2008.04.02

Д.Ганхуяг: Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ярилцах байсан. Гэвч байнгын хорооны даргаас нь өөр гишүүн ирээгүй тул удтал хүлээсний эцэст хойшлуулахаар болов. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуягаас хуралдаан яагаад хойшилсон талаар тодруулсан юм
-Манай Эдийн засгийн байнгын хороо 21 гишүүнтэй. Хотод Э.Бат-Үүл, Ц.Дамиран нарын найман гишүүн байна. Орон нутагт тойрогтоо арав орчим гишүүн ажиллаж, үлдсэн хэсэг нь гадаадад томилолтоор явсан байна.

-Байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм биш үү?

-Хэлэлцэхгүй. Энэ талаар АН-ын зөвлөл энэ сарын дөрөвний өдрийг хүртэл завсарлага авсан шүү дээ. Түүнээс наана зөвлөл асуудлыг хэлэлцэхгүй.

-Тэгвэл ямар асуудлууд хэлэлцэх байсан юм бэ?

-Өмнө нь газар өмчлөлийн хугацааг сунгах тухай яригдсан. Тиймээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай "хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Мөн Засгийн газраас зарим хаягдал хөнгөн цагааныг хил гаалиар гаргах тухай тогтоолын төслийн санал ирснийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гишүүдийн ирц бүрдээгүй учраас Эдийн засгийн байнгын хорооны хурал энэ сарын долооны өдөр хүртэл хойшиллоо" гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.