Р.Сэддорж: Говьд ус ирснээр үйлдвэрт ашиглахаас гадна эко системээ хамгаалах, газар тариалан хөгжих, амьтай бүхний амьдралын чанар сайжрах чухал ач холбогдолтой!
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, бүсийн аймгуудын аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн үзэж, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан.
Тиймээс тус хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэд ярилцаж, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх юм.
Бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэж аялал жуулчлал хөгжсөн “Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс” бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон -Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Говийн гүний усаар олон жил нүүрс зэс угаалаа. Одоо гадаргын усаа авчирч байж том төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр замгүй!
Монгол Улсын засгийн газрын хуралдаан 2011 онд Өмнөговь аймгийн Баяндалай сум буюу цөлжилттэй газар болж байсан. Өнөөдөр ийн 14 жилийн дараа ЗГ-ын хуралдаан говийн бүс нутагт болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Ер нь газар дээр нь ирж хуралдах шиг ач холбогдолтой зүйл хаа ч байхгүй. Хэдийгээр нэг талаас харахад төсөв мөнгө зарж байгаа юм шиг харагдаж байгаа ч, тухайн уур амьсгал, иргэд дунд нь болж байгаа нь маш ач холбогдолтой хэмээн харж байна. Монгол Улс 2024 оны сонгуулиар албан ёсоор бүсчилсэн сонгуулийг хийсэн. Ингэж гэмээ нь бүс нутгийн төлөө Монголчууд анхаарлаа хандуулж байна. Бид хуучин зөвхөн өөр өөрийн сонгогдсон аймгаа л ярьдаг байсан. Харин одоо бол хөрш аймгийнхаа тухай, хамтран хэрхэн хөгжих тухай, зам харилцааныхаа тухай, боомтуудынхаа тухай ярьж байгаа нь онцгой ач холбогдолтой. Монгол Улс хөгжье л гэвэл говь руу анхаарах нь нэн чухал. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн 7-8 нь говьд хэрэгжих юм. Эдгээр мега төслүүд усгүй бол хэрэгжихгүй. Бид гүний усаар олон жил нүүрс, зэсээ угаалаа. Гадаргын усаа ашиглаж усны төслүүдээ нааш нь авчирч 14 мега төслөө бодит ажил болгох нь ЗГ-ын тэргүүн зорилт. Тиймээс усны төсөл бол онцгой ач холбогдолтой. Усыг авчраад үйлдвэр барих гээд байгаа бус. Говийн эко системийг хамгалаах, цөлжилтийг бууруулах, хамгаалах. Говь нутагт ХАА, газар тариалан эрхэлж буй иргэдийнхээ аухй мьдралыг дээшлүүлэх, нар салхины энергийг ашиглаж эрүүл хүнсний ногоо тариалах гэх мэт олон асуудлуудыг шийдэхэд ус өндөр ач холбогдолтой.
Мөн тэрбээр "Говийн бүсийн хөгжил 2040" салбар хуралдаанд дараах саналуудыг хэллээ.
- АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ард иргэдэд ойлгомжтойгоор Баялаг ашигласны төлбөр гэж нэрлэн тухайн сум аймагт орох хувь хэмжээг нь тодорхой болгох
- Импортоор эрчим хүч авч байгаа сумдууд олон байна! эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж, сэргээгдэх эрчим хүч гэж олон жил яригдаж байгаа төслүүдээ зоригтойгоор эрхийг нь олгох, ашиглах
- Говийн бүсийн ихэнх боомтууд орон нутгийн иргэдийн хувьд худалдаа наймаа эрхлэх, газар авах, орлого ашгаа нэмэгдүүлэх боломжгүй байгааг онцгойлон анхаарч, боомтоор зөвхөн баялаг гардаг бус эргээд бараа бүтээгдэхүүн орж ирэх, эрүүл ахуйн шаардлага хангах, хүнсний лаборатори бий болгох, шинэчлэх
- Говьруу ус татах төслүүдээ эрчим хүчний асуудалтай хамт шийдвэрлэж байж говийн бүсэд хэрэгжих мега төслүүд урагшилна... зэргээр саналаа тусгалаа.

Сэтгүүлч