С.Бямбацогт: МАН гэдэг нэртэйгээ цааш яваасай
2011.04.15

С.Бямбацогт: МАН гэдэг нэртэйгээ цааш яваасай

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогттой өнөөгийн улс төрд тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бүсийн нэмэгдлийн ту­хай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Өргөн барьсан төслийнхөө талаар эхлээд товч танилцуулах уу?

-Улсын Их Хурлын нэр бүхий 30 гишүүн нэгдээд Алс­лагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох хуулийн төс­лийг УИХ-д өргөн барьсан. Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт дээрх нэмэгдлийг олгоно гэж тусгасан байдаг. Гэвч хамтарсан Засгийн га­зар энэ асуудал дээр нэг л удаан, хариуцлага багатай ажиллаж байна. Өнгөрсөн жил УИХ-ын хэдэн гишүүн бүсийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хуулийн төсөл өргөн барьсан ч харам­салтай нь гишүүд дэмжээгүй. Харин энэ онд УИХ-ын даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулж, 330 гаруй сумдад судалгаа хийсний эцэст  амжиргааны өртгөөс нь хамааруулж иргэдийг дэм­­жих бүсийн нэмэгдлийг олгох хэрэгтэй гэж үзсэн. Алслагдсан бүс нутгийн 91 сум, говийн бүс нутгийн 82 сумыг бусийн нэмэгдэлд хамруулахаар хуулийн төсөл боловсруулж өргөн барьлаа. Алслагдсан болон говийн бусэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг сар бүр 20 хувийн нэмэгдэлтэй олгож байх, ажилласан жилээр нь тооцож таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуу­лал олгох тухай юм.

Төрийн албан хаагчиддаа урамшуулал олгосноор тогт­вор сууршилтай ажиллах, төрийн үйлчилгээг ард иргэд­дээ чанартай хүргэх болно гэж үзэж байгаа. Нийтээр нь авч үзвэл төрийн албан хаагчдаас гадна иргэд, хувийн хэвшлийнхэн, ажилгүй ир­гэд, малчид  зэрэг олон хүн бай­гаа. Эдгээр хүмүүст үзүүлж байгаа дэмжлэг гэ­вэл өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнийг тат­­­вараас чөлөөлж өдөр тут­мын хэрэглээний зардлыг нь бууруулах байдлаар амжиргааны чанарыг  нэмэг­дүүлэх талд анхаарна гэж үзсэн. Тухайлбал, гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, ногоон цай зэрэг бүтээг­дэхүүнийг гаалийн бо­лон НӨАТ-аас чөлөөлөх юм. Мөн хилийн боомтоор орж ирж буй дизелийн түлш, авто бензинийг НӨАТ, гаалийн тат­вар, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөх асуудлыг хөндлөө. Бензин шатахууны үнэ буурснаар иргэдийн ор­лого нэмэгдэж, зарлага буу­рах ёстой. Алслагдсан болон говийн бүсэд ажиллаж, амь­дарч байгаа иргэддээ эхний ээлжинд ийм дэмжлэг үзүүлье гээд хуулийн төсөл өргөн барьлаа.

-Энэ нь бас л бэлэн мөнгө тарааснаас ялгаагүй төсөвт хал­тай, иргэдэд ашиггүй хууль болох юм биш үү?

-Хүнээ хөгжүүлэх, хам­гаа­­лах, халамжлах нь  төрийн үүрэг. Гарцаагүй ядарсан дорой, ажилгүй, амьд­рал­ын баталгаажих төв­шин доогуур хүмүүсийг нийг­мийн дод давхарга руу шил­жихээс хамгаалах нь төрийн үүрэг байдаг. Хийе, бүтээе гэсэн хүмүүсээ ч дэм­жиж урмшуулах нь хүний хөгжлийг дэмжиж байгаа хэрэг. Ажил хийдэг хүнийг бид дэмжих ёстойгоос биш ажил хийдэггүй, залхуучуудыг халамжлах ёсгүй. Тиймээс эхний ээлжинд ажил хийдэг хүмүүсээ дэмжиж байгаа юм. Халамжийн хуулиар бол ядуу, амжиргааны баталгаажих төвш­нөөс доогуур орлоготой, өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг халамж­лах ёстой.

