жилд хоёроос доошгүй удаа хуралдах байтал сонгуулиас хойш нэг ч хуралдаагүй. Жигүүр байгуулагдаж, хурлаа зарлахыг шаардаад ч нэмэр болсонгүй.

-Х.Баттулга сайд давхар дээлээ тайлах хүсэлтээ гаргачихлаа. Энэ байдлаас засаг хөдөлж магадгүй гэсэн шум яваад байна л даа...

-Нэг гишүүн чөлөөлөгдье гэхээр засаг хөдөлнө гэж таамаглаж болохгүй. Ерөнхий сайдад өөрт нь маш том эрх мэдэл байгаа шүү дээ. Зарим сайдаа чөлөөлж, солих эрх нь түүнд бий. Гэтэл бүлгийн хурал дээр асуудалтай сайдуудаа нухацтай ярья гэхээр “Ямар ч асуудал байхгүй, намын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан. Тэрийг дага” гээд байна. Бид хэдий болтол “Асуудал алга” гээд нүдээ таглачихаад "Намайг олоорой би нуугдчихлаа” гэдэг жаахан  хүүхэд шиг явах юм бэ. Үнэнээс нуугдаж чадахгүй шүү дээ. Надад Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд сард 140-150 иргэний өргөдөл гомдол ирж байна. “Гарч байгаа хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрүүд зөрөөд байна, тэтгэвэр авах гэтэл болохгүй байна”, "Ийм ажил эрхлэх гэсэн чинь тийм саад бэрхшээл тулгарлаа” гэх зэрэг өргөдөл гомдол байнга ирдэг. Энэ нь асуудал байгааг харуулж байна шүү дээ.

Засгийн газрын бичиг баримт сайн, тэрийг нь дэмжээд явахаас өөр аргагүй байсан бол ондоо хэрэг. Гэтэл Засгийн газрын оруулж ирж байгаа бичиг баримтуудад нэлээд өөрчлөлт орж байна. Тухайлбал, Боомтын тухай хуулийн төслийнх нь ажлын хэсгийг М.Батчимэг гишүүн ахлаад явсан. Уг төслийн 50- иас дээш хувьд нь өөрчлөлт орсон. Төрөөс эрдэс баялгийн салбарыг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг анх Засгийн газраас оруулж ирэхэд маш хангалтгүй, түүхий юм байсан. Ажлын хэсгийг С.Одонтуяа гишүүн ахлаад 50-иас дээш хувьд нь өөрчлөлт оруулсан. Уг нь ийм хангалтгүй төслүүдийг Засгийн газарт буцааж өгөх ёстой. Харин ч бид Засгийн газрыг дэмжээд түүхий төслүүд дээр нь цаг, хүчээ зориулж засч янзалж гаргаж байна.

-Хяналтын хорооны шийдвэрийн дараа Х.Баттулга сайд та хоёрын хамт авахуулсан зураг цахим хуудсаар нэлээд тарсан. Таныг түүний ятгалгад автаж, ямар нэгэн албан тушаалын тохироо хийчихсэн юм биз гэсэн яриа тарсан. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Т ийм зүйл үнэндээ байхгүй. Харин тэр зургийн тухайд Баянхонгор аймгийн Баянлиг суманд шинэ сумын нээлтэд оролцоод явж байхдаа овоон дээр түр зогсч авахуулсан юм. Х.Баттулга сайд дараа нь жиргэчихсэн байна лээ. Х.Баттулга сайд намын даргад “Энэ хөөх шийдвэрээ эргэж хараач ээ, ийм асуудал байж болохгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж байгаа хэрэг” гэж саналаа хэлж байсан. Гэтэл намын дарга маань түүний саналыг хүлээж аваагүй. Ингээд Х.Баттулга сайд “Би ч бас хөөгдье" гэсэн.

-Та одоо МоАХ-нд харьяалагдаж байгаа бил үү?

-Тийм.

-МоАХ ҮЗХ-г шахаж хуралдуулан АН-д эргэлт хийх алхам болно гэж үзэгсэд байгаа?

-Юу нь эргэлт байхав дээ. АН бол дүрмээ сахиад хуралдаад явж байх ёстой. ҮЗХ хуралдана гэхээр элдэв хар санаа гаргаад байх шаардлагагүй. Нам доторх аливаа асуудлыг дарж, цөөхөн хүн толгойд нь шийдээд байвал буруу тийшээ явна. Аль болох нээлттэй, гишүүдээрээ яриад явбал АН зөв замаар л явна.

-Та Хяналтын хорооны шийдвэрт бухимдаж, бүлгийнхээ хаалттай хуралдааны үеэр гишүүд рүү үсчин, “Та нартай нэгийгээ үзнэ ээ” гээд хаалга саваад гарсан сурагтай. Үнэхээр бүлгийн гишүүдтэйгээ зөрчилтэй байгаа хэрэг үү?

-Тийм зүйл байхгүй. Би бүлгийн хуралдаа суугаад явж байна. Харин сонин хэвлэлд бичсэн шиг зүйл бүлгийн хурал дээр болоогүй. Үүнийг бүлгийн ажлын албаны хүмүүс нотолно. Би зарчим л ярьсан. Энэ тухай хуралдааны протоколд хүртэл тэмдэглэсэн байна.

-Таныг Дорнод аймагт дүүгээ Засаг дарга болгох гээд тэнд очиж нэлээд бужигнуулсан сурагтай байсан?

-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл байна. Манай дүү Дорнодын МАН-ын гишүүн биш, одоо нам бус. Улаанбаатарт амьдардаг, хувийн бизнес эрхэлдэг. Миний хувьд харин ч АН-аас нэр дэвшсэн Ганбатыг Засаг дарга болоход нь дэмжсэн.