С.Бямбацогт: ЭЗХЯ бус эдийн засгийн хямралын яам боллоо
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын даргад дөнгөж сая өргөн барилаа. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулснаа хүргэж байна.
- Н.Батбаяр сайдыг ямар үндэслэлээр огцруулахаар болсон юм бэ?
-Ер нь огцруулах үндэслэлийн талаар удаа дараа ярьж байсан. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн банкны хууль гэх мэт олон хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Монгол улсын үндэсний аюулгүй зөвлөлөөс үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн байна гэдгийг хөндсөн. Заавал хууль дүрэм гэлтгүйгээр бид өдөр бүр эдийн засаг хүндэрч байгааг харж байна. Оюутолгой компани 300 ажилтнаа цомхотголоо, Изинис компани дампуурлаа. "АПУ" компани ажилчдынхаа цалинг 50 хувиар буурууллаа, хүмүүсээ халлаа гэдэг мэдээлэл сонсогдож байна. Иргэд талхийг таллаж авдаг болсон байна.
Махыг граммаар нь бүр нохойнд өгдөг жижиглэнг авдаг болсон байна.
Гадны хөрөнгө оруулалт буурлаа. Монгол улсын зээлжих зэрэглэл долоо хоногт тутамд буурч байна гэдэг мэдээллийг өдөр бүр бид сонсож байгаа. Монгол улсын эдийн засаг хямралын байдалд орж байна. Эдийн засгийн хөгжлийн яам бус эдийн засгийн хямралын яам боллоо.
6- Хариуцлагагүй ажилласан албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шаардсан. Шаардлагыг хүлээж аваагүйг та бүхэн юу гэж харж байгаа вэ?
- Бид энэ талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ хүн Монгол улсынхаа эрх ашгийг бодохгүй байна. Тиймээ монголчуудынхаа өмнөөс ард иргэдийн амьдралыг доройтуулж байгаа сайдыг огцруулъя гэж бүлэг үзэж байна.
7- Н.Батбаяр сайдыг огцруулах саналыг өмнө нь тавьж байсан. Харин АН-ын бүлэг олонхоороо аваад үлдсэн. Энэ удаа тэгэх болов уу?
- Урьд нь бүх зүйл сайхан байна. Муу зүйл битгий ярь. Монгол улсаа галзуу хөгжүүлж байгаа гэж ярьдаг байсан. Бодит байдалд хүн бүрт ногдох зээлийн хэмжээ нэмэгдээд ядуурал газар авснаас биш эдийн засаг өсөөд байгаа зүйл алга. Дээрээс нь валютын ханш өсч, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа. Энэ үед ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд маань ямар шийдвэр гаргахыг харъя даа.
7- АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ш.Түвдэндоржийг ҮХААЯ-ны дараагийн хүнээр тодрууллаа. "Давхар дээл"-тэй гишүүн ороод ирлээ гэдэг шүүмжлэл байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
- Эрх баригчид л бодлогоор оруулж ирж байна шүү дээ. Ямар учраас оруулж ирсэн юм бүү мэд. "Давхар дээл"-ийг бид шүүмжилж байсан. Гэхдээ Ш.Түвдэндоржийг сонгох үгүйг УИХ эцэслэн шийдвэрлэнэ.