Нийгмийн хамгааллын ажилчид амьдрах орон сууц, ажиллах байртай боллоо
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа.
Дээрх аймгуудад нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн барилгын шав тавих ёслол болон нийгмийн халамж үйлчилгээний ажилчдын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болж байгаа юм. Ийнхүү орон нутагт нийгмийн хамгаалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажилчид амьдрах орон сууц, ажиллах бие даасан байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх орчин бүрдсэн гэж хэлж болох юм.
Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байр буюу иргэдэд үйлчлэх төв ашиглалтад орвол нийгмийн хамгааллын бүх зорилтод бүлгийн иргэн бүрд нь ямар нэгэн чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэх аж. Тодруулбал, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, тэтгэвэр тэтгэмжид хамрагдах үйлчилгээ гээд нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээ нэг цэгт төвлөрөх юм байна. Эдгээр барилгын төсөв нь шийдэгдсэн учир барилгын ажил тун удахгүй эхлэх бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Ер нь орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг тэр бүр хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс ч асуудлыг дан ганц Сэлэнгэ, Дархан-Уул аймагт бус өөр хэд хэдэн аймагт шийдэх гэж байгаа талаар салбарын сайд онцолсон юм. Уг ажлын хүрээнд Орхон аймаг Нийгмийн халамжийн төвийн барилгаа ашиглалтад оруулан нээлтийн ёслолоо хийсэн юм.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:
Халамжийн хэлтсүүдийн хувьд өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс байж байгаад хоёр хуваагдсан.
“ХАХНХЯ-аас салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, салбарын орон нутгийн байгууллагуудын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр нэлээд анхаарч томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Халамжийн хэлтсүүдийн хувьд өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс байж байгаад хоёр хуваагдсан. Тиймээс ч 7-10 аймаг, дүүрэгт ажлын байрны асуудал үүссэн.
Энэ жил таван аймагт Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн буюу иргэдэд үйлчлэх төвийн байрны асуудлыг шийдэж байгаа. Тодруулбал, Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан аймаг, Улаанбаатар гэсэн таван газрын байрыг шийдсэн. Энэ хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хэлтсийн байрны шав тавих ёслолыг хийж байна. Эрдэнэт хотын байр ашиглалтад орж байгаа” гэлээ.
Тиймээс нийгмийн хамгийн их анхаарал халамж шаардсан хэсэг буюу халамжийн үйлчилгээ авдаг иргэддээ үйлчилгээ үзүүлэх тохилог байртай болсоноор олон давуу талууд бий болох нь ойлгомжтой юм. Учир нь Нийгмийн халамжийн байгууллага нь зөвхөн халамжийн төрөл бүрийн мөнгө өгдөг байгууллага биш учир сэтгэл зүйн дарамтад орсон, амьдрал амьжиргаа нь хүнд болсон, бухимдсан гээд маш олон хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эд материалын дэмжлэг үзүүлэх зэрэг маш олон буюу 60 гаруй төрлийн үйлчилгээг иргэддээ үзүүлдэг байгууллага.
Тиймээс өөрийн гэсэн байртай болохоор иргэдэд хүрэх үйлчилгээ нэг дор төвлөрөөд хүндрэл чирэгдэлгүй болох бүрэн боломж нээгдэж байгаа гэдгийг салбарын ажилчид хэлж байлаа.
ХАХНХЯ-наас өрнүүлж буй өөр нэг ажил нь салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ хүрээнд нийгмийн хамгаалын чиглэлээр ажилладаг 20 ажилтан шинэхэн орон сууцныхаа түлхүүрийг гардсан аж. Харин энэ удаад Орхон аймгийн төв Эрдэнэт хотод мөн 20 ажилтан түлхүүрээ гардаж авлаа. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хөдөө орон нутгийн нийтдээ 280 орчим ажилтан албан хаагчид орон сууцтай болсон байна. Харин энэ онд нийгмийн хамгааллын салбарын 300 гаруй албан хаагчидыг орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгааг салбарын сайд онцолж байлаа.
Энэхүү орон сууц хөтөлбөр шинэчлэлийн Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд нийгмийн хамгааллын чиглэлээр ажилдаг ажилтан албан хаагчдад олон төрлийн хөнгөлөт эдлүүлж байгаагаараа онцлог юм байна.