Мэдэгдэл
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.05.05

Мэдэгдэл

Сүүлийн үед өмнөх жилүүдэд миний хашиж байсан алба, ажилтай холбоотой худал мэдээллийг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой давтамж, зохион байгуулалттайгаар түгээж байна.

Уг мэдээллүүд нь ор үндэсгүй, эсвэл худал нь нотлогдсон, эсвэл өөрсдийнх нь зохиосон таамаглал шинжтэй байна. Би нэгэнт улстөрийн өндөр албан тушаалд сонгогч олон, улс төрийн намыг төлөөлөн зүтгэж буй тул энэ бүх мэдээлэлд цаг тухай бүрт нь тодорхой хариулт, тайлбарыг өгч өөрийн буруугүйг нотолж байх үүрэгтэй.Мөн надтай хамт зүтгэж, төрийн албыг залгуулж байгаа хамт олон, төрийн албан хаагчдын нэр төрийг хамгаалах ёстой гэж үздэг учир энэхүү мэдэгдлийг хийх шаардлагатай гэж үзэж байна.

Надтай холбоотой гэгдэх тодорхой асуудлуудаар Авлигатай тэмцэх газар, Тагнуул, цагдаа, прокурорын байгууллага, Мэргэжлийн хяналт болон Аудитын газарт тухай бүрт нь шалгалт явуулж, холбогдолгүй гэдгийг нотолсоор ирсэн болно. Шаардлагатай үед би өөрөө хүсэлт гарган дээрх байгууллагуудаар шалгуулан гэм буруугүйгээ тогтоолгосоор ирлээ. Бодит байдал ийм байсаар байтал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэнийг илтэд гуйвуулан дайрсаар байгаа нь миний зүгээс үүний эсрэг арга хэмжээ авах, үнэнийг өмгөөлөн хамгаалах, төрийн байгууллагын нэр хүнд, надтай хамтран зүтгэдэг хамт олон, намайг дэмжин хүрээлдэг олон түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэх нөхцөлийг үүсгэлээ.

Би ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн төлөө 25 жил тууштай тэмцэж, төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө үнэнчээр ажиллаж ирсэн улстөрчийн хувьд хэвлэн мэдээлэх эрх чөлөө, түүний бие даасан байдлыг хүндэтгэдэг бөгөөд хэвлэл мэдээлэл нь шуурхай, оновчтой, шударга мэдээллийг нийгэмд түгээн дэлгэрүүлж, засаглалын ил тод байдлыг хангах, засаглалд хяналт тавих боломжийг олгодог гол хэрэгсэл гэж үздэг. Харин нэг нэгний гар хөл, цуу худал үгийг тараагч, үг худалдаалагч байхыг зөвшөөрөхгүй.

Цаашид Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөө, нэр хүндэд халдсан аливаа буруу ташаа мэдээлэл, зохион байгуулалттай үйлдлээ зогсоохыг сануулахын хамт намайг, надаар дамжуулан төрийн алба, улс төрийн намын нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл, тохиолдол бүртэй Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдье.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайд Л.БОЛД