Г.Тунгалаг: Хөрсний шинж чанар барилгын ирээдүйг тодорхойлдог
Монголын инженер геологичдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын жижиг дунд уул уурхайнуудын Монмин нийгэмлэгийн тэргүүн Г.Тунгалаг
2013.10.02

Г.Тунгалаг: Хөрсний шинж чанар барилгын ирээдүйг тодорхойлдог

Монголын инженер геологичдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын жижиг дунд уул уурхайнуудын Монмин нийгэмлэгийн тэргүүн Г.Тунгалагтай барилгын салбарын хөгжилд инженер геологичдын хэр байдаг талаар ярилцлаа.

-Юуны өмнө инженер геологичид барилгын салбарт ямар үүрэгтэй талаар ярилцья.

Монголын инженер геологичдын холбоо маань хорь гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн. Монголын бүх барилга байгууламж шугам сүлжээ, авто зам, төмөр замын хөрсний шинжилгээг хийж, зураг төслийн өмнөх ажлыг хийдэг. Сүүлийн үед бид томоохон бүтээн байгуулалтад оролцож байна. Ер нь барилгын салбарт инженер геологичид их үүрэгтэй. Тэд тухайн барилга баригдах газрын хөрсний шинжилгээг хэрхэн хийснээс хамаарч барилгын цаашдын ирээдүй тодорхойлогддог. Одоогийн байдлаар бид Даланзадгад, Сайншанд, Чойрын 1100 км төмөр замын геотехникийн судалгааг хийгээд байна. Мөн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замын судалгааг хийж байна.

Барилга байгууламжийн хувьд бүх аймаг, сумын төвүүдэд судалгаа хийж ажиллаж байна. Улаанбаатар болон Багануур, Багахангай, Налайх зэрэг

2016 онд ашиглалтад орох олон улсын нисэх онгоцны буудлын шав тавих ёслолын ажиллагаа Төв аймгийн Хөшгийн хөндийд боллоо. 2013.06.12

дагуул хотууд, Хөшигийн хөндийг хамарсан 2030 он хүртэлх бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд инженер геологийн томоохон судалгааг хийж байгаа.

Хаана нь үйлдвэр барих вэ, хаана нь хүн амьдрах вэ гэдгээ хөрсний онцлогоор судалдаг. Энэ судалгаа эхлээд жил болж байгаа, ирэх жил дуусна. Түүнчлэн бид монгол орныхоо хэмжээнд инженер геологийн нэгдсэн сан байгуулах зорилгоор томоохон хэмжээний судалгааг эхлүүлсэн. Сангийн мэдээллээс харж байгаад уурхай, метрогоо хаана барихаа төлөвлөх учиртай юм.

-Инженер геологийн судалгааг арай ойлгомжтой тайлбарлахгүй юу?

Барилга барих хөрсний шинж чанар, нөхцлийг нь судлаад түүнд нь тохируулж барилгын зураг төсөл гаргадаг. Ямар суурь, даацын хана хийх вэ, юунд анхаарах вэ гэдэг нь энэ судалгаанаас харагддаг. Түүнчлэн уул уурхайн салбарт гэхэд олборлолт, хайгуулын дараах хөрсний байдлыг судалдаг. Мөн үйлдвэрлэлтэй зэрэгцээд судалгааг хийж болдог. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж хөрсний нуралт үүсдэг. Мөн  далд уурхайд даац нь хэд байгааг манай инженерүүд л тооцож, судалдаг.

Ашиглалтын явцад гарсан чулуу, шороог ашиглаж болох эсэхийг судална. Нөхөн сэргээлтийн газрын тооцоолно. Их чухал салбар.  

-Тэгэхээр зураг төсөлчидтэй нягт хамтарч ажилладаг гэсэн үг үү?

Тийм. Зураг төслийн анхан шатны судалгааг нь хийж өгдөг гэсэн үг. Гэр хороолол, орон сууцны төлөвлөлт, Улаанбаатарын метроны шугамын хайгуулыг хүртэл ид хийж байна.

-Өнөөдөр барилгын салбарт тулгамдаж буй асуудлын талаар манай сайт хөндөж, хөгжлийг урагшлуулахад экспертүүдийн дуу хоолойг хүргэж байгаа юм. Таны хувьд өөрийн санал бодлоо илэрхийлнэ үү?