-Ингэснээр нийслэл рүү шилжин ирэгсдийн урс­галыг сааруулж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж чадах уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьдрах, оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй гэж гэж заасан. Ха­рин төрийн үүрэг бол иргэдээ ая тухтай, аюулгүй, эрүүл орчинд амьдрах боломжоор хангах байдаг. Гэ­­тэл тэр алслагдсан болон говийн бус нутагт ая тухтай амьдрах нөхцөл одоо хэр нь бүрдээгүй байна. Үүнээс болж өнөөдөр хөдөө газар бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсаар. Улаан­баатар хотоос 1500-2000 км алслагдсан га­зар хүн зовон зовон амьдарч байхаар Улаан­баатар хотод очиж ажил орлоготой болъё, гэрэл цахилгаантай, соёл боловс­ролтой болъё гэдэг тэмүүллээс л хөдөөгийн иргэд нийслэл рүү их шилжиж байна.  1998 онд Улаанбаатар хотын хүн ам 650 мянга байсан. Гэтэл өнөөдөр 1,1 сая болсон. Улаанбаатарын хүн ам хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнийг дагаад агаарын бохирдол, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, эмнэлэгт хэвтэхэд ор олдохгүй коридор, хонгилд хэвтэж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал боллоо. Нийслэлийн хүн амын механик өсөлт нэмэгдсэнээр нийслэлд амь­дарч байгаа иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьд­рах эрх хөндөгдөж байна.  Тиймээс нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулахад бидний өргөн барьсан хууль тодорхой хэмжээний үр дүн үзүүлэх байх гэж найдаж байна.

-Энэ хуулийн төсөл бас л баруун аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тойргийнхоо сонгогчдод таа­лагдах гэж ийм хууль гаргаж байна гэх хардалга байна?

-Бүсийн нэмэгдэл олгох талаар 1970-1980-аад он буюу социализмын үед сайд нарын зөвлөлийн тогтоолоор бий болгож хэрэгжүүлж байсан түүх бий. Өндөр уулын нэмэг­дэл, говийн бүсийн нэмэгдэл, Халх голын сангийн аж ахуйн нэмэгдэл гэх мэтээр хуучин социализмын үед хэрэгжиж байсан шийдвэр. Харин 1990 оноос шийдвэр хэрэгжихээ больж, орхигдсон. Энэ шийдвэрийг дахин хэрэг­жүүлэхээр 1998, 2000 оны үед  УИХ-ын гишүүд ярьж байсан юм билээ. Тэгэхээр үе үеийн улс төрчдийн хийхээр зүтгэж байсан ажлыг бид хийх ёстой гэж үзээд нийгмийн өмнө тулгамдсан энэ томоохон асуудлыг шийдэхээр оролдож байна.

-Сүүлийн үед танай намынхан парламентийн хоёр танхимтай болох тухай ярих боллоо. Гэвч улс төр судлаачдын зүгээс шинэчлэл гэхээсээ илүү хуучин тогтолцоо руугаа хойш ухарсан алхам гэж шүүмжлээд байгаа. МАН-ын шинэ залуу үеийн төлөөллийн хувьд та үүн дээр хэр шүүмжлэлтэй хандаж байна?

-Хоёр танхимтай парламент байх ёстой гэдэг асуудалд яг одоогоор миний зүгээс зөв, эсвэл буруу гэж хэлэх боломж алга. Хуулийн танилцуулга, үзэл баримтлал бэлтгэгдээд, ийм байх ёстой гээд зорилго нь гарцаагүй тодорхой болсон цагт дүгнээд хэлж болно. Гэвч зорилго нь бас зөв байх ёстой. Хоёр танхимтай парламент гэж ярьж байгаа боловч тэр нь ямар эрх, үүрэг, зохицуулалттай байх талаар тодорхой харагдахгүй, одоохондоо сураг төдий л байна шүү дээ. Тийм болохоор юу ч хараагүй сургаар юм сонсчихоод зөв, буруу гэж хэлэх бололцоо алга байна.

-Хоёр танхимтай парламенттай байх төсөл боловсруулчихсан юм биш үү. Төсөл санаачлахын тулд эхлээд хуулийнхаа агуулга, үзэл баримтлалыг намынхаа бүлэг болон байнгын хороогоор хэлэлцүүлж дэмжүүлсэн байх ёстой биз дээ?

-Хоёр парламенттай байх талаар манай намд ажлын хэсэг байгуулагдаагүй. Энэ талаар би хэвлэлээс мэдээлэл авч байгаа. Уг асуудлаар улс төрийн намуудын дарга нар гэрээ байгуулаад, эсвэл манай намд ажлын хэсэг байгуулчихаад ардаа нууж хаагаад байгаа зүйлгүй. Хоёр парламенттай байх талаар манай намын Удирдах зөвлөл болон намын бүлгийн хуралд яриагүй. Тодорхой хүмүүсийн дунд яригдаж байгаа асуудал юм болов уу. Би ийм л ойлголттой байгаа. Харин хоёр намын дарга мөнгө амлахгүй гэж гэрээ хийсэн. Парламентын хэдэн ч танхимтай байсан, сонгуулийн ямар ч хууль, ямар ч системтэй байсан мөнгө амлах явдал харин гарч болох байсан. Энэ явдлыг харин намын дарга нар гэрээ хийж хаасан.  

