Т.Бадрал: Гамшгаас сэргийлэх нэг төгрөг, хохирол арилгах 10 төгрөгтэй тэнцдэг
Орчин цагийн гамшигаас сэргийлэх байгууллага байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна.
Тиймээс ОБЕГ-аас ойдоо тохиолдуулан олон үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар ОБЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тухайлбал иргэдэд гамшигаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт, гамшигийн үед ажиллах мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх зэрэг багтаж байгаа гэнэ.
Өнгөрсөн жил буюу 2013 онд ОБЕГ-ынхан нийт 2032 хүний амь насыг аварч, 26 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Гэхдээ зөвхөн гамшиг тохиолдсоны дараа ард иргэддээ яаралтай туслах болон амь насыг нь аврахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, иргэдэд таниулах үйл ажиллагаа чухал байгааг онцолсон юм.
10 жилийн ойгоо баяр наадам гэхээс илүү ОБЕГ-ын ажилчидын ажил, амьдрал, ард иргэдэд харьцаж байгаа харьцааг ойлгуулах тал дээр чиглэн ажиллаж байна
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал "Олон улсын жишигт гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа нэг төгрөг гамшигийн дараах хор хохирлыг арилгаж байгаа 10 төгрөгтэй тэнцэнэ гэж үздэг.
Монголын ард иргэд зуд, үер, ган гачигийн дараа хэдэн тэрбум төгрөгөөр хохирдог. Тиймээс ард иргэдэд энэ гамшигийн дараа хохироод үлдэх биш үүнээс урьдчилан сэргийлээч, одоо байгаа сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Үүнийг хийхэд манай хэвлэл мэдээллийн байгууллага чухал үүрэгтэй тул хамтран ажиллаж байгаа.
Ингэж чадвал өнөөдөр бидний зарцуулж байгаа нэг төгрөг дараа гарах 10 төгрөгийн зардалыг бууруулж байгаа гэсэн үг юм. Тиймээс ч бид үйл ажиллагааны 60-70 хувь нь гамшигаас урьдчилан сэргийлэх, 20-30 хувь нь хор хохирлыг арилгах чиглэлд ажиллахыг зорилтоо болгож байна.
Үүний тулд хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан иргэд, нийгэмд таниулах нь зөв гэж хичээж байгаа юм. Бид 10 жилийн ойгоо баяр наадам гэхээс илүү ОБЕГ-ын ажилчидын ажил, амьдрал, ард иргэдэд харьцаж байгаа харьцааг ойлгуулах тал дээр чиглэн ажиллаж байна" гэлээ.