“ Монгол цэргийн жавхаа” уралдааныг Зэвсэгт хүчний 120-р анги тэргүүллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
2-р сараас эхэлсэн тус уралдаанд 30 анги, байгууллага оролцсоноос төгсгөлийн шатад Зэвсэгт хүчний 353, Хилийн 0151, Зэвсэгт хүчний 120, Хилийн 0164, Зэвсэгт хүчний 032, Зэвсэгт хүчний 311, Зэвсэгт хүчний 017, БХИС, Зэвсэгт хүчний 150 дугаар анги шалгарсан юм.
Нийт цэргийн анги, байгууллагууд 677,1 сая төгрөгийн тохижилтын ажил хийсэн гэдгийг “Монгол цэргийн жавхаа” уралдааны зохион байгуулагчид онцолж байна.
Энэ жилийн хувьд цэргийн анги, байгууллагыг жагсаалын үзүүлбэрээс гадна тухайн ангийн тохижилт, албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд алба хаах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг гол шалгуур үзүүлэлт болгосон.Уралдааны шалгуурын дагуу Улаанбаатар хүрээний цэргийн анги, байгууллагууд ангийнхаа гадна, доторх тохижилт, ногоон байгууламжад онцгой анхаарч, өнгөрсөн жилээс илүү дэвшилттэй ажилласан гэдгийг шалгаруулалтын ажлын хэсэг онцолж байна.
Тухайлбал ангийн ногоон байгууламжийг сэргээж, мод бүрийг паспортжуулан эзэнтэй болгож, албан хаагчид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, танхимыг ая тухтай байхаар тохижуулан, анги бүр усан оргилууртай болжээ. Мөн цэргийн ангидаа хяналтын нэгдсэн камерын системийг суурилуулсан гээд эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Уг уралдааны хүрээнд нийт цэргийн анги, байгууллагууд 677,1 сая төгрөгийн тохижилтын ажил хийсэн гэдгийг “Монгол цэргийн жавхаа” уралдааны зохион байгуулагчид онцолж байна.
Харин төгсгөлийн шалгаруулалтад шалгарсан 9 анги өнгөрсөн бямба гарагт Их эзэн Чингис хааны талбайд жагсаалын үзүүлэх тоглолтоо хийж шилдгүүд тодорлоо. Ингээд 2 дахь жилдээ зохион байгуулагдсан “Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн байранд Зэвсэгт хүчний 120-р анги, дэд байранд Хилийн цэргийн 0151-р анги, гутгаар байранд Зэвсэгт хүчний 353-р анги, тусгай байранд Хилийн цэргийн 0164-р анги шалгарлаа.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу уралдааны тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг 2 өрөө орон сууцаар шагнаж, тус ангиудад үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл олголоо.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу уралдааны тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг 2 өрөө орон сууцаар шагнаж, тус ангиудад үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл олголоо. Харин тусгай байранд шалгарсан ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл, 4 сая төгрөгөөр урамшууллаа.
Шилдгээр тодорсон анги, байгууллагын дарга нар “ Монгол цэргийн жавхаа уралдаан нь цэргийн байгууллага албан хаагчдыг дэмжсэн бодитой үйл ажиллагаа боллоо. Бидний хамгийн том бэрхшээл болох орон сууцны асуудлыг энэ уралдаанаар шийдэж өгсөнд талархал илэрхийлье” гэсэн юм. Энэ жил тэргүүн байранд шалгарсан Зэвсэгт хүчний 120-р анги нь анхдугаар уралдаанд тусгай байранд шалгарч байсан юм.
Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдааны үеэр Улаанбаатар цэргийн хүрээний 2014 оны нэгдүгээр ээлжаар халагдаж буй хугацаат цэргийн албан хаагчдыг халах үйл ажиллагааг хамтатган зохион байгууллаа. Мөн халагдсан дайчдыг ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад бүртгэх ажлыг дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч байгууллагууд Төв талбайд явуулсан юм.
Нийслэлийн иргэдэд болон халагдсан цэргүүдэд зориулсан Нийтийн үдшийн цэнгүүн Их эзэн Чингис хааны талбайд болсноор “Монгол цэргийн жавхаа” хоёрдугаар уралдаан өндөрлөлөө