Туршилтын туулай болохоосоо өмнө дорвитойхон хууль гаргах хэрэгтэй
Хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ажлын хэсэгтэй зөрөлдөж байсан удаатай. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой байдаг. Та ажлын хэсэгтэй ямар шалтгааны улмаас санал зөрөлдсөн вэ?
Хүнсний тухай хуучин хуулиар генийн өөрчлөлтэй хүнсийг монгол улсад импортлох, экспортлох, үйлдвэрлэх тариалахыг хориглосон байсан.
Одоо шинэ хуулийн төсөл нь энэ заалтаасаа ухарсан, сайн гэж хэлэхэд хэцүү хууль болсон. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол генийн өөрчлөлттэй хүнсийг монгол улсын хилээр оруулах эрхийг нээж, чөлөөтэй худалдаалдаг болгож байгаа явдал юм.
Генийн өөрчлөлт байтугай химийн хороо ч сайн ялгаж чадахгүй байж эрсдлийн үнэлгээг хийж чадахгүй
-Гэхдээ ажлын хэсгийнхэн тухайн хүнсэнд эрсдлийн үнэлгээг хийнэ гэж ярьж байгаа шүү дээ.
Тийм ээ, тэгэж байсан. Гэхдээ манайхан эрсдлийн үнэлгээг хийж чадахгүй л байхгүй юу.
-Яагаад?
Генийн өөрчлөлт байтугай химийн хороо ч сайн ялгаж чадахгүй байж эрсдлийн үнэлгээг хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Шинэ хууль хуурай хууль л болж үлдэнэ.
-Яагаад хуурай хууль гарахад хүрэв ээ. Та ганцаараа эсэргүүцээд дийлсэнгүй юу, эсвэл ажлын хэсэг тааруу ажиллав уу?
Ардын нам бүлэг байхгүй болохоор байнгын хорооны хуралдаанд орохгүй. Гэтэл байнгын хорооны хурал дээр дөрөвхөн гишүүн ажиллаж байна. Санал хураахад хоёр, хоёроороо санал тэнцсэн. Г.Баярсайхан дарга хуралд ороогүй хоёр сайдыг бүх асуудлыг дэмжсэн гээд автоматаар нөгөө талдаа дэмжүүлээд явчихсан. Цөөхөн гишүүний хүрээнд энэ том асуудлыг тавьж байгаа нь харамсалтай. Уг нь хүнсний асуудлаар Их хуралд сонсгол тавьж, ард олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Тэгэж байж хүнсний аюулгүй байдлын тухай сайн хуулийг гаргахаас биш богино хугацаанд муу хууль гаргах нь зохисгүй хэрэг.
- Гэхдээ ажлын хэсгийн гишүүд генийн өөрчлөлт гэх ойлголтыг их өөрөөр харж байгаа нь ажиглагдсан. Таны цамцыг хүртэл Г.Баярсайхан гишүүн генийн өөрчлөлттэй гэдгийг хэлж, генийн өөрчлөлттэй гэсэн бүхэн муу зүйл биш гэж байсан?
Хувцас өмсөх нэг өөр, хоол идэх бас өөр хэрэг. Генийн өөрчлөлттэй хүнсийг эрдэмтэд судлаад хүний эрүүл мэнд, удмын санд нөлөөлдөг гэдгийг тогтоочихсон. Энгийн жишээ хэлэхэд л наад зах нь хүмүүс харшил, астма, хавдараар өвчилж байна шүү дээ.
Оросын эрдэмтэн Епримов найман жилийн өмнө, зургаан жилийн турш хархнууд дээр туршилт хйисэн. Нэг хэсэг хархыг цэвэр хүнсээр тэжээгээд, нөгөө хэсгийг нь генийн өөрчлөлттэй хүнсээр тэжээсэн. Гэтэл генийн өөрчлөлттэй хүнсээр тэжээсэн хархнууд илүү өвчлөмтгий болж, үр удмаа үлдээх нь багасч, сүүлийн жилүүдэд мутацад орж илүү хөл, гар сүүтэй болж байсан.
Тэгэхээр энэ туршилт генийн өөрчлөлттэй хүнсийг ямар аюултай болохыг харуулсан бодит жишээ. Үүнийг Английн эрдэмтэн Евин ч дахин туршилтаар баталсан. Хархны амьдралын цикл богино. Харин хүнийх 30, 40 жил түүнээс ч их байдаг. Тийм хугацааны дараа л хүнд хор уршиг нь илрэхээс биш өнөө маргааш гарахгүй. Бид заавал хохирч, туршилтын туулай болсон хойноо хуулиа өөрчилнө гэх биш одоо урьдчилан сэргийлж дорвитойхон хууль гаргах хэрэгтэй байна.
-Одоогийн байдлаар хууль батлагдах шатандаа орж байна. Тэгэхээр таны хэлж буйгаар хуурай хуулиа яаж сайжруулах вэ?
Нэгэнт батлагдах шатандаа орж байна. Би цаашдаа эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөхийн төлөө ажиллана.