П.Мөнхтуяа: Хүнсний аюулгүй байдлын хууль үйлдвэрлэгчдэд улам дарамт болж байна
“Атар Өргөө” ХК-ийн чанарын албаны дарга П.Мөнхтуяатай ярилцлаа.
2014.03.12

П.Мөнхтуяа: Хүнсний аюулгүй байдлын хууль үйлдвэрлэгчдэд улам дарамт болж байна

“Атар Өргөө” ХК-ийн чанарын албаны дарга П.Мөнхтуяатай ярилцлаа.

- Хүнсний аюулгүй байдлын хуулиар далимдуулж танай бүтээгдэхүүнд санаатай гадны биет хийж, мөнгө нэхэж шантаажлах явдал гарч байсан уу? 

Хүнс үйлдвэрлэгч хүн болгонд тохиолддог. Ялангуяа талх үйлдвэрлэгчид рүү дайрдаг. Талханд гадны биет хийчихээд бүтээгдэхүүн чинь ийм тийм байна гэсэн гүтгэлгүүд байнга ирдэг. Тэгсэн хэрнээ нотлох баримт байдаггүй. Ихэнх тохиолдолд бид хэрэгсэхгүй орхидог. Харин үнэхээр технологи болон ажилчдын алдаа гарсан бол тэр дор нь гомдлыг барагдуулдаг.

Хуулийн дагуу үйлдвэрлэгчдэд өндөр торгууль тавьдаг учраас голдуу ажилгүй, орлогогүй, хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс ийм ажил зохион байгуулдаг гэж бодож байна. Манай компани 70 жилийн турш нийслэлийн иргэдийг талхаар хангаж ирсэн улсын ууган компаниудын нэг.

- Танай компани хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Манайд дотооддоо итгэмжлэгдсэн, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангадаг улсын хэмжээний хяналтын лаборатори ажилладаг. ISO 17025 стандартыг хэрэгжүүлдэг. Түүхий эдээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болтол нь микробиологийн шинжилгээнд оруулж физик, химийн үзүүлэлт нь эрүүл, аюулгүй байдлыг хангаж буй нь тогтоогдсоны дараа л бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн дотор анх байгуулагдсан лаборатори нь манайх. Хяналт ийм өндөр түвшинд байхад үндэслэлгүйгээр гүтгэдэг нь харамсалтай.

- Үүнээс болж танай байгууллагад ямар хохирол учирдаг вэ?

Мэдээлэл худал хэдий ч шалгах хэрэгтэй болдог. Ор үндэсгүй нь батлах болтол бөөн чирэгдэл үүсдэг. Зарим үед бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлөх тал ч бий.

Хууль хяналтын байгууллагууд үйлдвэрлэгчдийг дарамталдаг тэр хүмүүсийн талаар ямар ажил хийж буй нь тодорхойгүй.

- Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулахад үйлдвэрлэгчид саналаа оруулсан уу?

Хүнсний бус мэргэжлийн хувь хүмүүс баталгаагүй түүхий эд, материалыг дураараа оруулж ирдэг байсныг зогсооно гэж бодоод хүнс үйлдвэрлэгчид уг хуулийг дэмжсэн. Гэтэл үйлдвэрлэгчдэд ирэх ачаалал улам ихэссэн. Үйлдвэрлэгчдэд түүхий эдээ чөлөөтэй импортлох эрхийг бүрэн өгөөгүй, элдвийн тусгай зөвшөөрөл, квот, мэдэгдэл гээд олон дамжлагатай болгочихсон. Хэн нь түүхий эд, материал нийлүүлэх нь тодорхойгүй. Дагаад түүхий эдийн хиймэл хомсдол үүсдэг. Тиймээс бид өөрсдөө түүхий эдээ импортолдог. Үр дүнд нь бүтээгдэхүүний өртөг өсдөг. Гаальд өндөр татвар төлөх, мэргэжлийн хяналттай холбоотой олон бичиг баримт бүрдүүлэх зэргээр хугацаа их алддаг. Хууль маань үйлдвэрлэгчдэд эсрэгээр үйлчлээд эхэллээ.

- Татварын орчноос үүдэлтэй ямар  бэрхшээлүүд гардаг вэ?

Мөнгөний буруу бодлогын балгаар долларын ханш эрс өсч зардал нэмэгдсэн. Гаалийн татвар тооцох нэгжээ доллараар бодно гээд заачихсан учраас төгрөгөөр бүтээгдэхүүн борлуулдаг үйлдвэрлэгчдээс авах татвар өсчихлөө. 50 сая төгрөгний бараа авлаа гэж бодоход 20 хувийг нь гаалийн татварт өгдөг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард авч байсан ижил тоо хэмжээтэй барааны гаалийн татварт найман сая төгрөг төлж байсан бол оны сүүлээр 12 сая төгрөгийг төллөө.

- Таны бодлоор үйлдвэрлэгч, худалдааны байгууллага хоорондын харилцааг яаж зохицуулах хэрэгтэй вэ?

Хүнсний бүтээгдэхүүн бусад бараанаас ялгаатай нь хадгалалтын нарийн горим шаарддаг. Гэтэл дамжин борлуулалт хийж хэрэглэгчдэд хүргэдэг худалдааны байгууллагууд зарж буй бүтээгдэхүүнийхээ талаар ойлголтгүй учраас хадгалалтын горимыг зөрчдөг. Гэхдээ хариуцлагыг үйлдвэрлэгч үүрдэг гаж тогтолцоотой. Муудсан бүтээгдэхүүн авсан хэрэглэгч баглаа, боодол дээрх үйлдвэрлэгчийн хаягийг хараад шууд бидэн рүү ханддаг. Эцэст нь олон сая төгрөгний буцаалт хийж устгахаас өөр аргагүй болдог. Богино хугацаанд хадгалдаг эмзэг бүтээгдэхүүн хариуцаж ажилладаг мэргэжилтэн сүлжээ дэлгүүрүүдэд байх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд талх гэдэг 24 цагийн настай бөгөөд цамц шиг гялгар уутанд байх ёсгүй.

- Түүхий эд ханган нийлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэсэн гурван үе шатыг хамгийн чирэгдэл багатай байлгах ямар механизм байж болох вэ?

Үйлдвэрлэгчид ханган нийлүүлэх эрхээ өөрсдөө олж авахын тулд дээрх хуулийг дэмжсэн чинь хууль маань эсрэгээр үйлчлээд эхэллээ. Гадны харилцагчтай гэрээ хийгээд түүхий эдээ оруулж ирэхэд ямар нэгэн саадгүй байвал зүгээр. Импортын түүхий эд цаанаасаа стандарт хангасан, чанарын сертификаттай, холбогдох шалгалт шүүлгийг даваад ирсэн байтал оруулж ирсний дараа дахин шинжилгээнд хамруулж давхар баталгаажуулах шаардлагагүй. Улсын хэмжээнд хүнсний салбарт түүхий эд ханган нийлүүлэх бодлого алга.

ОХУ болон Европын орнуудад үйлдвэрүүд нь дэргэдээ нэрийн барааны дэлгүүрүүдтэй бөгөөд хэрэглэгчид шинэ эрүүл хүнсийг байнга авч чаддаг. Харин манайх ганцхан нэрийн барааны дэлгүүртэй. Гэтэл нийслэлээс зам засч буй нэрээр хашлага тавиад дэлгүүр лүү орох замыг хаачихсан. Өөр газруудад нэрийн барааны дэлгүүр нээе гэхээр зөвшөөрдөггүй.