Н.Удвал: Эрүүл мэндийн салбарын хувьд 2014 он бол гурван сая дахь иргэнээ тосч авах онцгой жил
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.04

Н.Удвал: Эрүүл мэндийн салбарын хувьд 2014 он бол гурван сая дахь иргэнээ тосч авах онцгой жил

2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа.

-2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийгдэх вэ?

-Өнгөрөгч он бол эрүүл мэндийн салбарын хувьд хариуцлагатай жил байсан. Эрүүл мэндийн салбарын хариуцлага, хяналтыг сайжруулах жил болгон зарласан учраас тэр шүү дээ.

Ер нь 2013 онд эрүүл мэндийн салбарт нэлээд олон өөрчлөлт, шинэчлэлт гарсаныг хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохиогдсон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр тавьсан илтгэлдээ тодорхой дурьдсан. 2013 онд бид юуны өмнө хөрөнгө оруулалтын томоохон бодлого явуулж, шинэ технологиуд нэвтрүүлсэн.

Анх удаа Удамзүйн лабораторитой болж, төрөлхийн гажиг хөгжлийг эрт буюу эхийн хэвлийд байхад нь оношилдог технологи нэвтрүүлсэн. Улсын хэмжээнд эрүүл мэндийн нэгдсэн сүлжээнд бүх аймгуудаа холбож маш бага зардлаар үр дүнтэй ажлуудыг хийдэг болж байна. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэндийн шуурхай зөвлөгөөнийг улсын хэмжээнд хийж байна.

Улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмж ихээхэн хуучирсан байсныг иж бүрэн сольсон.

Үндэсний шууд харьяа байгууллагууд сүлжээнд бүрэн холбогдсон. Өвчтөндөө оношилгооны болоод эмчилгээний зөвлөгөө өгдөг, эмч нар өөрсдөө сургалтаа явуулдаг, онлайнаар шалгалтаа өгөөд лицензээ авчихдаг дэвшингүй ажлыг өнгөрсөн онд хийсэн. Түүнээс гадна 11 аймагт улсын хэмжээний гурав дахь шатлалын эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, оношилгооны төвтэй болгох ажил нээлтээ хийх гээд суурилагдаад байж байна.

Улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмж ихээхэн хуучирсан байсныг иж бүрэн сольсон. Энэ жил бид Улсын I төв эмнэлгийнхээ Урологийн тасгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн солих, тоног төхөөрөмжөө шинэчилж, тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах ажлыг эхлүүлсэн.

-Орон нутагт хийгдэж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Түүнээс гадна эх, нярайн эндэгдлийг бууруулах зорилгоор Люксембургийн Засгийн газрын тусламжтай хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтээр 21 аймгийг эх, нярайн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангасан. Хөдөө, орон нутагт шинжилгээ өгсөн 10 хүний гурав нь төв рүү явж байна. Долоог нь орон нутагт эмчилж байна. Өөрөөр хэлбэл, чирэгдлийг 70 хувь бууруулах сайхан дэвшил гарч ирж байна гэж аймгууд тодорхой судалгаатай хэлж байна.

-Өнгөрсөн жилийн хувьд Монголын хүн амын өсөлтийн дээд цэгтээ хүрсэн жил байлаа шүү дээ. Энэ жилийн сүүлээр ирэх жилийн эхээр манай улс гурван сая дахь иргэнээ хүлээж авах нь байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
2013 он Монголын хүн амын өсөлтийн оргил жил байсан. Хүн амын цэвэр өсөлтийн шалтгаан нь нэгдүгээрт төрөлт, хоёрдугаарт нас баралтаас шалтгаалдаг.

-2013 он Монголын хүн амын өсөлтийн оргил жил байсан. Хүн амын цэвэр өсөлтийн шалтгаан нь нэгдүгээрт төрөлт, хоёрдугаарт нас баралтаас шалтгаалдаг. Төрөлт өндөр, нас баралт бага байвал өсөөд л байдаг. Ийм учир өнгөрсөн жил төрөлт өндөр байснаас гадна бид нас баралтыг 5,6 хувиар бууруулж чадсан.

