УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.04.06

Ж.Энхбаяр: Оюутолгойн нэгж хувьцаа 25 долларын үнэтэй байсан бол өнөөдөр 2 доллар болжээ

Хятадын хөрөнгийн биржийн удирдлага Монголын улс төрчидтэй уулзалт хийжээ. Энэ үеэр манай улсын харъяат компаниудын хувьцаа ОУ-д хүчтэй унаж байгаад анхаарал хандуулахыг хүссэн байна. Уул уурхайн салбарыг дагаж сэргэсэн үйлчилгээ, худалдааны салбарт эрсдэл хамгийн түрүүнд мэдрэгдэж эхэлжээ.

Манай улсын эдийн засагт сөрөг нөлөөлөл хэдийн ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ үүнийг зөвшөөрөх хүмүүсийн тоо цөөн байна. МҮХАҮТ валютын зээл авсан компаниудад нэг удаа ахуйн ханшаар нь зээлээ эргүүлэн төлөх боломжийг олгох шаардлагыг засгийн газар Монгол банкинд хүргүүлсэн нь зөвхөн нэгэн жишээ. Үүнтэй зэрэгцэн манай уул уурхайн салбарын хувьцаа огцом унаж сэргэхгүй байгаа нь анхаарал татах сэдэв болчихоод байна. Барилгын салбарт хийгдэж байгаа зохиомол мөнгө нийлүүлэлт үргэлжилсээр байвал бизнесийн харилцан хамааралтай  тогтолцоо нуран унах аюул байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: “Оюутолгойн нэгж хувьцаа 25 долларын үнэтэй байсан бол өнөөдөр 2 доллар болжээ. Сүүлийн үед дэлхий ертөнцөд болсон хамгийн том эдийн засгийн алдагдлыг Монголд амслаа гэж хөрөнгө оруулагчид хэллээ.  Хөрөнгө оруулагч гэдэг бол манайх шиг хувь хүмүүс биш.  Америкийн тэтгэврийн сан, Австралийн тэтгэврийн сан, Английн тэтгэврийн сан гэдэг юм уу олон түмний хөрөнгө цуглуулаад үүнийг мэргэжлийн баг удирддаг. Улс орон бүрт тодорхой хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс нь мэргэжлийн баг. Тэр багийн хэлж байгаа зүйл нь Монголд мянган хувийн алдагдал хүлээлээ гэсэн.”

АНУ-ын санхүүгийн зах зээлээс эхлэлтэй хямрал дэлхий дахинд сургамж болон үлдсэн. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэхь хөнгөлөлттэй нөхцлөөр олгогдсон орон сууцны зээлийн эргэн төлөгдөлт муудаж банкны сектор нь даган хямарснаар бүхэлдээ сул байсан санхүүгийн сектор хямралд орж энэ нь тус улсын эдийн засгийн  бүхий л үйл ажиллагаа, тэр дундаа үйлдвэрлэлт, ажил эрхлэлт, бодит орлогод ихээхэн сөрөг нөлөөг үзүүлсэн юм. Санхүүгийн хямралын хамгийн түрүүнд үзүүлэх шууд нөлөө нь хөрөнгийн зах зээлээр дамжин илэрдэг нь Орос, Бразили, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Тайланд, Филлиппин, Хятад зэрэг дэлхийн зах зээлд шинээр гарч ирж байгаа орнуудын хөрөнгийн бирж дээр зарагдаж байгаа үнэт цаасны огцом уналтууд баталж байлаа.

Мөн Ж.Энхбаяр “Зах зээл өөрийгөө мэдрээд тохиргоо хийж эхлэх гэж байна. Тохирно гэдэг бол эдийн засаг агшина гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд орлого байхгүйн улмаас  хүчтэй дампуурна гэсэн үг. Тэр тэлсэн олон зүйлээ хангаж чадахгүй. Хамгийн түрүүнд худалдаа, үйлчилгээний салбар, барилгын салбар нэрвэгдэх байх. Мэдээж хэрэг нийгмийг жоохон түлхэж авч явсан уул уурхайн салбар хумигдаж байна. Хамгийн гол хоёр төсөл үндсэндээ зогсолтод оржээ.  Тэгэхээр одоо иргэддээ хандаж хэлэхэд бэлд. Уналт болчихлоо. Энэ бол гайгүй болчих байлгүй гэдэг Монгол ахуйгаараа хандаж болохгүй. Дор дороо бэлд. Өр зээлээ анхаар. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд хөрөнгө мөнгө бүү зар. Энэ уналтыг л бид давж гарах хэрэгтэй болно. Ийм цаг ирж байна. Би үүнийг үгүйсгээд нэмэргүй. Утгагүй, үр дүнгүй   улс төржилт явах байх.  Гол нь уналтаас бид бага хохиролтойгоор гарах нь чухал. Эндээс нийгмээрээ том сургамж авах нь чухал” гэв.

Хөгжиж буй орнууд дахь хөрөнгө оруулалт илүү өндөр эрсдэлтэй гэж тооцогддог учир эдгээр улсуудын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн гадаадын болон дотоодын иргэд, компаниуд хувьцаагаа богино хугацаанд борлуулан хөрөнгөө эргүүлэн татсан нь валютын богино хугацааны хомсдлыг бий болгодог үзэгдэл Монгол улсад тохиогоод байна.