Эдийн засаг хүндэрснийг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлэв
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2014.03.14

Эдийн засаг хүндэрснийг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлэв

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилгаар  өнөөдөр “Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах вэ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо. 

Төрийн ордноо үе үеийн эдийн засагч нар цугларч, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлсэн юм. МАН-ын бүлгийн зүгээс эдийн засгийн хямрал үүсэх шалтгаан, эдийн засгийн бууралтыг Засгийн газарт  ойлгуулах талаар сануулга өгөх, шаардлага хүргүүлэх зэргээр олон удаа сөрөг хүчний үүргээ биелүүлж байсан боловч Засгийн газраас арга хэмжээ авахгүй, эдийн засаг хүндрээгүй, сайхан байна гэх мэтээр ярьж байгаа учраас ийнхүү эрдэмтэд, судлаачдын саналыг сонсч, зөвлөмж гаргахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт, МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, улс орны эдийн засагт нүүрлээд буй сорилт бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, хүндрэлээс хохирол багатай гарах гарцын талаар байр сууриа илэрхийлж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд "Хойшоо биш урагшаа харж, үгүйсгэж биш бүтээж, эрхээ эдэлж биш үүргээ биелүүлж улсаа хөгжүүлэн бэрхшээлийг давна. Бид нэг Монгол" хэмээн онцлов. Хэлэлцүүлгийн дүнд эдийн засаг хүндэрснийг дуу нэгтэйгээр хэлж байлаа. Ямартай ч уг хэлэлцүүлгийн дүнд эрх баригчдад  тодорхой асуулгыг хүргэж, дорвитой ажил хийхийг сануулахаар боллоо.