Морин жилд хэрэгжих топ 5 төсөл
Хотын захиргааны шинэ байр, “Амгалан” дулааны станц
2014.02.14

Морин жилд хэрэгжих топ 5 төсөл

2014 оны нийслэлийн төсөв батлагдаж, зарим бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ онд хийгдэж, нийслэлийн иргэдийн нүдийг хужирлах топ таван бүтээн байгуулалтыг нэрлэж байна.

1. Хотын захиргааны шинэ байр

  • Төсөвт өртөг: 37.1 тэрбум төгрөг
  • Энэ цогцолборт НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилгад байрлуулах бол урд хэсэгт нь НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албад байхаар зураг төсөл гаргажээ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр болсон. Энэ шийдвэрийн дагуу хотын захиргааны шинэ барилгыг барих төслийг Солонгосын Халла групп гүйцэтгэж байна. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харьяа агентлагууд, иргэдэд үйлчлэх төв гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд гадна дотны орчны тохижилтыг давхар шийдэхээр төлөвлөн зуржээ. Хотын шинэ төвийг байгуулах ажилд 37.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж боловсруулсан бөгөөд НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилгат, урд хэсэгт нь НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын барилга байхаар зураг төслийг гаргажээ. Харин энэхүү хоёр барилгын дунд хэсэгт нийслэлийн Иргэд хүлээн авах төв болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх газруудыг байрлуулахаар төлөвсөн байна. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалах, халамжлах гэсэн утга агуулгыг илэрхийлж байгаа юм байна.

2. “Амгалан” дулааны станц

  • Тус станц ашиглалтад орсноор 170 гаруй хүн ажлын байртай болж,
  • 50 000 айл өрхийг дулаанаар найдвартай хангах юм

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангах “Амгалан” дулааны станцын барилгын ажил эхлэж, энэ жил ашиглалтад орно. Дулааны станцыг барих ажлын гүйцэтгэгчээр Хятадын машин инжинеринг корпораци эргэн төлөгдөх, түлхүүр гардуулах нөхцлөөр гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус станц ашиглалтад орсноор 170 гаруй хүн ажлын байртай болж, тавин мянган айл өрхийг дулаанаар найдвартай хангана.

“Амгалан” дулааны станцыг орчин үеийн техник технологид суурилагдсан температурын эргэх буцламтгай үед шаталттай технологийн зуухтай, бүрэн автомат компьютерийн удирдлагатай, хүрээлэн буй орчинд учируулах хор нөлөө хамгийн бага байхаар төлөвлөн барьж байна. Мөн тус станцын хүчин чадал 300 МВт, нүүрс хүлээн авах вагон хөмрөгч, нүүрс хадгалах битүү сав, нүүрс дамжуулах конвейрууд, ус цэвэрлэгээний төхөөрөмж, сүлжээний усны насостой байна хэмээн төлөвлөн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

3. 16 бага сургууль, цэцэрлэг

  • Төсөвт өртөг: Нэг бүр нь 1.5 тэрбум төгрөг
  • Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэдэд ойртож, гэрээсээ 500 метрийн зайд хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм.

Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, 27 дугаар хороо, СХД-ийн 11, 24 дүгээр хороо, тус дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн хашаанд, СБД-ийн 17, есдүгээр хороо, ХУД-ийн 10, 14, 15 дугаар хороо, БГД-ийн 22 дугаар хороо, ЧД-ийн 12, 16, 17 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төвсийн хөрөнгөөр барина. Цогцолборын барилга нь нэг маягын загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ.

Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ 500 метрийн радиус дотор хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох юм. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөөнүүд нар үзэх боломжтой төдийгүй, сургалт хүмүүжлийн барилгын норм дүрмийг мөрдлөгө болгон зураг төслийг боловсруулжээ.

4. 12 байршлын гэр хорооллын дахин төлөвлөлт: 

  • Төсөвт өртөг: Байршил нэг бүрийг 8.5 тэрбум төгрөг
  • Энэхүү төслийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан гэр хорооллын дахин тө­лөвлөлтийн үйл ажил­лагааны журмын дагуу энэ онд эхний орон суу­цыг ашиглалтад оруу­лахаар төлөвлөн ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг иргэдийн оролцоотойгоор, нээлт­тэй сонгон шалгаруулсан бөгөөд одоогоор 14 аж ахуйн нэгж Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний 12 байршлыг энэ оны эхээр тогтоосон бөгөөд өнгөрсөн наймдугаар сард дахин төлөвлөлт хийх найман байршлыг нэмж тогтоожээ. Эдгээр байршилд 52 мянга 250 хүн ам бүхий 11.161 нэгж талбарын 970.2 га талбай хамрагдаад байгаа юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

5. Баянхошуу, Сэлбийн дэд төв: 

  • Төсөвт өртөг: 500 сая ам.доллар
  • Баянхошууны хуучин эцэс орчмын 162 га талбай бүхий газрыг дахин төлөвлөж 200 мянга орчим хүн ам оршин суух боломжтой дэд төв болгохоор төлөвлөжээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг найман дэд төвтэй байхаар тусгасан юм. Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлийн 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт ч нэг төвт хотоо олон төвт хот болгох талаар дурдсан байдаг.

Эхний ээлжийн дэд төвүүдийг Баянхошуу, Сэлбэд байгуулахаар төлөвлөн, хөрөнгө оруулалтын асуудлаар Азийн Хөгжлийн Банктай тохиролцоонд хүрсэн билээ.

Баянхошууны хуучин эцэс орчмын 162 га талбай бүхий газрыг дахин төлөвлөж 200 мянга орчим хүн ам оршин суух боломжтой дэд төв болгохоор төлөвлөжээ. Хоёр дахь дэд төв нь “Сэлбэ” дэд төв нэртэй байх юм. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 156 га талбайг хамарсан Улаанбаатарын хоёр дахь дэд төвийн зураглал гарчихаад байгаа ажээ. “Сэлбэ” дэд төв гэж нэрлэх саналыг тухайн байршлын оршин суугчид өөрсдөө гаргасан гэнэ. Азийн Хөгжлийн Банкнаас дээрхи дэд төвүүдийн санхүүжилтэд 500 сая доллар олгохоор болсон.