2013.12.12

Д.Тэрбишдагва: Найман баллын газар хөдлөлтөд тэсэхээр барилгуудад зөвшөөрөл өгдөг болмоор

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар газар хөдлөлтөд тэсвэргүй, чанарын шаардлагагүй зарим барилга, байгууламжийг буулгах талаар хэлэлцлээ.

Энэ удаагийн хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн 2011-2013 онд хийж гүйцэтгэсэн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-ний биелэлтийг авч хэлэлцлээ. Зөвлөл байгуулагдсанаасаа хойш хоёр жил гаруйн хугацаанд бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжиж, тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлд болон алслагдсан дүүргүүдэд газар хөдлөлтийн зураглал хийж, нийслэлийн 400 орчим барилгыг зориулалтын багаж хэрэгслээр шалгаж 1500 барилгын газар хөдлөлтөд тэсэх эсэхийг шалгаж паспортжуулсан байна. Мөн 14 000 орчим барилгын мэдээллийн санг байгуулж, 177 барилгыг дахин төлөвлөлтөд оруулахаар хэсэгчилсэн төлөвлөгөөг хийжээ.

Нийслэлийн 40 орчим барилга газар хөдлөлтөд яагаад ч тэсэхгүй

Нийт 210 барилга газар хөдлөлтөд тэсэхгүй гэсэн дүн авчээ. Гамшгаас хамгаалах чадвартай байлгахын тулд шатахууны болон халаалт, хөргөлтийн систем бүхий хүнсний нөөцийн агуулахыг орчин үеийн технологийн дагуу барих ажлыг эхлүүлж гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх системийн ажлын эхний үе шатыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва:

Нийслэлийн 40 орчим барилга газар хөдлөлтөд яагаад ч тэсэхгүй. Мөн 500 барилга амаргүй нөхцөл байдалтай байна. Иймээс найман баллын газар хөдлөлтөд тэсэхээр барилгуудад зөвшөөрөл өгдөг стандартыг хуульчилж өгөх хэрэгтэй. Гарцаагүй буулгах шаардлагатай барилгуудыг буулгах хэрэгтэй. Байнгын зөвлөлийн гаргасан саналыг дэмжиж байна.

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах байнгын зөвлөлийн төлөвлөгөөнд 27 арга хэмжээ тусгаснаас 76 хувийг нь биелүүлжээ. Үлдсэнийг нь ойрын нэг, хоёр жилийн хугацаанд хийх боломжтой юм байна. Мөн энэ зөвлөлөөс 2010-2016 он хүртэл хийх ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд Засгийн Газраар хэлэлцүүлж батлуулах гэж байгаагаа ярьлаа.