Т.Сансармаа: Худал мэдээллээр үндэсний үйлдвэрлэгчдийг дарамталдаг 13 хүнийг илрүүлсэн
“Траст Трейд” ХХК-ийн захирал Т.Сансармаа
2014.03.12

Т.Сансармаа: Худал мэдээллээр үндэсний үйлдвэрлэгчдийг дарамталдаг 13 хүнийг илрүүлсэн

“Траст Трейд” ХХК-ийн захирал Т.Сансармаатай ярилцлаа.

-Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлын талаар ярина уу. Хүнсний үйлдвэрлэл өөрөө их эрсдэлтэй бөгөөд нэлээдгүй хэл амыг дагуулдаг?

Аливаа улс оронд хүнсний хангамж хүртээмж шийдэгдсэний дараа эрүүл ахуй, чанар аюулгүй байдал нь өндөр түвшинд тавигдаж эхэлдэг. Өнөөдөр хүнсний үйлдвэрүүдийн эрүүл ахуй руу хүмүүс их анхаарлаа хандуулж байна. Мөн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд хариуцлагыг нэлээн өндөржүүлсэн. Үйлдвэрлэгчийн хариуцлага өндөр болмогц  зарим талаар эндээс мөнгө олох гэсэн хэсэг хүмүүс бий болсон.

-Та энэ асуудлаа тодруулж ярихгүй юу. Үнэхээр танай буруу байвал яах вэ?

Өнгөрсөн оны долоон сард нэгэн гомдлын мөрөөр Мэргэжлийн  хяналтын байцаагчид манай үйлдвэрийг шалгасан. Тэр гомдол нь хиамнаас нохойн соёо олдсон гэсэн байсан.

Шалгасны эцэст үнэндээ нохойн соёо гарах үндэслэлгүй гэдгийг нүдээрээ харсан. Дараа нь бас нэг хэрэглэгч элэгний нухаш дотор өт байна гэж гомдоллосон. Тухайн үед зуны найман сар байсан учраас задалсан элэгний нухаш дотор батгана өт цацсан байж болно. Тэгээд ер нь задлаад идэж байгаа элэгний нухаш дээр батгана өт цацвал үйлдвэрлэгчийн буруу юу. Энэ их сонин. Гэтэл та нар миний үгийг сонсохгүй бол гучин хувийн борлуулалтаа алдахыг хүсээ юу, тохиролцьё гээд мөнгө нэхсэн. Үнэндээ тэр этгээд бусад үндэсний үйлдвэрлэгчийн янз бүрийн байдлаар дарамталж мөнгө олдог 13 хүний нэг байсан. Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийнхан шалгаад хамаатан садан ах дүүгээрээ нийлсэн 13 хүнийг баривчилсан.

-Гэхдээ та бүхэн дотоод хяналт, үйлдвэрлэлийн стандартаа сайжруулж байгаа юу?

Тийм ээ. Тэр худлаа хэл аманд ач холбогдол өгөлгүй хяналтаа улам бүр сайжруулахаар ажилласны үр дүнд амжилтанд хүрч байгаа. Бүртгэл хөтлөлтөө сайжруулж, янз бүрийн зүйл гаргахгүй байх бүх үндэслэл, нөхцлийг бүрдүүлсэн. Муу зүйл бас сайныг авчирдаг. Бид бүх бүтгэлэг, ташаа мэдээллийг лабораторийн шинжилгээгээр няцаадаг. Гомдол ирсэн даруйд дээж авч, тэжээлт орчин, шаардлагатай урвалжуудыг авч шинжилдэг. Харин гомдол гаргасан хүнийг мөн Мэргэжлийн хяналтын газраар шинжлүүлэхийг зөвлөдөг. Үнэхээр манай буруу байгаа эсэхийг сайтар нягталдаг.

Гэхдээ хамгийн сонин нь хүмүүс их удаан хугацааны дараа гомдол гаргадаг. Задлаад удсан хүнсний бүтээгдэхүүн мэдээж бичил биетний тоо хэмжээ нь ихэссэн байдаг. Тиймээс хэрэглэгч өөрөө хариуцлагатай байж хүнсний бүтээгдэхүүн авахдаа он сар, хадгалах хугацаа зааврыг сайн харах ёстой.  

-Үйлдвэрлэлийн дотоод хяналт үнэхээр сайн байж чаддаг уу. Хиам зэрэг бүтээгдэхүүнээс янз бүрийн гадны биет илэрлээ гэж ярьдаг шүү дээ?

Гэхдээ муу үг модон улаатай гэгчээр дурын вэб сайт дээр мэдээлэл нь үнэхээр баримттай эсэхийг нягтлалгүйгээр үйлдвэрлэгчдийн нэр хүндийг унагааж, мөнгө олох явдал ихэсч байна. Хиамны талыг нь идээд, талд нь гадны биет шургуулж болох бүтээгдэхүүн учир хүмүүс хадаас хүртэл гарсан гээд худлаа шуугидаг. Тиймээс бид гадны биет, металл илрүүлэгчийг үйлдвэрлэлийн бүх процесст суурилуулсан. Гэхдээ манай төхөөрөмжид төмөр, гадны биет орвол төхөөрөмж таг зогсож эвдрэх аюултай байдаг учраас тийм зүйлийг мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй.

Гэхдээ л нийгэм дэх сөрөг мэдээллээс бид хэрэглэгчээ хүндэлж, үйл ажиллагаагаа улам сайжруулж байгаа. Энд өдөр шөнөгүй 100 гаруй хүн ажиллаж, хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна. Ажил эхлэхээс өмнө ажилчдын хувийн ариун цэвэр, гадаад ариун цэврийг бүрэн сахиулж, тусгай цэвэрлэгч машин дотор оруулдаг. Гэхдээ ер нь аливаа гүжир гүтгэлэгт хэмжээ хязгаар байх ёстой.