2014 он бол өнгөрсөн жилээс илүү хариуцлагатай жил. Яагаад гэвэл бид гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж байна. Тийм учир “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Эхний хоёр сарын байдлаар энэ ажил маш үр дүнтэй хэрэгжиж байна. 2012, 2013 оны эхний хоёр сарыг 2014 оны эхний хоёр сартай харьцуулахад 0-1 настай нялхасын эндэгдлийг 26 хувиар бууруулсан.

1-5 настай хүүхдийн эндэгдэл 19 хувиар буурч байгаа. Энэ эрчээ алдахгүйн тулд олон ажил эхлүүлсэн. Эндэж байгаа хүүхдийн 60 гаруй хувь нь эхний гурав хоногтоо энддэг. Тийм учир НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын зөвлөхүүдийг авчираад тав хоног сургалт явуулсан. Яаж чанартай тусламж үзүүлэх вэ, ямар төлөвлөгөөгөөр ажиллаж байна вэ гэж эрчимтэй ажиллаад явж байна. Тийм учир өнгөрсөн жил сайн үр дүн гарсан.

-Нялхсын эндэгдлийн хэдэн хувь нь эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн буруугаас болсон талаар судалгаа ер нь бий юу?

-Шалтгаан нөхцлийг нь тодор­хойлно. Газар болгонд харилцан адилгүй байгаа. Аль нь эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хариуц­лагагүйгээс, аль нь иргэний хариуцлагагүйгээс болж байгаа талаархи бүх материалыг Эрүүл мэндийн сайдын хувьд нэг бүрчлэн шалгаж, үзэж байна. Амьгүй төрөлт, дутуу төрөлт, гажиг хөгжил, эндэгдэл болгоны талаархи мэдээллийг өөрийн хяналтдаа авсан учир энэ ажил эрчимжинэ. Олон улсын байгууллага ч нэлээд сайн дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлж байна.

-Манай улсын хүн амын нас баралтын гол шалтгаан бол хорт хавдар. Иргэд хорт хавдрын сүүлийн шатанд нь оношлуулж байгаа нь үүнтэй холбоотой гэж эмч мэр­гэжилтнүүд хэлж буй. Үүнийг бууруулахын тулд, урьд­чилан сэргийлэхийн тулд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Ер нь энэ он эрчимтэй шинэчлэлийн жил. Эрчимтэй шинэчлэлийн жил гэдэг маань иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Хамгийн гол нь бүх нийтийг цусны даралтын боловсролтой болгох зорилт тавьсан. Иргэн хүн, монгол хүн болгон цусны даралтаа мэддэг, ихсэхээр нь ямар тусламж авдаг талаар тодорхой мэдлэгтэй болох цаг болсон.

Гэртээ цус харвадаггүй ард түмэн болох хөдөлгөөн эхлүүлэх гэж байна. Энэ хүрээнд бүх сумын эмнэлгийг суурин цусны даралтын аппаратаар хангана. Томоохон аж ахуйн нэгжүүд, олон ажилтантай байгууллагуудыг суурин даралтын аппаратаар хангаж цусны даралтын тухай мэдлэг олгоно. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хорт хавдар.

Хорт хавдар дотроо элэгний хорт хавдраар манай улс дэлхийд нэгдүгээрт явж байна. Энэ жил бид элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг хийнэ. Энэ өвчин бол сэргийлж болдог, эрт оношилвол эмчилж болдог өвчин. Хоёрдугаарт, Монгол оронд эмчилж оношилж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.

Хоёр замаар үзүүлнэ. Нэгдүгээрт лавлагаа төвүүдээ чадавхижуулж, энэ тусламж үйлчилгээг үзүүлж чаддаг болно. Гаднаас импортолдог тусламж үйлчилгээний багийг авчирч тусламж үзүүлбэл монголчуудын гадагшаа явдаг зардлыг бууруулах ач холбогдолтой.