Д.Ганхуяг: Иргэддээ газар өмчлүүлэхээс ухрах нь утгагүй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д. Ганхуягтай ярилцлаа.
-Газар өмчлөх хугацааг сунгах хууль танай байнгын хороогоор хэлэлцэх ёстой ч гацчихаад байна. Үнэхээр зайлшгүй шалтгаан байна уу, эсвэл...?
-Нэг их онцын шалтгаан байхгүй ээ. Хатуухан хэлбэл, Монгол маягийн улс төр гэдэг л дээ. Нийт иргэний эрх ашгийг дээдлэх ёстой атал аль нэг нам илүү оноо авчих вий гэж сэрэмжилсэн байр сууринаас асуудалд ханддаг хоцрогдсон үзэлтэй холбоотой гэж бодож байна.
-Засгийн газар хуулийн төсөлтэй танилцаагүй. Тиймээс тэдний санал, дүгнэлт ирээгүй гэх шалтгаан МАХН-ын бүлэг хэлээд байгаа?
-Гишүүд дээрх хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьснаас хойш хуулийн нэг сарын хугацаа өнгөрсөн тул УИХ-д өргөн барьсан. Төслийг Засгийн газарт хүргүүлснээс хойш өнөөг хүртэл албан ёсоор ямар нэг санал ирүүлээгүй байна. Ингээд байнгын хороогоор хэлэлцэх гэтэл МАХН-ын бүлэг нэг удаа завсарлага авч, хоёр удаа Засгийн газрын байр суурь, судалгаа хэрэгтэй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байна. Ингэсээр байтал хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш 60 гаруй, хаврын чуулган эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрчихлөө.
-Түүнээс гадна асуудлыг гацаагаад байгаа тооцоо судалгааны тал дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Хуулийн төсөл өргөн барихад оролцсоны хувьд Засгийн газрын байр суурь, судалгаа гээд байгаа нь нэг их айхтар асуудал гэж боддоггүй. Тэртэй тэргүй өрхөд газар хувьчлаад ирсэн. Засгийн газар өөрийн санаачилсан хуулийн төслөө хэлэлцэхдээ холбогдох байгууллага судалгаа авсан юм билээ. Бид ч адилхан авсан. Явц нь удаан байгаа нь үнэн. Зарим гэр хорооллыг орон сууцжуулах гэхээр газар хувьчилж авсан өрхүүдээс ганц нэг айл айхтар үнэтэй дуугараад байгаа юм. Ийм шалтгаан байна гээд эзэн нь болсон иргэн бүрт газраа өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж тэднийхээ амьжиргааг дээшлүүлэхээс ухрах нь утгагүй л дээ.
-Өнгөрсөн хугацаанд иргэд газар өмчлөлд төдийлөн хангалттай оролцож чадаагүйн гол шалтгаан юу вэ. Үүнийг шийдвэрлэх боломж байна уу?
-Иргэн бүрт хот, сууринд 0.07 га газар өмчлүүлснээр нийт газрын дөнгөж 0.12 хувь нь эзэндээ очих юм билээ. Манай улс нэг иргэнд ногдох газрын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Үүнээс үзэхэд, газар дутна гэж байхгүй. Гэтэл өнөөдөр хотод газар хувьчилж авах гэхээр олдохгүй байгаа нь мөн л үнэн. Нийслэлд дэд бүтэцтэй газар хүрэлцэхгүй байгаа хэрэг юм. Гэвч байдал ийм байна гээд иргэдээ дөрвөн уулын дунд энэ хэвээр нь шавуулаад, царайчлуулаад суугаад байж болох уу. Үгүй л байхгүй юу. Харин зүүн тийш Баянзүрх дүүргийг Налайхтай, урагшаа Төв аймагтай, баруун тийш Эмээлт өнгөртөл дэд бүтцээр холбох чиглэлээр ажиллаж болно. Үүнд улсын төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй бол гадны орнуудын жишгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ашиглая. Хот суурин газрыг иргэдэд хувьчиллаа гээд гадны хүмүүс зөөгөөд аваад явчхаж чадахгүй шүү дээ. Ер нь ард түмэндээ итгэж, хоёргүй сэтгэлээр хандмаар байна. УИХ-ын гишүүн бид иргэд та бүхний төрийн эрх барих төлөөллийг хэрэгжүүлнэ. Та бүхнийхээ амьжиргаа сайжруулахын төлөө ажиллана гэж сонгосон санахад илүүдэхгүй байх. Юу байна, түүгээрээ гэдэг шиг монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлүүлсэн хангалттай газар, нутаг бий. Газар бол эзэндээ ойртох тусмаа зохистой ашиглагддаг баялаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
-Тантай уулзсаных "40.000 айлын орон сууц" хөтөлбөр аль шатандаа явааг асуумаар байна. Гэр хороолол хэвээрээ байгаа нь хөтөлбөр эзнээ олохгүйн илрэл мөн үү?
-Хөтөлбөр явц муутай байна. Миний бодлоор төрийн байгууллага нь зүг чигээ олохгүй яваад байна уу даа. Үүнд өнөөх л дэд бүтцийн асуудал байх шиг. Мөн барилгын үндсэн материал цемент, арматур, тоосгоны хүндрэл бий. Манай улсын хувьд эдгээр материалыг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой. Энэ чиглэлийн үйлдвэрийг дэмжин хөгжүүлэхээр энэ оны үндсэн чиглэлд тусгасан байгаа. Гэсэн хэдий ч гадаадаас импортолсоор байна. Түүнчлэн нефтийн үнийн өсөлтийг дагаад тээврийн зардал нэмэгдлээ. Ер нь олон оронд орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бизнесийн ба нийгмийн чанартай гэж зарчмын хувьд хоёр ялгадаг. Зөвхөн нийгмийн чанартай орон сууцжуулах хөтөлбөрт төрийн зохицуулалтыг хэрэглэдэг. Орлого багатай иргэд болон төрийн албан хаагчдыг өртөг хямд орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх юм. Ингэхдээ газрыг үнэгүй гаргаад, дэд бүтцийг нь бий болгоод, орон сууц барих хувийн хэвшлийн компанийг сонгон шалгаруулдаг. Мэдээж борлуулах үнийн дээд хязгаар, ашиглалтад өгөх хугацааг гэрээгээр зохицуулдаг. Уг нь Засгийн газар үүнийг зохицуулах эрх зүйн орчны хувьд нээлттэй байгаа. Гэтэл боломжтой хүмүүсийн худалдаж авах өндөр үнэтэй орон сууцыг хөтөлбөртөө бүртгээд суусан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, БЗД-ийн XIII, XIV хороог хөтөлбөрт хамруулахаар дэд бүтцийг төсвийн хөрөнгөөр шийдсэн. Өрх бүрт хоёр өрөө орон сууц газрынх нь оронд олгоё гэхэд үгүй гэхгүй. Даан ч салбарын яам ажиллахгүй байна.