М.Энхболд: Хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэе
МАН-ын дарга М.Энхболд
2014.03.14

М.Энхболд: Хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэе

УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулсаар ирсэн.

Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах уриалга гаргаж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч байна. Мөн МАН-ын бүлгийн дарга, гишүүд нийслэлийн валют арилжааны төв, хүнс барааны захуудад ажиллаж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Үүний зэрэгцээ МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилгаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг "Бүтээлч Монгол-Бодлоготой хөгжье" уриан дор зохион байгууллаа.

МАН-ын дарга М.Энхболд:

- "Эрх баригчдад нэгдсэн бодлого, төлөвлөгөө алга. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засаг хямраагүй, зах зээл бүхнийг зохицуулна гээд яриад сууж байгаа нь хариуцлагагүй, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Зөвхөн нэг жилийн дотор бизнесийн орчин хэрхэн хумигдсан талаар хэдэн жишээ хэлье.

Ийм байхад эдийн засаг хөгжиж байна, эдийн засаг хөгжлөө гэж ярих нь бодит байдалд нийцэхгүй байна гэв.

Тухайлбал, 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж тус тус буурчээ. Эдийн засаг хэрхэн хүндэрснийг товч дүгнэхэд байдал ийм л болж доройтоод байна" гэлээ.

Түүний мэдээлснээр ОУВС Монголын эдийн засагт хийсэн дүгнэлт, зөвлөмжөө өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Уг тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 онд хоёр оронтой тоонд хүрэхгүй 9.5 хувьтай байхаар тооцоолсон байна. Мөн ОУВС, Дэлхийн банкны хамтарсан “Өрийн зохистой байдлын анализ /DSA/” судалгаагаар өрийн дарамтад орох эрсдэлтэй, банкны салбар эмзэг байгааг анхааруулсныг тэрээр энэ үеэр мэдээллээ.

2013 онд Засгийн газар улсын нэгдсэн төсвийн 6,177 их наяд төгрөг, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөг, "Чингис" бондын 1,5 тэрбум ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл 280 сая ам.доллар, дотоодын зээл 890 тэрбум төгрөг гээд нийт 13 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ий 63 хувийг эзэлж байхад эдийн засгийн өсөлт дөнгөж 11,7 хувьтай гарсан нь  чамлалттай байгааг ч мөн онцлов.

Өнөөдрийн байдлаар улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар /10 их наяд 15 тэрбум/ дээр Засгийн газрын дотоод өр 1 их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна.

Энэ их өр, зээлийн хүүг зөвхөн 10 хувь гэж бодоход 1 тэрбум 921 сая ам.доллар буюу өнгөрсөн оны 12 сарын дундаж ханшаар тооцоход 3 их наяд 265 тэрбум төгрөг болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр өнгөрсөн оны эдийн засгийн 11,7 хувийн өсөлт зөвхөн гадаад өрийн хүүний үйлчилгээг төлөхөд 6,9 хувиар дутаж байна. Ийм байхад эдийн засаг хөгжиж байна, эдийн засаг хөгжлөө гэж ярих нь бодит байдалд нийцэхгүй байна гэв.

МАН-ын дарга М.Энхболд "МАН сөрөг хүчин гээд эрх баригчдыг зөвхөн шүүмжлэх биш, эрх баригчдын алдааг засч залруулж, хамтын хүчээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байна. Энэхүү хэлэлцүүлгээр хямралыг хэрхэн яаж хохирол багатай даван туулах, эдийн засгийг сэргээх чиглэлд ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ямар алхмуудыг хийх талаар Та бүхний санал санаачилга, зөвлөгөө чухал хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Үг сонсох, тэр дундаа мэргэжлийн хүний үгийг сонсоно гэдэг нь бодлого боловсруулагчдад маш чухал гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна" гэлээ.
       Мөн хэлэлцүүлэгт оролцож буй эрдэмтэн судлаачид, эдийн засагчид Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд ямар онош тавьж, шинжилгээ хийснээ танилцуулав.