-МАХН гэсэн  нэрийг авахаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар нэлээд хөөцөлдсөн ч үр дүн багатай байна. Гэвч энэ нэрийг тэдэнд өгөх нь зүйтэй, хууль зүйн ч үндэстэй. Гэтэл МАН иргэдийн үзэл бодлоороо эвлэн нэгдэх эрхийг зөрчиж гэдэг шүүмжлэл мөн гараад байгаа. Энэ тухайд?


-МАХН  өнгөрсөн XXVI Их хурлаар МАН гэдэг хуучин нэрээ сэргээсэн. Хараад байхад энэ нь ард иргэд, ялангуяа залуучуудад маш их таалагдаж байна. Миний хувьд үнэхээр МАН гэдэг нэрийг сонгосон маань зөв байжээ гэж бодож байгаа. Анх үүсэн байгуулагдсан Монгол Ардын нам гэдэг нэр дээр хувьсгалт гэдэг үг нэмээд 1924 онд МАХН болгож байсан. Энэ нэрээрээ 2010 он хүртэл явлаа. Энэ хугацаанд Монгол Улсын түүхэнд алдсан, оносон, сайн, муу бүхэн  үнэхээр МАХН буюу МАН-тай холбоотой. Хүмүүс  МАХН-ын түүхийг хэтэрхий их харлуулах гуйвуулах байдлаар ярьдаг. Ингэж ярих болгонд  “хувьсгалт” гэдэг үгтэйгээ хамт МАН-ын муу болгон алга болоосой. МАН гэдэг нэртэйгээ нам маань цааш яваасай гэж боддог.

-МАН 90 жилийн түүхтэй Монгол орныг өдий зэрэгтэй авч яваа гэж танай намынхан ярьдаг. Яагаад муу нэрийг нь орхиод сайн нэрийг нь авч үлдэх ёстой гэж. МАН өнгөрсөн түүхийн хариуцлагыг хүлээхгүй гэж байгаа бол МАН шинээр байгуулагдсан гэдгээ зарлах ёстой биш үү?

-Аливаа зүйл дандаа муугаасаа сайн тал руугаа улам сайжирч, төгс төгөлдөржиж  байдаг. Энэ үүднээсээ анх МАН гэж байгуулагдсан хэрнээ коментерний нөлөөгөөр хувьсгалт гэдэг үг намын нэрэнд нэмэгдсэн. Харин 1990 онд МАХН болсон боловч МАХН-ын XXVI Их хурлаар МАН хэмээх хуучин нэрээ эргээд сэргээлээ. Өнгөрсөн 90 жилд МАН-д алдсан алдаа бий. Гэхдээ “хувьсгалт” гэдэг үгийг нэрнээсээ хасч байгаа шигээ алдаагаа давтахгүй байгаасай гэж хэлж байгаа. Түүнээс биш МАН шинээр байгуулагдаагүй. Ямар нэг хариуцлагаас зугтааж байгаа хэрэг ч биш юм аа.

-Тэгвэл МАХН-ын тухай, МАХН-ыг дарга Н.Энхбаяр гэдэг хүний тухай юу хэлэх вэ, улс төрчийнхөө хувьд хэр зөв газраа зогсч байна гэж та боддог вэ?

-Монгол Улсын төрийн тэргүүн, МАХН-ын дарга гээд Монгол Улсын үе үеийн төр, нийгэм, улс төрд хийсэн ажилтай, хэлэх үгтэй зөвхөн Н.Энхбаяр дарга биш, С.Баяр даргаас эхлээд өшөө олон хүмүүс байна. Энэ хүмүүсийг  айхтар дүгнэж хэлээд байдаг хүн нь би биш. Гэхдээ хүн болгон өөрсдийнхөө хэмжээнд дүгнэлгүй яах вэ. Өнөөдрийн МАХН эсвэл МАН-ын дотор байгаа зөрчил болж байгаа үйл явц яах аргагүй үе үеийн намын удирдлагуудтай холбоотой. Тэр үүднээсээ нөхдүүд маань эхлүүлсэн зүйлээ дуусгах байх гэж боддог. Энэ намтай ажил, амьдралаа холбож явсан дарга нар маань нэг сайхан нартай өдөр намдаа эргээд орж ирэх байх л гэж бодож байна.

