Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг цааш хэлэлцэнэ
2011.05.23

Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг цааш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн нарын 30 гишүүн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд болон Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Гишүүд дээрх төслөө энэ оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн байна.

 

Ийнхүү алслагдсан бүсэд амьдарч буй иргэдэд нэмэгдэл олгох болсон шалтгаанаа хууль санаачлагчид улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албанд ажиллаж байгаа албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгоно. Мөн говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийг тухайн бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулж, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас өгөх нь зүйтэй гэсэн байна. Харин хөрөнгө мөнгө-ний асуудлыг жил бүр төсөвт тусгуулж байх гэнэ.Тодруулбал,Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулснаар шийдэж болох юм байна. Ийм зүйл санаачилсан нь бусад хуультай давхардаж, иргэдээ ялгаварлаж байгааг гишүүн Д.Ганхуяг шүүмжилж байлаа.Тэрээр "Алслагдсан бүс нутагт ажиллаж байгаа бизнес, аж ахуй эрхлэгчид болон төрийн бус байгууллагынхны асуудал орхигдож байна. Иргэдээ эрхэлж байгаа ажил төрлөөр нь ялгаад ч байгаа юм шиг. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш эмч нарын тухайд Боловсролын болон Эрүүл мэндийн тухай хуулиар нэмэгдэл олгохоор хуульчилсан. Дахин өөр хуульд суулгахаар давхардаад байна. Хамгийн гол нь ажил эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих, тухайлбал татварыг хөдөөд 50 хувь бууруулах ч юм уу, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэх тусам шатахууны үнэ бага байх, цахилгааны тарифаа хямдруулах гэх мэт суурь арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ талаар судалж үзэв үү" гэж байсан юм.

 

Төсөл санаачлагч С.Бямбацогт гишүүн "Хуулийн төсөл нь бүсийн нэмэгдлийг үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний эхний алхам. Өнөөдөр хөдөө орон нутагт эмч, багш нар гээд боловсон хүчин дутмаг байгаа.Төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүртээхийн тулд төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөх нь чухал.Тиймээс төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох гэж байгаа юм. Боловсролын тухай хуулиар нэмэгдэл өгдөг. Гэхдээ сургуулийн захирал, ерөнхий менежер, сургалтын менежер, ЕБС-ийн дотуур байрны багш, цэцэрлэг, яслийн эрхлэгч, арга зүйч нар хамрагдаад, бусад нь орхигддог. Хувиараа ажил эрхэлж байгаа иргэдийг хүн амын орлогын албан татвар, орлогын албан татвараас чөлөөлнө. Гэхдээ уг асуудлыг дараагийн ээлжид авч үзэх ёстой гэж үзсэн юм" хэмээн хариулав. Харин Р.Раш гишүүн "Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд зам, дэд бүтцийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчил-гээг сайжруулах хэрэгтэй байна. Би энэ хуулийг санаачилсан гишүүн ч гэлээ гаалийн татвараас чөлөөлөх нь хүн дээрээ очиж хэрэгжиж чадах болов уу, яах бол гэсэн эргэлзээтэй яваа" гэж саналаа хэллээ.

 

Мөн Д.Дамба-Очир гишүүн "Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумыг бүсийн нэмэгдэлд оруулсан байна. Сонгуулийн хугацаанд Өмнөговийг л хөгжүүлэх гээд байгаа. Гэтэл Цогтцэций, Ханбогд суманд амьдарч буй иргэдийн амьжиргаа дээшлээд, хэр баргийн ажил тоохоо больсон гэж дуулсан. Ер нь, Гаалийн татварыг чөлөөлж өгнө гэдгийг сайн ойлгохгүй юм. Ийм нэмэгдэл бий болсноор төрийн албан хаагч болох хүн олширно. Гэтэл 150 мянган төрийн алба хаагчийнхаа асуудлыг цэгцэлж авч чадахгүй л яваа шүү дээ" хэмээн шүүмжлэв. С.Бямбацогт гишүүн "Засгийн газраас санал авах гээд албан бичиг явуулсан ч хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй. Өнөөдөр 20 хувийн нэмэгдэл өгснөөр бүх асуудал шийдэгдэхгүй. Өнгөрсөн жил судалгаа явуулахад төвөөс алслагдмал орон нутагт бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Ховдод нэг уут гурил 40 мянган төгрөг байхад Улаанбаатарт 20 мянга байх жишээтэй. Олдог орлого нь бага, зарцуулах нь  их. Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумыг яагаад хамруулсан бэ гэж байна. Тэнд бүтээн байгуулалт өрнөж байгаа ч төрийн албан хаагчдад төдийлөн хамаардаггүй" гэв. Дээрх асуудлыг цааш хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.