Шадар сайд Д. Тэрбишдагва мэндчилгээ дэвшүүллээ
ОХУ-ын Эх орны дайны ялалтын баярын 69 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва мэндчилгээ дэвшүүллээ.
2014.05.09

Шадар сайд Д. Тэрбишдагва мэндчилгээ дэвшүүллээ

Хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн аймшигтай, олон сая хүний амь эрсдэж 1418 өдөр, шөнө үргэлжилсэн, Аугаа Их Эх орны дайн 69 жилийн өмнө Оросын ард түмний гайхамшигт ялалтаар дууссан өдөр.

ОХУ-ын Эх орны дайны ялалтын баярын 69 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын  Монголын хэсгийн  дарга Д.Тэрбишдагва мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхийн II дайны аймшигт сар өдрүүдийг манай хоёр улсын ард түмэн хамтарч туулсан. Тэр хүнд он жилүүдэд БНМАУ-д “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” хэмээх уриан дор Зөвлөлтийн ард түмэнд хамаг хүчээ шавхан туслах хөдөлгөөн өрнүүлж, Монгол түмэн оюун  санаа, эд хөрөнгө, санхүүгийн сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж байсан. Үүний тод илрэл нь “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол Ард” онгоцны эскадрил, хагас сая шахам агт сайн морьдыг  Зөвлөлтийн зэвсэгт хүчинд нийлүүлсэн явдал юм.

Дайн тулааны хүнд бэрх үед ч, энх цагийн бүтээн байгуулалтын  жилүүдэд ч хувь заяагаар холбогдсон мөнхийн хөрш Монгол, Оросын ард түмэн  мөр зэрэгцэн тэмцэж, хөдөлмөрлөж, бүтээж босгож ирсэн нь няцаагдашгүй түүхэн үнэн юм. Иймд Монгол хүний зүрх сэтгэлд Оросын ард түмэн ахан дүүс мэт ойр дотно байдаг юм.  

Эрхэм хүндэт ахмад дайчид, анд нөхөд өө !  Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулсан дайчид, түүнчлэн өнөөг хүртэл бидэнд үлгэр дууриал, амьд түүх болж яваа азай буурал ахмад дайчид Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье.

Эх орны дайнаас гэртээ буцаж ирээгүй цэрэг эрсийн гэгээн дурсгал манай ард түмнүүдийн сэтгэл зүрхэнд үүрд үлдэх учиртай. Даян дэлхий минь энх амгалан байж, эрдэнэт хүний амь эрсдэх дайн дажин дахин бүү давтагдаасай.

Манай хоёр орны ард түмний найрамдал үеийн үед мөнхжин бадартугай !