Телевизүүд бас өөрсдөө нэг талын эх сурвалжийн мэдээллийг бус олон талаас нь баримттай мэдээлэх хэрэгтэй.

Учир нь зарим гомдлын хохирогчид дандаа телевизийн сэтгүүлчид байсан. Аливаа зүйл ил тод болох тусмаа амар. Манайхаас хадаас гарах нь битгий хэл үс ч гарахгүй. Минутанд 3800-4000 эргэх чадалтай төхөөрөмжөөр гадны биет орж чадах уу. Орлоо гэхэд түүний дараагийн 12 ширхэг хавхлагаар дамжиж гарах уу. Үйлдвэрлэлийн процесс тоног төхөөрөмж ямар нарийн ажиллаж, шинэ түвшинд хүрснийг мэдэхгүй байгаа учраас хүмүүст хардлаг сэрдлэг үүсдэг. Тиймээс удахгүй сэтгүүлчдийг урьж үйлдвэрээ үзүүлэх болно.

-Та чанар стандартаа улам сайжруулж байгаа гэсэн. Яг яаж сайжруулж байна вэ?

GHP эрүүл ахуйн  зохистой дадал, GMP үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлж байгаа. Одоо HACCP буюу эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Танай эгзэгтэй цэг юу вэ?

Эгзэгтэй цэг гэдэг нь тухайн үйлдвэрлэлд ямар нэгэн эрсдэл учруулж болохоор эгзэгтэй цэгүүдийг хэлдэг. Тиймээс энэ цэгийг олж, хяналтаа бүрэн тавих ёстой. Мах хүлээж авах хэсэг бол эгзэгтэй хэсэг. Манай улс махны хувьд бүхлээрээ асуудалтай. Яагаад гэхээр бүх махаа Хүчит шонхор захаар дамжуулж авахаар эрсдэлтэй. Гарал үүслийн гэрчилгээгүй. Гэтэл нь эхнээсээ гарал үүсэл нь тодорхой байх ёстой. Махны сортолгоо, савлагааны хэсэг гээд яривал их зүйл бий. Махыг буруу савлаад буруу температурт хөргөвөл эрсдэл үүсдэг. Тэгэхээр байж болох бүх эрсдлийг тооцох ёстой гэсэн үг.

Манай улсад HACCP-ийг “АПУ”ХК, “Мах маркет” ХХК зөвхөн нядалгааны цэг дээрээ хэрэгжүүлсэн байдаг. Одоо манайх авах гэж байна. Бид Солонгосын экспертүүдийг урьчихсан. Дэлхийн стандартыг хэрэгжүүлэхэд экспертүүд ажиллана.

Бид зургаан сарын турш ажилчиддаа сургалт зохион байгуулж, бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан. Хамгийн гол нь хэвшил дадал болгох нь чухал. Бидний зүгээс HACCP-ийг хангалаа гэвэл олон улсын байгууллага ирж үнэлээд, шалгаад сертификат олгодог.

- HACCP-ийг авсанаар ямар давуу талтай юм бэ?

HACCP-ийг НҮБ-ын дэлхийн эрүүл мэндийн байгууллага хянаж үйл ажиллагааг нь шалгадаг. НАССР-ийг өөрийн vйлдвэрлэлдээ нэвтрvvлснээр манай компанийн бvтээгдэхvvн дэлхийн тvвшинд хvлээн зөвшөөрөгдөнө. Гэхдээ мөн өндөр хариуцлага ирдэг. Хэзээ ч бол хэзээ шалгалт ирдэг учир байнгын хяналтыг сайжруулах ёстой. Нэг л алдаа гаргавал сертификатыг хурааж авдаг.

Манайх НАССР-ийг  хиам махан бүтэгэдэхүүний үйдлвэрлэлийн хэсэгтээ авна.

-Манай улс хиам, махан бүтээгдэхүүнээ мэр сэр экспортолдог. Уг нь амт чанарын хувьд их сайнд тооцогддог гэдэг. Энэ үнэн үү?

Хятад руу нэгдүгээрт адууны махыг л авдаг. Яагаад гэхээр нь бусад нь шүлхийтэй гээд автдаггүй. Орос руу гол экспорт гардаг байсан. Гэхдээ бас шүлхий ойрхон гарч байгаа болохоор авахгүй байгаа.

Олон улсын түвшинд экспортод бүтээгдэхүүн гаргана гэдэг үйлдвэрлэгчээс 50 хувийг л шаарддаг. Үлдсэн хувь нь  бусад хүчин зүйлээс шалтгаалдаг. Мал ахуй  нь эрүүл ахуйн чанарын шаардлага хэр хангаж байна, тус улсын хяналт шалгалт нь ямар түвшинд байна гэдэг нь маш чухал. Саяхан махны үйлдвэрлэлийн уулзалтад Солонгосын нэг профессор хатуу бөгөөд үнэн үгийг хэлсэн. Танай улс нийслэлдээ бүх гол үйлдвэрлэлээ төвлөрүүлчихсэн мөртлөө утааны хэмжээ нь байх ёстой стандартаас хэд дахин хортой түвшинд хүрсэн учраас хүн малын өвчлөл ихтэй. Ийм улсаас мах экспортолно гэдэг хэцүү шүү гэдгийг хэлсэн.

Үнэн үг хатуу боловч явдалд тустай гэдэг. Тэгэхээр бид үүнийг бодох ёстой.

Ярилцсанд баярлалаа.