Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо
Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа.
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
Уг хуулийн 26-р заалт, ажлын хэсгийнхний хэлсэн үг хоёр зөрчилдөөд байна. Өөрөөр хэлбэл “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэсэн Үндсэн Хуулийн 16-р зүйлд нийцэхгүй байна. Үүнийгээ яах гэж байна вэ?
УИХ-ын гишүүн, Барилга, Хот Байгуулалтын сайд Ц.Баярсайхан:
26 дугаар заалтыг бид хотын удирдлага болон холбогдох хүмүүстэй ярилцаж хэлэлцсэн. Тэгэхээр үнэхээр Үндсэн хуультай зөрчсөн заалтыг бид энэ хуулинд оруулахгүй.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
Энэ хуулийг хотыг дахин хөгжүүлэх тухай биш, харин Улаанбаатар хотод үүссэн онц байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай хууль гэж оруулвал яасан юм бэ?
Улаанбаатарыг шинэчлэн зохион байгуулах үед гарч болох бүх асуудлаа энэ хуулинд оруулж чадсан уу?
Түүнчлэн, санхүүжилт хийх аргачлалаа сайн боловсруулах хэрэгтэйг сануулмаар байна.
УИХ-ын гишүүн, Барилга, Хот Байгуулалтын сайд Ц.Баярсайхан:
Одоогоор ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийн эзэмшигчидтэй гэрээ хийх замаар зарим нэгэн дахин төлөвлөлтийг хийсэн. Нийслэлийн болон орон нутгийн засаг гурвалсан байдлаар гэрээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Төслийн санаачлагч нь иргэн, төсөл хэрэгжүүлэгч, аймаг нийслэлийн засаг дарга байж болно. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 500 орчим барилга, байгууламж байгаагаас 200 гаруй нь засвар хийвэл цаашид ашиглах боломжтой. Харин орон нутагт 170 орчим тийм барилга байна. Энэ бүгдийг ганцхан төрөөс санхүүжүүлж шинэчлэнэ гэвэл хүндрэлтэй. Тиймээс хувийн хэвшлийн оролцоо хэрэгтэй байна.
Зөвхөн Улаанбаатарт зориулсан хууль гаргаж болохгүй. Яагаад гэвэл нийслэлд байдаг асуудлууд зарим аймгуудад бий болчихоод байна.
Хот байгуулалтын хуулийг боловсруулаад дуусч байна. Иргэн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн Хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ зарим зайлшгүй байх заалтууд тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, төвлөрлийг хэрхэн сааруулах талаар тодорхойгүй. Хууль зөвхөн Улаанбаатар хотыг хамраагүй гэвэл дагуул хотын асуудал орж ирэх ёстой. Орон сууц барих боломжгүй хороололд гэр хорооллыг яаж хөгжүүлэх нь эргэлзээтэй байна. Үер усны ам, оршуулгын газрын ойролцоо буусан айлуудын асуудал ч хөндөгдөх ёстой. Зөвхөн барилгажуулалтаар хотыг хөгжүүлэх боломжгүй. Газрын асуудал шийдэхийн тулд төрөөс их хэмжээний мөнгө гаргах хэрэгтэй болно.
Өмчлөгчийн эрхийг ямар ч тохиолдолд хөндөж болохгүй. Холбогдох газруудын саналыг авах ёстой. Хог, утаа, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хотын иргэдийн хувьд хамгийн хүнд болоод байна. Утаагүй зуух, утаагүй түлш гэх зэргээр багагүй шоу хийж төрийн мөнгийг салхинд хийсгэсэн. Асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Ажилгүйдэл, ядуурлын асуудлыг ч багтаах ёстой.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Хуулийг би дэмжихгүй. 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” гэсэн хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрт нийслэл, аймаг, сумыг хөгжүүлэх асуудлууд бүгд багтсан юм. Улаанбаатар хотоо л эхний ээлжинд хөгжүүлье гэх зэргээр асуудлыг хэсэгчлэн авч үзэж болохгүй. Засгийн Газар 21 аймгийг бүгдийг нь хот болгоё гэж байгаа нь бүтэхгүй. Түүний оронд бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нь зүйтэй. Бүс бүрийг таталцлын төвтэй болгох хэрэгтэй.
2012 онд нийслэлийн засаг дарга Улаанбаатарыг дөрвөн жилийн дотор гэр хороололгүй болгоно гэж хэлсэн. 160 000 хувийн орон сууц барина гэж амласан. Үүнийгээ мартаж болохгүй. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт хотын утааг 2012 он гэхэд 30 хувь, 2016 он гэхэд 50 хувь бууруулна гэсэн боловч буурах бус нэмэгдээд байна. Нэг асуудлыг шийдэх гэж нөгөөг нь унагаадагаа болимоор байна. Зөвхөн Улаанбаатарыг хөгжүүлвэл нүүдэл тасрахгүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Ийм хууль хэрэгтэй гэдгийг би ойлгож байна. Гэхдээ бусад хуультайгаа уялдаж өгөхгүй байна. Нийслэлийн удирдлагууд энэ хуулийн боловсруулалтад идэвхтэй оролцоогүй. Газар чөлөөлөлтийн асуудал газрын тухай хуулиараа бүрэн шийдэгдэж чадаагүй. Түүнчлэн өмчлөлийн асуудал ч энэ хуулинд багтах ёстой. Хуулийг энэ чигээр нь баталвал хэрэгжихгүй.
Санал хураалтын үр дүнд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзлээ.