Г.Тунгалаг: Улаанбаатарыг хүрээлсэн тойрог замтай болно
Монголын инженер геологичдын холбооны гүйцэтгэх захирал Г.Тунгалагтай ярилцлаа.
-Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гаргахаар юуны өмнө инженер геологичид газар сонголт, судалгаа хийж байгаа. Энэ ажлынхаа мэдээллээс бидэнтэй хуваалцаач?
1980 оноос хойш инженер геологийн зураглалын ажлыг хийлээ. Монгол оронд инженер геологийн алба 1940-өөд оноос үүсч хөгжсөн.
Би инженер болсноосоо хойш олон хот байгуулалтад оролцож байна. Одоо бид сүүлийн нэг жилийн хугацаанд хот байгууллалтын ерөнхий төлөвлөгөөн дээр ажиллаж, хотыг тэлэх газрын судалгааг хийж байна.
Хаана нь зам, үйлдвэрээ байгуулах вэ, хаана нь хүмүүсээ байлгах вэ гээд судалдаг. Ер нь хотыг Багануур, Налайх, Багахангай гээд дагуул хотуудаар нь тэлж хөгжих боломжтой гэж үзэж байгаа.
-Энэ ажил хэзээ дуусах вэ. Танай судалгаагаар хотын хааш нь өргөжүүлвэл зүйтэй байна?
Ирэх тав, зургадугаар сард Засгийн газарт хүлээлгэж өгнө. Гол нь замын асуудал хурцаар тавигдаж байна. Нэг зам тавих гэхээр дунд нь хашаа барьсан айлууд байдаг. Гэхдээ удахгүй газар чөлөөлөх хууль батлагдаж асуудлыг шийднэ.
Хотод үйлдвэр барихад хэцүү. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Налайхад барилгын материалын үйлдвэрийн паркийг барих газар сонголт хийсэн. Байгаль орчин, эдийн засаг, хөрсний байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзах ёстой.
Ер нь Налайхын урд хэсгээр л баригдах байх. Хотын тэлэлтийг харвал Хөшгийн хөндийд орон сууц баригдаж, хотоос хурдны зам очвол Өлзийт, Гавжийн шанд зэрэг хороолол руу нэлээн тэлнэ. Хотыг тэлэх нэг үндэс нь дагавар хотуудыг хөгжүүлэх явдал. Тэнд нийгмийн дэд бүтэц хөгжсөн учир тухайлбал хотоос оюутны хотхоныг гаргах боломжтой.
-Ирэх жилүүдэд манай хотод ямар том бүтээн байгуулалт хийгдэх вэ?
Хотын хувьд 3-4 том тойрог замын ажил яригдаж эхэлсэн. Баянхошууг тойруулаад, Богд уулын ар өврөөр тойруулаад том тойрог хийчихвэл хотыг тойрсон том замтай болно. Мөн Туул, Сэлбийн далангуудыг өргөтгөж, өндөрлөөд хурдны зам хийх байх.
Улаанбаатарынхан утаатай хонхортоо байх эсэхийг мэдэхгүй байна.
-УБ хотын хот байгуулалтын төлөвлөлтийг харвал савнаасаа хальсан ус мэт харагдаж байгаа. Таны бодлоор?
1990-ээд оноос хойш ерөнхий төлөвлөгөөг барихгүйгээр замбараагүй газар олгосон.
Энд тэндгүй байшин барилга бариад эхэлсэн. Одоо өөрчлөх хэрэгтэй. Ер нь нийслэлийг нүүлгэх асуудал олон удаа яригддаг. Дэлхийн жишээг харахад хотоо нүүлгэсэн байдал нь эрсдэлтэй нүүр тулдаг. Нийслэлээ нүүлгэж өчнөөн барилга барьсан ч хүмүүс нь тийшээ очихгүй байсаар эзэнгүй байшин болж хувирдаг.
Гэхдээ Улаанбаатарынхан утаатай хонхортоо байх эсэхийг мэдэхгүй байна.