С.Одонтуяа: Эмэгтэй гишүүдийн хувьд шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр цочирдсон
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2013.12.30

С.Одонтуяа: Эмэгтэй гишүүдийн хувьд шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр цочирдсон

Г.Алтанхүү гэгчид зодуулж амиа алдсан байх магадлалтай 21 настай бүсгүй Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлт олон нийтийн дургүйцлийг дахин төрүүлээд байгаа.  

Учир нь энэ сарын 16-нд гарсан шүүх эмнэлэгийн дүгнэлтэд талийгаачийг цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй гэж дурдсан юм.

Хэт нэг талыг барьсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй Талийгаачийн гэр бүлийнхэн санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, АТГ-т шалгуулахаар болсон.

Гэмтлийн эмч гэмтлээс үүдэж амиа алдсаныг нотолсон байхад шүүх эмнэлгийн дүгнэлт зөрж байгаа нь өрөөсгөл дүгнэлт болсон байх үндэслэлтэй гэж эмэгтэй парламентчид үзэж, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд амиа алдсан эмэгтэйд задлан шинжилгээ хийсэн эмч нар болон хүрээлэнгийн удирдлагыг олон нийтийн өмнө гаргасан дүгнэлтээ тайлбарла гэдэг шаардлагыг тавьж байна. Мөн хохирч байгаа эмэгтэйчүүдийн асуудалд төр ямар нэгэн байдлаар буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлэн, хууль тогтоомжинд энэ асуудлыг нарийн суулгаж өгөх шаардлагатай гэж мэдэгдсэн юм. Эмэгтэй гишүүд шүүх эмнэлэгт хүргүүлж байгаа шаардлагынхаа хариуг долоо хоногийн хугацаанд багтааж өгөхийг шаардлаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ “Эмэгтэй гишүүдийн хувьд шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр цочирдсон. Холбогдох газруудаас тодорхой тайлбар авсны дараа албан тушаалаа ашиглаж,  буруу дүгнэлт гаргасан эмч, түүнд нөлөөлсөн хүмүүст хариуцлага тооцуулна.

Ямар ч байсан энэ хэргийг ингээд орхиж болохгүй. Малайз улсад амиа алдсан бүсгүйчүүдийн асуудал ч бас анхаарал татаж байна. Хохирогчийг хэн байсан талаар шүүмжлэх хүмүүс байна. Тухайн хүн хэн байхаас үл хамаарч, Монголын төр иргэнээ хамгаалах үүрэгтэй” гэлээ.