Д.Алтангэрэл: Албан хаагчдаа сургаж, дадлагажуулах тал дээр бодлогын хүрээнд ажиллаж байгаа
“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийн ээлжит зочноор ОБЕГ-ын тамгын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Алтангэрэлийг урьж оролцууллаа.
- Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, боловсон хүчний бодлогоо хэрхэн зохицуулдаг вэ?
Бид энэ онд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлж, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажлаа төлөвлөж, улирал, хагас, бүтэн жилээр үр дүнгээ тооцож, тухай бүр нь ажлын идэвхийг өрнүүлэн ажиллаж байгаа.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь Монгол улсын Засгийн газар, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээнээс гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын тэгш оролцоо, тэдгээрийн үүрэг хариуцлага, харилцаа, хамтын ажиллагаан дээр тулгуурлаж Монгол улсад гамшигтай тэмцэх чадавхи сайжрах учиртай.
Одоо иргэдийн осол, аливаа аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах мэдлэг чадвар дутмаг, үүнээс гадна зарим иргэдийн хайхрамжгүй, назгай байдлаас үүдэн гарах аюулт үзэгдлийн хэмжээ улсын хэмжээнд төдийлөн буухгүй байгаа дүн харагдаж байгаа мартаж болохгүй. Энэ нөхцөл байдлыг багасгах нэг хүчин зүйл нь иргэд, аж ахуй нэгж байгууллагын хариуцлага ихээхэн хувь нэмэр оруулна.
Энэ оны эхний улирлын байдлаар бид 180 гаруй албан хаагчийг гэрээт, хамтын ажиллагаатай 10 гаруй оронд сургаж, дадлагажуулж байгаа
Иймээс Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүрээнд хийх бодлого, зорилтыг бид зориглон шинээхэн ажлуудыг хийж эхлүүлээд байгаа. Өнөөгийн санхүү хөрөнгө хүндхэн байгаа үед бид Онцгой асуудал эрхэлсэн байгууллагын хүрээнд өөрийн хүний нөөцөд тулгуурлаж ниргэсний дараа нь хашгирав биш, урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч байгаа.
Аймаг, Нийслэл, Дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэст урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэшсэн албан хаагчдаар бүрдүүлж томилон ажилд нь оруулаад байна. Мөн албан хаагчдаа сургаж, дадлагажуулах тал дээр бодлогын хүрээнд ажиллаж байгаа.
Өнгөрсөн 2013 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүрээнд 240 гаруй албан хаагчийг хамтын ажиллагаатай ажилладаг 10 гаруй улс оронд туршлага солилцох, богино хэмжээний сургалтад хамруулж байсан. Энэ оны эхний улирлын байдлаар бид 180 гаруй албан хаагчийг гэрээт, хамтын ажиллагаатай 10 гаруй оронд сургаж, дадлагажуулж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй харагдаж байгаа нь бидний төлөвлөж, хэрэгжүүлж байгаа ажил эрчимтэй явагдаж байгаагийн нэг илрэл болж байгаа юм.