Н.Удвал: 150 ортой төрөх ашиглалтад орно
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.11

Н.Удвал: 150 ортой төрөх ашиглалтад орно

Эрүүл мэндийн Н.Удвалаас цаг үеийн зарим асуултад хариулт авлаа. 

-Монгол Улсад оношлох, эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүмүүсийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас хийж эхэлсэн гэж дууллаа?

-Өнөөдрийн байдлаар манай улсад эмчилж оношилж чадахгүй байгаа 33 төрийн өвчин бий. Эдгээр өвчин эмгэгийг эх орондоо оношилж эмчлэх ажлыг ЭМЯ эхлүүлнэ. Ингэхийн тулд дотоодын нөөц бололцоондоо тулгуурлах, гадаадаас нарийн мэргэжлийн эмч ажилтнуудын баг ажиллуулахаар төлөвлөж байна. Иймд гадаадад эмнэлгийн тусламж авахаар хүлээж байгаа болон хандаж чадахгүй байгаа хүмүүсийг Эрүүл мэндийн яаманд бүртгэж эхэлсэн. Бүртгэлийг www.chd.moh.mn цахим хаяг болон 7012 8807, 93137804, 98648801 гэсэн утсаар авч байгаа.

-Эрүүл мэндийн боловсрол олгох “Соёлын довтолгоо”-г ЭМЯ-наас хийхээр болсон гэсэн. Ямар чиглэлээр “Соёлын довтолгоо” хийх вэ?

-Соёлын довтолгоо буюу эрүүл мэндийн довтолгоо”-ны хүрээнд иргэдийг мэдлэг мэдээллээр хангах юм. Хүний эрүүл мэндийг 100 хувь гэж үзвэл 55-60 орчим хувь нь амьдралын хэвшил, архи, тамхи зэрэг буруу зан үйлтэй шууд холбоотой. Тиймээс Эрүүл мэндийг дэмжих санд 4.1 тэрбум гаруй төгрөг байршуулсан. Нэг иргэнд 1000 төгрөгөөр тооцоод цусны даралтаа хянаж, ихдэх буюу багасахад арга хэмжээ авдаг болох, архи тамхины хэрэглээ, осол гэмтэл зэргээр мэдээлэл өгнө. Энэ сангийн 70 орчим хувийг эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаанд зориулахаар сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэх юм.

-Эрүүл мэндийн даатгал төлдөг ч хувь хүн өөрөөсөө зардал гаргаж, эмчилгээ авах нь илүү байдаг гэсэн шүүмжлэл байдаг?
Эрүүл мэндийн даатгалын хууль бол иргэдийн санхүүгйин эрсдлийг даасан том хууль гэж үздэг.

-Албан бус төлбөр гэдэг нь хууль журмаар зөвшөөрөгдөөгүй төлбөр авахыг хэлдэг. Энэ албан бус төлбөрийн хэмжээг 2010 онд ДЭМБ-аас хийсэн судалгаагаар монголчуудын эрүүл мэндийн зардлын 41 хувийг албан бус зардал эзэлж байна гэж тогтоосон. Бид бүрэн эрхийнхээ хэмжээнд энэ төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан байгаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын дутууг иргэдээс авахгүйн тулд төсөвтөө 33 тэрбумыг нэмж суулгах хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Мөн өндөр өртөгтэй мэс засал, тусгай хэрэгслийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж, хувь хүний төлдөг төлбөрийг бууруулахыг Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гаргаж, үүнд есөн тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоог оны эхэнд гаргасан.

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль УИХ-аар хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ талаар яам ямар бодлого баримталж байгаа вэ?

-Эрүүл мэндийн даатгалын хууль бол иргэдийн санхүүгйин эрсдлийг даасан том хууль гэж үздэг. Одоо энэ хуулийн төсөл УИХ дээр явж байгаа. Асуудлын гол нь юу гэхээр Иргэний эрүүл мэндийн даатгал нь бие даасан байгууллага гэдэг утгаараа салбаруудын хооронд зөрчил гардаг. Эрүүл мэндийн яамны хувьд даатгуулагчийн эрх ашиг хангагдаж, даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлтэй үед даатгалын сангаасаа ямар нэгэн шимтгэлгүй авч байвал болж байгаа нь тэр. Эрүүл мэндийн даатгалын энэ хууль даатгуулагчийн эрхийг хамгаалсан нилээн сайн хууль гарна гэдэгт итгэж байгаа.

