Сэтгэл санааны хохирлыг үнэлж, хариуцлага тооцдог болно
Эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлж, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
2014.01.02

Сэтгэл санааны хохирлыг үнэлж, хариуцлага тооцдог болно

Найз залуу Г.Алтанхүү гэгчид зодуулж амиа алдсан 21 настай бүсгүй Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлт олон нийтийн дургүйцлийг дахин төрүүлж, хэвлэл мэдээллээр энэ тухай бичиж байна.

Учир нь энэ сарын 16-нд гарсан шүүх эмнэлэгийн дүгнэлтэд талийгаачийг цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй гэж дурдсан байдаг. Хэт нэг талыг барьсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй Талийгаачийн гэр бүлийнхэн санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж, АТГ-т шалгуулахаар болсон. 

Гэмтлийн эмч гэмтлээс үүдэж амиа алдсаныг нотолсон байхад шүүх эмнэлгийн дүгнэлт зөрж байгаа нь өрөөсгөл дүгнэлт болсон байх үндэслэлтэй гэж эмэгтэй парламентчид үзэж байгаа юм. Энэ талаар Эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлж, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, М.Батчимэг нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Тэд амиа алдсан эмэгтэйд задлан шинжилгээ хийсэн эмч нар болон хүрээлэнгийн удирдлагыг олон нийтийн өмнө гаргасан дүгнэлтээ тайлбарла гэдэг шаардлагыг тавьж байна.   Мөн хохирч байгаа эмэгтэйчүүдийн асуудалд төр ямар нэгэн байдлаар буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлэн, хууль тогтоомжинд энэ асуудлыг нарийн суулгаж өгөх шаардлагатай гэж мэдэгдлээ.

Эмэгтэй гишүүд шүүх эмнэлэгт хүргүүлж байгаа шаардлагынхаа хариуг долоо хоногийн хугацаанд багтааж өгөхийг шаардаж байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодруулсан юм.  

Тангарага өргөсөн эмч албан тушаалаа урвуулан ашигласан бол яах вэ?  

Эмэгтэй гишүүдийн хувьд шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр цочирдсон. Холбогдох газруудаас тодорхой тайлбар авсны дараа албан тушаалаа ашиглаж,  буруу дүгнэлт гаргасан эмч, түүнд нөлөөлсөн хүмүүст хариуцлага тооцуулна. Ямар ч байсан энэ хэргийг ингээд орхиж болохгүй. Малайз улсад амиа алдсан бүсгүйчүүдийн асуудал ч бас анхаарал татаж байна. Хохирогчийг хэн байсан талаар шүүмжлэх хүмүүс байна.

Тухайн хүн хэн байхаас үл хамаарч, монголын төр иргэнээ хамгаалах үүрэгтэй.    Эдгээр асуудал нийгмийн сэтгэл зүйд маш хүчтэй цохилт өгч байна. Тиймээс нийгмийн хүчтэй дэмжлэгийг авч байж, асуудлыг зөв зүйтэй шийдвэрлүүлэхэд нөлөөлөх болов уу гэж бодож байна. Ер нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдах аймшигт хэргүүд ар араасаа гарах боллоо.  

Жилд дунджаар 2000 орчим хүчирхийллийн хэрэг гарч байна. Эдгээр хэргийн хохирогчдын 80 орчим хувь нь охид бүсгүйчүүд байдаг. Хэдийгээр өнөөдөр цөөнгүй хэргийг илрүүлж байгаа ч тэдгээрээс 10 эсвэл 20 дахин их хэрэг илрэхгүй өнгөрч байх магадлалтай.    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэд нь түүнд өртөгсдийн ойрын хүн болохоор хохирогчид ихэвчлэн нуун дарагдуулж өнгөрдөг байх.

Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх гарц биш гэдгийг, хугацаа алдсанаар илүү хүнд байдалд орж болох талаар ухуулга, нөлөөллийн ажлыг тогтмол хийж байх хэрэгтэй байх ...   Өмнөх хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүргийг хорооны нийгмийн ажилтан болон цагдаагийн хэсэгт оногдуулсан байдаг. Гэтэл тэдэнд сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах төсөв бадаггүй.  

Тиймээс энэ тал дээр нэлээд онцгойлон анхаарч, дорвитойхон арга хэмжээ авахаар эмэгтэй гишүүд маань идэвхийлэн ажиллаж байна. Тухайлбал, удахгүй өргөн барих гэж буй Хүчирхийллийн тухай хуулийн төслөөр нийслэлд болон хөдөө орон нутагт олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.  

Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн, энэ ажилд зориулагдсан төсөв мөнгө байхгүй. Өнөөдөр хийж байгаа энэ их бүтээн байгуулалтын орлогыг хүнийхээ хөгжилд зарцуулах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч мөн нөлөөлөл, танин мэдэхүйн ач холбогдолтой нэвтрүүлэг, нийтлэлүүдийг бэлтгэн цацаж байгаасай гэж хүсч байна.   

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төсөлд тусгагдсан шинэлэг зүйл нь юу юм бол?  

Энэ хуулийн төсөл УИХ-д хараахан өргөн баригдаагүй, анхан шатандаа явж байгаа. Гэрчийг хамгаалах тухай хууль болон Гэмт хэргийн тухай хуулиудад тусгагдаагүй, урьд нь гэмт хэрэгт тооцогддоггүй байсан үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцох заалтуудыг энэ хуулийн төсөлд нэлээд оруулж өгч байгаа юм.   Мөн сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлэх вэ, энэ төрлийн хохирол учруулсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг ч тусгаж өгсөн.

Манайд хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд ихэвчлэн орон гэрээсээ оргон зугтдаг бол бусад улсад тэднээс саналыг нь асуудаг. Хохирогч хүсвэл нөхрийг нь явуулж, өөрөө гэртээ үлдэх боломжийг хангаж өгдөг.   Учир нь эмэгтэйчүүд хэдий их айдас түгшүүртэй амьдарч байгаа ч гэлээ үргэлж ар гэрийнхээ төлөө санаа тавьж байдаг. Энэ туршлагыг ч бас манайд нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Төсөл өргөн баригдаад, хэлэлцүүлэг өрнөх явцад сайжруулаад явах боломжтой.