Д.Ганхуяг: Ажлын хэсэг саналаа ирүүлбэл байнгын хороо хуралдахад бэлэн
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлов. Тус байнгын хорооны ирц гурван хуралдаан дараалан бүрдээгүйгээс эдгээр асуудлыг шийдэх хугацаа хойшилж буй юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуягаас зарим зүйлийг лавлалаа
-Эдийн засгийн байнгын хорооны ирц бүрдэхгүй байсан шалтгаан нь юу байв?
-Эхний удаа МАХН-ын гишүүд цөөн байсан. Тус намаас Ч.Авдай гишүүн, тэгээд АН-ын тав, зургаан хүн л байлаа. Ирц бүрдэхгүйн цаад шалтгаан нь энэ сарын 14-нөөс өмнө л гишүүд нэр дэвших тойрогтоо ажиллах боломжтой байсантай холбоотой. Үүнээс хойш албан ёсны нэр дэвшигч болтлоо сурталчилгаа явуулахыг хуулиар хорьдог шүү дээ.
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэсээр нэлээд хугацаа алдлаа. Өнөөдөр мөн л хэлэлцэхийг нь хойшлуулсан нь ямар учиртай юм бэ?
-Эл төсөл дээр ажиллах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар саяхан
байгуулсан. Тэд өчигдөр хуралдсан байна лээ. Дундын хувилбарыг сонгож, дотоодын импортлогчдод татаас АН-ын саналыг ч оруулж буй юм билээ.
Ерөнхий зарчим дээрээ тохирсон ч эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гээд хугацаа хүссэн учраас өнөөдөр хэлэлцэхийг хойшлууллаа.
-Ажлын хэсэгт хэн хэн орсон юм бол?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.МөнхОргил ахлаад С.Баярцогт, Н.Батбаяр, Л.Гансүх, Ч.Раднаа, М.Зоригт, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нар бүрэлдэхүүнд нь орсон юм билээ.
-"Роснефть" компани манай Засгийн газарт тавьсан саналдаа энэ сарын 4-ний дотор хариу авахыг хүссэн. Хуулийн төслийг хэзээнээс хэлэлцэж эхлэх вэ?
-Ажлын хэсэг саналаа танилцуулсны дараа байн-гын хороо хуралдана. Бид хуралдахад бэлэн байна.
-Сая Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ төслийн давуу тал юу вэ. Та төсөл санаачлагчдын нэг байх аа?
-Өрхийн зориулалтаар нь иргэн бүрт газар өмчлүүлэхээр бидний төсөлд тусгасан. Уг хуулийн төслийг баталснаар Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасныхаа дагуу газраа өмчлөх эрхтэй болох юм. Хэрэгжих хугацааг нь 2013 он хүртэл сунгана.