А.Түвшинтулга: Эрүүдэн шүүхийн эсрэг хараат бус байдлыг зарим хууль алдагдуулчихлаа
Монголын Эмнести интернэшнл ТББ
2014.05.14

А.Түвшинтулга: Эрүүдэн шүүхийн эсрэг хараат бус байдлыг зарим хууль алдагдуулчихлаа

“Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас эрүүдэн шүүхийн эсрэг амлалтыг 30 жилийн турш биелүүлэхгүй ирсэн талаар мэдээллийг өчигдөр хийлээ.

НҮБ-аас 30 жилийн Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг баталсан. Гэвч энэхүү конвенцид нэгдэн орсон дэлхийн олон улс, ялангуяа Монгол Улс үүргээ умартаж байгааг тэд онцоллоо. “Эмнести интернэшнл” байгууллагаас дэлхийн 21 улсад судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 44 хувь нь өөрийн улсдаа баривчлагдвал ямар нэгэн байдлаар эрүү шүүлтэд өртөнө гэсэн айдастай байгаа гэжээ.

Гэхдээ 36 хувь олон нийтийг хамгаалахын тулд мэдээлэл олж авахад зарим тохиолдолд эр үүдэн шүүлт байх ёстой гэж үзсэн гэнэ. Энэ хандлага БНХАУ, Энэтхэгт түлхүү байгаа нь тогтоогджээ. Харин Монгол Улсад эрүүдэн шүүлтийн хэлбэр байгаа эсэх, олон улсын гэрээ, конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгааг “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн дэд дарга А.Түвшинтулгаас тодрууллаа.

-Олон улсад эрүүдэн шүүлтийн хэлбэр байсаар байгааг иргэд нь хүлээн зөвшөөрдөг тухай судалгааны дүн гарчээ. Манайд ч ялгаагүй эрүүдэн шүүлт байдгийг нотлох баримтууд гарч ирснийг та санаж байгаа байх. ХЭҮК-оос ч энэ тухай мэдэгдэх болсон?

Тайлан судалгааг харахад 30 сар хүртэл хорьсон тохиолдол гарсныг онцолсон

-Эрүүдэн шүүх нөхцөл байдал ямар байгааг Монгол Улс олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ хэр биелүүлсэн бэ гэдгийг харж болно. Засгийн газар дөрвөн жил тутамд НҮБ-д энэ талаар тайлагнах үүрэгтэй. Монгол Улс хоёрдахь илтгэлээ ирэх арваннэгдүгээр сард тайлагнана. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК- оос эрүүдэн шүүх хэлбэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байсаар байна гэсэн дүгнэлтийг гаргасан байсан. Үүнтэй манай байгууллага санал нэг байгаа.

-Хэрэгт сэжиглэгдэж байхад эрх нь ноцтойгоор зөрчигдсөн иргэд олон байдаг. Тэднийг эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр биз дээ?

-Нэг чухал асуудал нь цагдан хорих хугацаа. Эрүүгийн байцаан  шийтгэх хуулиар 24 сар байдаг. Гэтэл ХЭҮК-оос хийсэн Тайлан судалгааг харахад 30 сар хүртэл хорьсон тохиолдол гарсныг онцолсон байсан. Хугацаа хэтрүүлсэн үйлдлийг эрүүдэн шүүхийн хэлбэр үүсч байна гэж үзэж болно. Манай хуульд цагдан хорих үндэслэлийг нь заачихсан мөртлөө суллах үндэслэл нь тодорхойгүйгээс ийм зөрчил гарч байна. Мөн байцааж буй хүнээ цагдан хорих төвийг сэлгэж дамжуулдаг зөрчил бий. Улмаар ар гэрийнхэнтэй нь уулзах нөхцлийг хязгаарладаг гэсэн дүгнэлтийг хийсэн байна лээ.

-Тэгвэл манайд байсаар байгаа шалтгаан нь юу вэ?

-Манайх  эрүүдэн шүүгчтэй хариуцлага тооцдоггүй нь тэднийг улам өөгшүүлдэг. Бас хэн нэгэн баривчлагдахад хамгаалах эрхзүйн орчин байдаггүй.