Г.Тунгалаг: Бидний оролцоогүйгээр барилга байгууламжийг ашигтай, зөв барих боломжгүй
Монголын инженер геологичдын холбооны гүйцэтгэх захирал Г.Тунгалагтай ярилцлаа. Инженер геологийн судалгаа нь нарийн мэргэжил шаарддаг бөгөөд бүхий л барилга, байгууламж барихын өмнө хөрсийг нь судалж, үнэ цэнэтэй мэдээллийг барилгынханд өгдгөөрөө чухал ажил ажээ.
-Танай салбарынхан ямар бүтээн байгуулалтын ажилд оролцож байна вэ?
Инженер геологичдын холбооны гишүүн компаниудын хувьд өнгөрсөн жил Даланзадгад, Баруун-урт, Чойр гэсэн чиглэлийн 1100 км төмөр замын далан гүүрийн судалгааны ажлыг хийсэн явдал байлаа. Үүнд мэргэжлийн арав гаруй компани оролцсон. Одоо бид тайлангаа бичээд дуусч байна. Энэ зам маань Тавантолгойгоос эхлээд хөндлөн явсаар Оросын Алс Дорнодод хүрч, Володый Востокын боомтод хүрэх боломжтой. Ингэснээр бид нүүрсээ ганцхан Хятад руу бус олон улс руу гаргана гэсэн үг.
Одоогийн байдлаар төмөр замын ажилд оролцох зураг төслийн компаниуд шалгарчихсан. Үүний дараа зам тавих компаниудын тендер зарлагдах байх. Одоо Монголчууд Ухаахудгийн төмөр замын ажилд оролцож байна.
-Хичнээн инженер геологичид энэ ажилд оролцсон бэ?
10 гаруй компаний 100-аад хүн оролцож байна. Төмөр замын судалгааны ажил 2013 оны 9 сараас эхлэсэн бөгөөд 2014 оны 3 сарын 1-ны хооронд дуусна. Ерөнхий удирдагчаар Японы компани ажиллаж байгаа. Бидний судалгаа тайлангийн шатанд орсон учир хавраас эхлээд төмөр зам тавих, далан гүүр тавих ажил эрчимжих байх.
-Нэг талаас манай улсад өрнөж буй томоохон бүтээн байгуулалтад Монгол компаниудаа дэмжин оролцуулж байгаа нь ажиглагдах боллоо?
Тийм ээ. Монголчууд хийж чадна. Энэ онд Сайншандын аж үйлдвэрийн паркийн инженер геологийн судалгааны ажил эхлээд явж байна. Тус паркад нүүрс боловсруулах, төмөрлөгийн, барилгын материалын гээд арван том үйлдвэр баригдах учраас хөрсийг нь сайн судалж байгаа. Одоогоор үйлдвэрийн байршилд гурваас дөрвөн газраас сонгохоор ярилцаж байна.
Үйлдвэр нь өдөр бүрийн динамик ачаалал ихтэй учир даац сайтай хөрсийг сонгох ёстой юм. Цэвэрлэх байгууламж, төмөр зам, авто зам, дэд бүтцээ хаана байрлуулахаа сонгоно. Үүнд байгаль орчны нөлөөлөл ямар байх вэ гэдгийг ч бодолцох хэрэгтэй.
-Судалгааны үр дүн хэзээ гарах вэ?
7000-8000 га газрыг хамрах судалгаа маань хээрийн бэлтгэлийн шатандаа явж байна.
-Та өөрөө Өмнөговийн хүн. Өөрийнхөө нутагт томоохон бүтээн байгуулалтад оролцож байгаад сэтгэл сайхан байгаа байх?
Сайхан байна. Нутаг маань маш их баялагтай нутаг. Дээр үед говийг хэцүү гэж ярьдаг байсан бол одоо тэнд амьдрал буцалж байна.
Нүүрсний уурхайгаас эхлээд зэс алт гээд олон төрлийн ашигт малтмал гарч байна. Шатдаг хий, нефтийн талбайнууд судлагдаж, занарын нөөцүүд илэрлээ. Дэд бүтэц хөгжиж байгаа учир зах зээлдээ улам ойртож байна. Нутгийн иргэд дэд бүтэц сул байхад байгаль орчинд муу нөлөөтэй, тоос шороо бослоо хэмээн дургүйцэж байсан бол одоо өндөр даацын том замууд тавигдсан болохоор хандлагаа өөрчилсөн. Ирээдүй улам гэрэлтсээр байна.
Одоо Инженер геологичдын дараагийн ажил нь Алтанбулгаас Замын-Үүд хүртэл тавигдах олон улсын хурдны замын ажил эхэлнэ. Бүх замын дагуу бид судалгаа хийнэ. Бидний оролцоогүйгээр зам барилга байгууламжийг ашигтай, зөв барих боломжгүй.
-Танай холбоо инженер геологичид руу чиглэсэн сургалт явуулдаг уу. Өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулж байна вэ?
Чадвараа сайжруулахыгцаг үе шаардаж байна. Гадныхан өндөр стандарт тавиад ирэхээр зайлшгүй бид тэднийг нь судалж, сүүлийн үеийн технологи, лабораторийг оруулж ирэхээс өөр аргагүй болдог. Энэ бол хөгжил.
Холбооны зүгээс компаниудад тендерт оролцоход нь техникийн туслалцаа үзүүлж зөвлөгөө өгдөг. Өнгөрсөн онд бид инженер геологийн ажлын үнэлгээг нэмэгдүүлж чадлаа. 2000 онд баталсан үнээр ажлаа хийж байсан юм.