“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай 92 тоот зарлиг гаргаж, иргэдэд эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэл бүхий “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ.
Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 40 тоот тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлээд байгаа юм.
Оюутан-цэргүүд бямба, ням гариг бүрт 09.00-12.00 цагийн хооронд хичээллэдэг.
Уг арга хэмжээний хэрэгжилттэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, уг хөтөлбөрийг зохицуулагч, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Г.Мягмаржав нар танилцлаа. Тэд МУИС, ШУТИС, МУБИС-д очиж оюутан-цэргүүдийн хичээллэлтийн байдалтай танилцсан юм. МУИС, ШУТИС, МУБИС , БХИС гэсэн дөрвөн сургууль дээр 69 их, дээд сургуулийн оюутныг төвлөрүүлэн цэргийн эрдэм зааж байгаа юм байна. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байгаа ажээ.
Оюутан-цэргүүд бямба, ням гариг бүрт 09.00-12.00 цагийн хооронд хичээллэж Батлан хамгаалахын эрх зүй, ерөнхий тактик, галын бэлтгэл, тусгай бэлтгэл гэсэн дөрвөн төрлийн хичээл үзэж “Цэргийн ерөнхий бэлтгэл” гэсэн номыг судалж байна.
Оюутан-цэргүүдтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд хэлэхдээ “Монгол Улсын түүх бол монгол цэргийн түүх юм” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлдэг. Өөрөө цэргийн хүний хувьд Ерөнхийлөгчийн ажлыг харуулд гарсан цэргийн үүрэгтэй адилтгадаг. Оюутнууд өнөөдөр монгол цэргийн уламжлалыг мэдэрч, цэргийн эрдмийн онол, практикийг үзэж, оюутан ахуйдаа цэргийн алба хааж тангараг өргөнө гэдэг маш том бахархал, боловсрол, боломж юм.
Монгол Улсын түүх бол монгол цэргийн түүх юм
Та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхдагчид болсноороо маш их хариуцлагатай байж, ажил хэрэгч, бүтээлчээр хандаж, бусад оюутнууддаа үлгэр жишээ үзүүлэх ёстой. Удахгүй та нар “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж тангараг өргөнө. Та бүхний сурлага, цэргийн үйлсэд амжилт хүсье” гэлээ.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг зохицуулагч, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Г.Мягмаржав хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 92 тоот зарлигийн дагуу хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байна. Хөтөлбөрт 69 их, дээд сургуулийн оюутныг хамруулж сургалт зохион байгуулж байна. Оюутнуудын идэвх, чармайлт маш сайн байгааг онцолж хэлье. Оюутнууд шалгалт өгсний дараа албан ёсоор цэрэгт татагдаж хээрийн бэлтгэл сургуульд хамрагдана. Бүтэн жил цэргийн алба хаагаад халагдаж байгаа дайчидтай манай оюутнууд эн тэнцүү бэлтгэгдэж гарна гэдэгт итгэж байна” гэв.
Оюутнууд танхимын сургалтаа дуусгасны дараа зургадугаар сарын 15-наас Төв аймгийн Алтанбулаг дахь цэргийн ангид очиж дадлага хийгээд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр болох зургадугаар сарын 28-нд цэргийн тангараг өргөхөөр болжээ. Цаашдаа НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах үйлсэд оролцох хүсэлтэй олон оюутан байгааг илэрхийлж байлаа.