С.Ганбаатар: Увайгүй өндөр хүүтэй байна гэдгийг монгол банк, арилжааны банкныханд анхааруулъя
Манай улсад гадны банкууд салбараа нэх хүсэлтээ ирүүлсэн. Эдийн засаг хямарч банкууд зээлээ өгөхөө болисон энэ үед хөрөнгө сайтай гадны банкуудыг оруулж ирэх нь зөв гэж үзэх хэсэг байна. Харин эдийн засаг нь 10 тэрбум доллар дотор эргэлддэг манай улсад 26 тэрбум долларын ашигтай Хятадын Bank of China-г оруулж ирэх нь өндөр эрсдэлтэй гэж харах хэсэг ч байгаа юм.
БНХАУ-ын Bank of China Монголд салбараа нээх яриа хэсүүчлэх боллоо. Дэлхийн банкнаас ч манай улсад гадны банк ажиллуулах нь илүү дээр гэсэн зөвлөмжийг хэд хэдэн удаа өгч байсан удаатай. Хятадын банк ердийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцохгүй тодорхой хязгаарлагдмал эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.
Зөвхөн аж ахуй нэгж байгууллагуудад л үйлчилнэ гэсэн яриа төрийн ордноор яригдаж байна. Гэхдээ банк харилцаа холбооны салбар үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал учраас гэнэн хандаж болохгүйг хэлэх хүн олон байгаа юм. Манай улсын хөрөнгө оруулагчдын дунд урд хөршийн бизнесменүүд жин дардгийг бараг бүх хүн мэднэ.
Манайд томоохон компаниуд гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд өөрийн мэдэлд байгаа уул уурхайн нөөц, баялаг, лиценз, үл хөдлөх хөрөнгө хамаг байдгаа л барьцаалан зээл авах нь ойлгомжтой. Тиймээс Bank of China Монголд салбараа нээвэл хэдхэн жилийн дараа манай улсын банк санхүүгийн салбар хятадуудын гарт орж улс орны эдийн засаг хуваагдмал байдалтай болох эрсдэлтэй гэж хашир эдийн засагч анхааруулж байна.
Өнөөдөр гадаадын банкууд орж ирэхгүйгээс болж Монголд жилийн хүү жирийн хүн дээр 17-26%-ийн хүүтэй байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Заавал Хятадын банк биш UBS эсвэл Сity банк байна уу гадаадын олон банкууд байгаа. Эдгээр банкуудыг оруулж ирэхгүй монголдоо банкаараа мөнгө хүүлээд ингээд сайхан амьдаръя гэж бодож байгаа бол гадаадын банкууд шиг хүүтэй байгаач гэдгийг бид шаардах ёстой. Өнөөдөр гадаадын банкууд орж ирэхгүйгээс болж Монголд жилийн хүү жирийн хүн дээр 17-26%-ийн хүүтэй байна.
Гадаадын банкууд орж ирэхгүй байна гэдэг бол бид эх оронч байгаагаараа чамд монгол банкуудад монгол банкны эздүүдэд маш өндөр хүү төлж бид өөрсдийгөө золиослоно гэсэн үг биш. Тэднийг оруулж ирэхгүй байя гэвэл би санал нэг байна. Тэгвэл тэднээс ч доогуур хэмжээний мөнгийг хямдхан монголчуудад худалдаачээ.
Та нар дэндүү увайгүй өндөр хүүтэй байна гэдгийг монгол банк, арилжааны банкныханд анхааруулъя. Ингэсэн тохиолдолд гадны банкуудыг оруулж ирэхгүй байх талаараа шийдвэр гаргах түвшний юмуу төрийн зохицуулалтуудыг хийх нь зөв."
Ямартай ч Bank of China Улаанбаатарт албан ёсны салбараа нээгээгүй байгаа боловч төлөөлөгчийн газраа нээгээд 2 жил болж байна. Bank of China-гаас гадна 4-н нэр хүндтэй олон улсын банк манай улсад төлөөлөгчийн газраа нээжээ. Bank of China-ийн зүгээс Монголын банкуудтай өрсөлдөхгүй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Их хэмжээний хөрөнгийн санхүүлжилт гаргаж Монголын хууль тогтоомжинд ОУ-ын банк яаж ажиллах ёстой тэр горимыг дагая илүү юу ч хүсэхгүй гэдгээ илэрхийлсэн талаар УИХ-ын гишүүн Дэмбэрэл онцолж байсан юм.