Социализмын үед инженер геологийн судалгаа нь барилга байшингаа хөрс, газар хөдлөлтөөс яаж хамгаалах вэ гэдэг үндсэн чиглэлтэй байсан. Өөрөөр хэлбэл яаж баривал байгалийн унаган төрхөд хор нөлөөгүйгээр барих вэ гэдгийг бодолцдог гэсэн үг. Харин одоо эсрэгээрээ болсон.

Барилга барихын өмнөх ажил нь зураг төсөл, газар олголтоос эхлээд, шугам сүлжээ, геологи, геодиз зэрэг олон ажил шаарддаг. Зураг хийхийн тулд геологи хийнэ. Тендер зарлана. Ингээд ажил эхлэх гэсээр байтал цаг хугацаа ордог. Гэтэл манай орны цаг уурын байдал эрс тэс учраас барилга барих хугацаа богинохон. Тиймээс энэ нөхцлийн бодолцож урьдчилан төлөвлөлт, инженер геологийн судалгааг түрүүлээд хийчихвэл цаг хугацаа хэмнэнэ.

Хятадын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг барьж байгаа байдал. 2007 он

Тухайлбал Хятадын хувьд барилгын ажлын 0 түвшинд хүрэхээр барьж эхэлдэг. Энэ нь барилга барихаас өмнө геотехникийн ажил, зоорь, шугам сүлжээ гээд газар доорхи бүх асуудлыг шийдчихдэг гэсэн үг. Гэхдээ үүнийг мэргэшсэн нэг компани дагнаж хийдэг.

Гэтэл манай компаниуд дангаараа л инженерээс авахуулаад бүгдийг нь хийх гэж зүтгээд хүчээ тарамддаг. Тиймээс компаниуд төрөлжиж хөгжвөл чанартай барилга босно. Үүний тулд эхлээд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

-Барилгын цаашдын насжилтад хөрсний судалгаа их чухал гэдгийг ойлголоо. Гэтэл одоо нийслэл хотод хоосон газар л олдвол барилга барьж байна шүү дээ. Тэд судалгаа хийж байгаа болов уу?

Ер нь барилга барьж болохгүй газар гэж байхгүй. Харин ямар нөхцөлтэй, ямар хөрстэй гэдгийг судалж, түүнд нь тохирсон зураг төслөө хийгээд, хамгаалалтын арга хэмжээ авч болдог. Одоо манай Туул голын ойролцоох хөндий газрууд усны төвшин их учраас муу технологи, багаж техниктэй компани барилга баривал хүндрэл үүснэ.

Ус ихтэй нөхцөлд зайлуулж байж сууриа цутгана. Хэрвээ буруу хийвэл байранд байнга ус нэвчинэ. Тухайн орон сууцыг ашиглахад хэцүү болно гэсэн үг.

-Монголын инженер геологийн салбарын хөгжил өнөөдөр ямар түвшинд байна вэ. Мэргэжлийн боловсон хүчин хэр хангалттай байгаа вэ?

Ер нь инженер геологийн алба социализмын үед нэлээн сайн хөгжсөн. Монгол орны нөхцөл нэлээн төвөгтэй нөхцөлтэй учраас манайд институт хүртэл байгуулагдаж байсан. Тухайн үед олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр хийдэг байлаа. Бүх орны эрдэмтэд цугладаг байсан. Харин 1990 онд институт задраад олон жижиг байгууллага болсон.

Манай холбоо байгуулагдаад бараг 30 гаруй жил болж байна. Бид жил бүр эрдэм шинжилгээний хурал хийдэг. Инженер геологийн мэргэжилт нь их нарийн учраас цөөхөн тооны хүн ажилладаг. Одоогоор улсын хэмжээнд 100 гаруй хүн байна.

Социализмын үед боловсорсон бидний үе дуусч байна. МУИС, ШУТИС, Газарчин дээд сургуулиудад энэ чиглэлийн мэргэжлээр залуус сурч байгаа. Манай холбооны зүгээс ч инженерүүдийнхээ мэргэшүүлэх тал дээр анхаарч, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилготой.