Н.Удвал: Эмч нарын ур чадвар сул байгаа нь мэдэгдэж байгаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Энэ жил Эрүүл мэндийн салбарт “Соёлын довтолгоон” явуулна гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Дээр үед “Соёлын довтолгоо” гэж явдаг байсан. Харин энэ жил ЭМЯ-аас “Эрүүл мэндийн довтолгоо”-г өрнүүлэх гэж байгаа. Эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж авч үзвэл 55-60 хувь нь иргэн хүний амьдралын хэвшил, буруу зан үйлтэй холбоотой байдаг. Тийм учраас бид энэ жил эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг иргэдийн оролцоо болон бусад салбарын тогтолцоотой уялдуулна.
Соёлын довтолгооны ажлын хүрээнд бид хамгийн эхэнд бүх нийтэд цусны даралтийн боловсрол олгох ажлыг явуулна. Хүн бүр цусны даралтаа ихсэж, багасаж байгааг мэддэг болох хэрэгтэй. Мөн ихэссэн тохиолдолд ямар тусламж авахыг мэддэг байх ёстой юм. Ингэснээр “Монголчууд гэртээ цус харвадаггүй улс болъё” гэдэг зорилтыг тавьж эхлүүлж байна. Тиймээс Эрүүл мэндийг дэмжих сангийн 70 хувийг өрхийн болоод сумын эрүүл мэндийн төвд шууд шилжүүлнэ. Ингэж эрүүл мэндийн довтолгоог хийнэ.
Элэгний хорт хавдрын өвчлөлөөр монголчууд дэлхийд тэргүүлж байгаа. Тиймээс элэгний хорт хавдарыг ч мөн эрт илрүүлдэг, үзлэг оношилгоог эхлүүлж энэ өвчнийг эмчлэх ажлыг орон даяар явуулна. Монголчууд элэгээ солиулах хэмжээнд хүртлээ хүндрүүлж байгаад эмнэлэгт ирдэг. Энэ нь өвчтөнд болон эмчид хүндрэл үүсгээд байгаа учраас эрт илрүүлдэг болох хэрэгтэй юм.
- Иргэд 30 мянган төгрөгөнд тааруулсан оношилгоо, шинжилгээ хийлгэдэг. Тэгэхээр “Соёлын довтолгоо”-нд бүх иргэн хамрагдах уу. Эсвэл зөвхөн элэгний өвчлөл, цусны даралтыг л үзэх үү?
- Нэг иргэнд 1000 төгрөгөөр тооцоод 4.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийг дэмжих санд байлгадаг юм. Энэ мөнгөөр эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулна. Иргэн хүн өөрийгөө хорт хавдараар өвчлүүлэхгүйн тулд эрт сэргийлдэг болох мөн стрессээ хянах зэрэг сургалтын ажлуудыг хийнэ. Мөн архи, тамхинаас хамгаалах зэрэг мэдлэг мэдээллийг сайжруулах ажилд санхүүжилт хийнэ.
- Эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль УИХ-аар хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ талаар яам ямар бодлого баримталж байгаа вэ? Мөн албан бус төлбөрийг бууруулна гэсэн?
Монголчууд элэгээ солиулах хэмжээнд хүртлээ хүндрүүлж байгаад эмнэлэгт ирдэг.
- Албан бус төлбөр гэдэг нь хууль журмаар зөвшөөрөгдөөгүй төлбөр авахыг хэлдэг. Энэ албан бус төлбөрийн хэмжээг 2010 онд ДЭМБ-аас хийсэн судалгаагаар монголчуудын эрүүл мэндийн зардлын 41 хувийг албан бус зардал эзэлж байна гэж тогтоосон. Бид бүрэн эрхийнхээ хэмжээнд энэ төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын дутууг иргэдээс авахгүйн тулд төсөвтөө 33 тэрбумыг нэмж суулгах хэрэгтэй гэсэн тооцоо гарсан.
Мөн өндөр өртөгтэй мэс засал, тусгай хэрэгслийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж, хувь хүний төлдөг төлбөрийг бууруулахыг Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гаргаж, үүнд есөн тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоог оны эхэнд гаргасан. Эрүүл мэндийн даатгалын хууль бол иргэдийн санхүүгйин эрсдлийг даасан том хууль гэж үздэг.
Одоо энэ хуулийн төсөл УИХ дээр явж байгаа. Асуудлын гол нь юу гэхээр Иргэний эрүүл мэндийн даатгал нь бие даасан байгууллага гэдэг утгаараа салбаруудын хооронд зөрчил гардаг. Эрүүл мэндийн яамны хувьд даатгуулагчийн эрх ашиг хангагдаж, даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлтэй үед даатгалын сангаасаа ямар нэгэн шимтгэлгүй авч байвал болж байгаа нь тэр. Эрүүл мэндийн даатгалын энэ хууль даатгуулагчийн эрхийг хамгаалсан нилээн сайн хууль гарна гэдэгт итгэж байгаа.
- Төрөлт нэмэгдсээр байгаа энэ үед эмнэлэгийн асуудал нилээнд хүнд боллоо. Гэтэл “Буянт-Ухаа”-д баригдаж буй төрөх эмнэлэгийн барилгын ажил зогсоод байна. Энэ асуудалд ЭМ-ийн яам ямар байр суурьтай байгаа вэ?
- Тус эмнэлэг нь аудитын шалгалтаар зогсох барилгуудын жагсаалтад орсон. Тэгэхгүй гээд ч арга алга. Учир нь дэд бүтэц байхгүй, хөрөнгө мөнгө нь хэд дахин нэмэгдчихсэн байна. Энэ эмнэлэгийн барилга 2010 онд баригдаж эхэлсэн нь салбарын хөрөнгө оруултад маш их нөлөөлсөн. Төрөлт ихэссэн нь үнэн. Тиймээс Засгийн газраас хамгийн эхэнд гуравдугаар төрөх эмнэлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн СХД-ийн жишиг эмнэлэгийг төрх тасагтай хамт барих гэж байгаа.
- Сүүлийн үед гажигтай хүүхэд төрөх хандлага их байна? Үүнд цаашид яамнаас ямар арга хэмжээ авах вэ?
- ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэгдүгээр сард Удамзүйн лаборатори шинээр ашиглалтад орсноор ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн хэвлийд нь оношлох боломжтой болсон. 2014 оны эхний хоёр сарын байдлаар нийт 11 төрлийн 85 гажиг бүртгэгдсэн. Үүнээс 50,6 хувь нь орон нутагт 49,4 хувь нь нийслэлд төрсөн байна. Ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд оношлоод эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог. Гэхдээ сайн мэдээ бас бий. 2014 оны эхний хоёр сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 29 хувь, тав хүртлэх насны хүүхдийн эрүүл мэнд 19 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй. Өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад шүү дээ.
- Өнгөрсөн жилүүдэд эмч нарын зүгээс маш их хариуцлагагүй үйлдлийг гаргасан. Хариуцлага алдсан эмч нарт хариуцлага тооцсон уу?
- Өмнө нь хариуцлагын асуудлаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байгаагүй. Харин энэ жилээс Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгал гэж хууль өргөн баригдах гэж байна. Түүнчлэн эмнэлгийн ажилтны хариуцлага ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа байгаа. Үүнийг бууруулах бодлогыг яамнаас гаргаж эхэлсэн.
Бүртгэл мэдээлэл авч байна. Алдаа гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байна. Шинэчлэл хийгдэж байна. Мөн хууль хяналтын байгууллагаар хариуцлага хүлээж, эмчлэх, сувилах, эм барих эрхээ хасуулсан олон хүн бий. Мөн анагаахын боловсон хүчин бэлддэг сургалтын чанар мууджээ.
- Анхан шатны эмнэлгийн эмч нар туршлага, мэдлэгтэй байх ёстой гэдэгт та юу хэлэх вэ?
- Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулийн чанар маш муудсан. Төгсөгчдийн чанар муу байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд долоо хоног бүр хот хөдөөгийн эмнэлгүүдтэй теле хурал хийж, хүүхэд яагаад эндэв, эх яагаад гэртээ төрөв зэрэг асуудлыг тодруулдаг. Хэлэлцэж байх явцад эмч нарын ур чадвар сул байгаа нь мэдэгдэж байна. Өрхийн эмнэлгүүдэд ЭМШУИС-ийг төгссөн оюутнуудыг дадлагажигч эмч хэмээн өрхийн эмнэлэгт хуваарилж байгаа нь салбарын үйл ажиллагааны гажиг гэж үздэг.
Дадлага туршлага муутай, залуу хүнийг өрхийн эмнэлэгт ажиллуулснаар тогтвор суурьшилгүй байдгаас болоод иргэд анхан шатны тусламж авахаасаа илүү хоёр дахь шатны эмнэлэгт хандаж байна. Тийм учраас өрхийн эмнэлэгт хамгийн туршлагатай, чадалтай эмч нарыг ажлуулж байж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай болох юм. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамнаас бодлогын төвшинд тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.