Сангийн сайд Ч.Улаан
2014.04.21

1450 төгрөг нь өнгөрсөн болон ирээдүйн гурван жилийн дундаж тоо

Валютын ханшийн савлагаанаас үүдэн доллараар татвар төлдөг аж ахуйн нэгжүүдэд хүндрэл тулгарч байгаа. Тиймээс засгийн газраас онцгой албан татварын тухай хуулийг өөрчлөн үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлэн тооцон авдаг болох хуулийн төслийг их хурлаар хэлэлцүүлсэн.

Нэг долларыг 1450 төгрөгт тэнцүүлэн гаргаж ирснийг гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн төслийн үзэл санаа, татварын өөрчлөлт нь эдийн засагт үр нөлөө өгч эрчимжүүлэх нь дамжиггүй гэж гишүүд үзэж байлаа. Гол нь тогтмол 1450 төгрөгийн ханш гаргаж ирсэн нь санал зөрөлдөх шалтгаан болгосон юм. Энэ ханшийн хувьд доллараар авдаг татварыг үндэсний мөнгөн тэмдэгт рүү шилжүүлэхэд тэнцүүлж өгнө гэж хэлж болно. Угтаа бол тус хуулиар Монгол банкны тухайн өдрийн долларын ханшаар татвар төлөх журам өөрчлөгдөнө гэсэн үг. Өнөөдөр 1780 төгрөгтэй тэнцэх ханшийг 1450 төгрөг болгон бууруулах нь улсын төсвийг алдагдалд оруулна гэдэг байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд илэрхийлж байлаа.

1780 төгрөгтэй тэнцэх ханшийг 1450 төгрөг болгон бууруулах нь улсын төсвийг алдагдалд оруулна

2013 оны төсвийн орлогыг бүрдүүлэх ам.долларын ханшийг 1384 төгрөг гэж тогтсон. Өнөөдрийн ханшаас даруй 400 төгрөг бууруулна гэдэг амаргүй ажил болж таарсан. Хаанаас гарч ирсэн тоо болоод, одоо хэрхэх учиртай тоо вэ гэдэг асуултууд гарч ирсэн юм. Сангийн сайдын тайлбарласнаар бол төсөвт тусгагдсан төгрөгийг ам доллартай харьцах ханш болсон 1384 төгрөгт хүргэх боломж нь өрийн даацыг нэмэгдүүлэх гарц байсан гэв.  Үүнийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй нь боломжгүй болгосон гэж тайлбарласан. Тэгэхээр 1384 гэдэг тоо мөрөөдөл болж үлджээ.

Сангийн сайд Ч.Улаан: “Төсөв батлагдах явцад энэ ханш хэрэгжих бодлогод өөрчлөлт орсныг та нар мэдэж байгаа. Бид нар энэ жил 1.5-2 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалтыг эдийн засагтаа оруулна гэж тооцож, улсын өрийн хязгаарт өөрчлөлт оруулна гэж тооцож түүнтэйгээ уялдуулж 1384 гэдэг тооцоо гарч ирсэн. Төсөв батлагдах үед эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Улсын өрийн хязгаарыг хөдөлгөхгүй гэж тогтсон. Тэгэхээр энэ 1384 гэдэг ханш бол хэрэгжих эдийн засгийн бодлого нь байхгүй болчихсон.”

Харин онцгой албан татварын тухай хуультай цуг орж ирсэн 1450 төгрөг нь өнгөрсөн болон ирээдүйн гурван жилийн дундаж тоо гэж тайлбарласан. Гэхдээ энэ хэмжээгээр татвар хуримтлуулах нь төлөвлөгдсөн төсвийг нэмэгдүүлнэ. Харин гүйцэтгэлийн татварын орлого буурч таарах нь гэдэг тайлбарыг хийлээ.  Тиймээс тогтсон нэг ханшийг тогтоох эсэхийг дахин хэлэлцэхээр болсон юм. Төсвийн байнгын хороонд шилжүүлэн дахин хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонх нь шийдсэн юм.