-Хүн амын өсөлт нэмэгдэж байгаа ч  төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Аудитын шалгалтаар Нисэхийн дэнж дээр баригдаж байсан IV дүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарсан байсан?

-Ерөнхий Аудитын газраас дүгнэлт хийгдээд Нисэхийн дэнж дээр баригдаж байсан IV дүгээр төрөх эмнэлэг,  Геронтологийн төвийн барилгын ажлыг зогсоох шийдвэр гарсан. Дэд бүтэц байхгүй, хөрөнгө мөнгө нь хэд дахин нэмэгдсэн тул уг барилгыг үргэлжүүлнэ гэвэл маш их хэмжээний санхүүжилт шаардагдана. 

Харин энэ жил III төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд төрөх эмнэлэг барина. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт Жайка олон улсын байгууллагын тусламжтайгаар ЭМШУИС-ийг түшиглэн эмнэлэг барих гэж байгаа. Азийн хөгжлийн банкны Хөгжил хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт загвар эмнэлэг баригдана. 

-Сүүлийн үед гажиг төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн мэдээлэл байна?

-ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэгдүгээр сард Удамзүйн лаборатори шинээр ашиглалтад орсноор ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн  хэвлийд нь оношлох боломжтой болсон. 2014 оны эхний хоёр сарын байдлаар нийт 11 төрлийн 85 гажиг бүртгэгдсэн. Үүнээс 50,6 хувь нь орон нутагт 49,4 хувь нь нийслэлд төрсөн байна. Ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд оношлоод эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог. Гэхдээ сайн мэдээ бас бий. 2014 оны эхний хоёр сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 29 хувь, тав хүртлэх насны хүүхдийн эрүүл мэнд 19 хувь хүртэл /өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад/ буурсан үзүүлэлттэй

-Өнгөрсөн онд эмчийн хариуцлага алдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан, эмч нарт ямар хариуцлага тооцсон бэ?

-Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгал гэж хууль өргөн баригдах гэж байна. Түүнчлэн эмнэлгийн ажилтны хариуцлага ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа байгаа.  Үүнийг бууруулах бодлогыг яамнаас гаргаж эхэлсэн. Бүртгэл мэдээлэл авч байна. Алдаа гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байна. Шинэчлэл хийгдэж байна. Мөн хууль хяналтын байгууллагаар хариуцлага хүлээж, эмчлэх, сувилах, эм барих эрхээ хасуулсан олон хүн бий.

-Эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгж болсон өрхийн эмнэлэгт итгэх иргэдийн итгэл сул байна. Нөгөө талаар дөнгөж төгссөн оюутныг дадлагажигч эмч хэмээн өрхийн эмнэлэгт хуваарилж байна. Анхан шатны  эмнэлгийн эмч нар туршлага, мэдлэгтэй байх ёстой гэдэгт та юу хэлэх вэ?

-Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулийн чанар маш муудсан. Төгсөгчдийн чанар муу байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд долоо хоног бүр хот хөдөөгийн эмнэлгүүдтэй теле хурал хийж, хүүхэд яагаад эндэв, эх яагаад гэртээ төрөв зэрэг асуудлыг тодруулдаг.  Хэлэлцэж байх явцад эмч нарын ур чадвар сул байгаа нь мэдэгдэж байна.

Өрхийн эмнэлгүүдэд  ЭМШУИС-ийг төгссөн оюутнуудыг дадлагажигч эмч хэмээн өрхийн эмнэлэгт хуваарилж байгаа нь салбарын үйл ажиллагааны буруу бодлого гэж үздэг. Дадлага туршлага муутай, залуу хүнийг өрхийн эмнэлэгт ажиллуулснаар тогтвор суурьшилгүй байдгаас болоод иргэд анхан шатны тусламж авахаасаа илүү хоёр дахь шатны эмнэлэгт хандаж байна. Тийм учраас  өрхийн эмнэлэгт хамгийн туршлагатай, чадалтай эмч нарыг ажлуулж байж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай болох юм. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамнаас бодлогын төвшинд тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.