Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үндэсний стратегийг батална
Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 18 буюу монгол цэргийн өдрөөр эрчүүдийн эрүүл мэндийн дэмжих өдрийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сургалт сурталчилгаа явуулж, эрчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм.
Мөн яамнаас анх удаа Эрчүүдийн эрүүл мэндийн стратегийг боловсруулснаа баярынх нь өдөр баталгаажуулж, олон нийтэд танилцуулах юм байна. Тус яамныхан өнгөрсөн жил эрчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байжээ. Монгол эрчүүдийн дунд архи, тамхины замбараагүй хэрэглээ, зохисгүй хооллолттой холбоотой өвчин эмгэг түгээмэл болсон.
Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтний өвчлөл орж байгаа бөгөөд эдгээр өвчинд өртөж буй эрчүүдийн эзлэх хувийн жин өндөр байна.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 63 буюу эмэгтэйчүүдийнхээс долоон насаар бага байгаа зэрэг нь төрөөс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавих цаг болсныг сануулж байна.