“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.10

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд долоо хоног бүрийн баасан гараг бүр цахим шуурхай зөвлөгөөнийг улс даяар зохион байгуулдаг болсон. 

Өнөөдрийн цахим хурлын эхэнд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдсэн ажил болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн талаар хэлэлцэв. 

2014 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 12 897 эх төрсөн нь 2013 оны эхний 2 сарын үзүүлэлттэй харьцуулахад төрөлт 510 тохиолдлоор буюу 4.1 хувиар нэмэгджээ. Мөн нялхасын болон 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлт гарсан байна. Хэдийгээр төрөлт нэмэгдэж, эндэгдлээ бууруулж байгаа ч гэрийн төрөлт, нас баралт төдийлөн буурахгүй байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд үүрэг болгов. 

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдсэн зарим ажлуудаас танилцууллаа. Үүнд:  

нялхасын болон 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлт гарсан байна.

  “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан. 

  ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө” боловсруулах 4 хоногийн сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалтад ЭХЭМҮТ, амаржих газрууд, аймаг, дүүргийн эх барихын болон хүүхдийн эмч, мэргэжилтнүүд оролцсон нь нярайн тусламж, үйлчилгээг сайжруулахад үр дүнгээ өгөх чухал үйл ажиллагаа боллоо. 

  “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ноос зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн эмнэлгийн стандарт, хяналт, үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Болормаа оролцож, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тус хэлэлцүүлэгт Багшийн их сургуулийн 160 гаруй оюутан оролцсон байна. 

  НҮБ-ын Хүн амын сангаас Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн сумын Эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эх барихын нэн шаардлагатай нийт 594 сая төгрөгийн өртөг бүхий багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. 

  “Монголын ирээдүй – Эрүүл хүүхэд” ТББ-аас ЭХЭМҮТ, Нийслэлийн I, II, III-аар амаржих газруудын нярайн асрах өрөөнд шинэ төрсөн нярайг угаах угаалтуур, гулгахаас хамгаалсан зориулалтын резинэн банн, усны хэм тааруулагч буюу халаагч, кварцын гэрэл, ус цэвэршүүлэх шүүлтүүр, бактери устгагч, нярайг хуурайлах, өлгийдөхөд хэрэглэгдэх асаргааны гудас, хүүхдийн жин зэрэг хэрэгцээт зүйлсийг иж бүрнээр нь байршуулан, хүлээлгэн өгсөн. 

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайдын Ахлах зөвлөх М.Туяа “Стресс менежмент болон зөвлөлгөө өгөх үйл явц” сэдвээр эмч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өглөө. 

Мөн Япон улсад “Эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эмч, эх баригч нарын сургалт”–д хамрагдсан ЭХЭМҮТ–ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Б.Базарсүрэн мэдээлэл хийв. Японы Кобе хотын Жайка Кансай сургалтын төвөөс манай улсын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтнүүдийн эмчилгээний ур чадварыг сайжруулах үүднээс зохион байгуулсан уг сургалтад Өвөрхангай, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ЭХЭМҮТ, 1-р амаржих газрын 10 гаруй эмч, мэргэжилтэн сар гаруйн хугацаанд хамрагдаж, ажиглах дадлага хийсэн юм. 

Эхчүүдийг төрөхийн өмнө богино хугацаанд тайвшруулах иллэг, дасгалыг хийлгэж, зөвлөгөө өгч, сэтгэлийн зүйн заслыг хийдэг нь эрсдэл, эндэгдэлгүй байлгахад чухал

Энэхүү сургалтыг гурван жил дараалан явуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь жилд Өвөрхангай, Ховд, Дорнод аймгийн БОЭТ, ЭХЭМҮТ, 2-р амаржих газар, харин гурав дахь жилдээ Орхон, Өмнөговь аймгийн БОЭТ, 1-р амаржих газар, 3-р амаржих газар, ЭМШУИС-ийн сувилахуйн ухааны факулътетын эмч, мэргэжилтнүүдийн хамруулахаар болжээ. 

Япон улсын хувьд 126 орчим сая хүн амтайгаас 0-14 насныхан 13 хувь, 65-аас дээш насныхан 25 хувийг тус тус эзэлдэг бол 100-аас дээш настай 70 орчим мянган хүн байдаг байна. 2011 онд нийт нэг сая 50 мянга гаруй эх төрснөөс 41 эх энджээ. Тус улсад жилээс жилд төрөлт багассаар байгаа. Эх барихад уламжлалт аргаа түлхүү ашигладаг бөгөөд эхчүүдийг айдасгүй, аюулгүй, ая тухтай орчинд амаржуулахад анхаарлаа хандуулдаг байна. Ингэснээр эхэд тохиолдох олон эрсдэлээс сэргийлэх боломжтой байдаг ажээ. Эхчүүдийг төрөхийн өмнө богино хугацаанд тайвшруулах иллэг, дасгалыг хийлгэж, зөвлөгөө өгч, сэтгэлийн зүйн заслыг хийдэг нь эрсдэл, эндэгдэлгүй байлгахад чухал болохыг Б.Базарсүрэн эмч онцлов.