-МАН-ын хуучуул, тухайлбал Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын гишүүд намын даргаа солих тухай яриа хөөрөө хийж, хотоос гадур уулзаж учрах болсон тухай яриа гараад удаж байгаа. Үүнд залуучуудын оролцоо байгаа юу, та жишээ нь дэмжиж байна уу?

-Тэр талаар надад мэдэж байгаа зүйл надад алга. Мэдээж хийсэн ажилтай хэлэх үгтэй хүмүүсийг ард түмэн, намын нөхөд нь дэмжих л байх. Хийж хэлж байгаа үг нь зөрөөд байвал хэцүү хэрэг. Тийм болохоор одоохондоо тодорхой үнэлж дүгнэх бололцоо алга. Сүүлийн үед харж байхад Засгийн газрын үйл ажиллагаа сайн байна гэж хэлж чадахгүй.

-Сонгуулийн хуулийг МАН гацааж байгаа гэдгийг Ардчилсан намынхан ил тод хэлж байгаа. Та ч гэсэн тогтолцоог өөрчлөхийн эсрэг байгаа юу?

-Пропорционал, мажоритари, эсвэл холимог гэдэг ч юм уу тэр энэ тогтолцоо хэрэгтэй гэж хүн болгон л ярьж байна. Хүн болгон ярьж байна гэдэг чинь хүн болгон өөр өөрсдийн бодолтой. Хэрэв ингээд хийх юм бол надад ашигтай гэдэг өнцгөөс ярьж байгаа байх. Тийм болохоор өөрт ашигтай гэдэг өнцгөөс харж өөрт нь таалагдсан бол гоё хууль болдог, таалагдахгүй бол их муу хууль болдог. Тэгэхээр урьтаад яриад байх чухал биш байх гэж бодож байгаа. Үүний оронд яаж сонгуулиа шударга явуулах вэ, сонгуулийн үр дүнг яаж үнэн зөв гардаг болгох вэ гэдэг нь чухал байна. Өнөөдөр сонгуулийн өмнөх үйл явц, сонгуулийн өмнөх компанит ажлыг яаж шударга явуулах, мөнгө амлахгүй байх, эд материал тараахгүй сонгогчдыг хуурч мэхлэхгүй байх гэдэг асуудлыг бид бодох хэрэгтэй. Мөн санал хураалтыг яаж шударга явуулах, санал тооллогыг яаж үнэн зөв гаргах вэ. Тооллого хэрэв таалагдахгүй бол дахин тоолдог хэрнээ үнэн зөв тоолуулдаггүй. Хэрэв буруу зөрүү тоолох юм бол хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Сонгуулийн үйл явц үнэн зөв байх ёстой болохоос биш хууль ийм байвал надад ашигтай гэдэг байдлаар хандах хэрэггүй. Тэгсэн хэрнээ түүнийгээ зөв гэж тайлбарлаад байгаа нь таалагдахгүй байна. Хэрэв тэр хүн өөрөө хийсэн ажилтай хэлэх үгтэй байвал ямар тогтолцоо, ямар ч сонгуулийн систем байсан ард түмэн үнэлээд гаргаад ирэх байх. Тийм болохоор энэ нь зөв гэж ярих шаардлага байхгүй.

-Сонгуулийн хуулийн аж­лын хэс­гийн ахлагч УИХ-ын гишүүн Су.Батболд “Уг нь холи­мог тогтолцоо нь хэрэгтэй. Гэх­дээ сонгуулийн хугацаа ойртсон болхоор дэмжлэг авахаас өнгөр­лөө” гээд байгаа. Системийн өөрч­лөлтийг гацаагаад байгаа тэр хүмүүс нь хэн юм бол. Танай намын бүлгээр энэ асуудлаар санал хураасан уу?

-Сонгуулийн систем, тогтолцоо холимог, пропорционал, можаритар ч юм уу  ямар байх нь чухал биш. Харин ард түмний хийсэн сонголт шууд буудаг байх нь чухал. Харин санал хураалт ноотой боллоо гэвэл хатуу хяналтан дор дахин тоолох асуудал нээлттэй байх хэрэгтэй. Харин хуйвалдаж сонгуулийн санал луйвардсан тохиолдолд хүлээлгэдэг хариуцлага маш чанга байх нь чухал. Энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох тухай ярьж байгаа үүнийг би дэмжинэ. Түүнээс биш сонгуулийн системийн өөрчлөлтийг хэн нэг нь гацаагаад байгаа зүйлгүй.

-Намын нэр дугуйлахаас МАН татгалзаад байгаа. Хүний нэрийг дугуйлсан, намын нэр дугуйлах ямар ялгаа байна?

-Түрүүний хэлдэгтэй агаар нэг.  Мэдээж нам гэдэг өөрөө тодорхой үзэл бодол бүхий хүмүүсийн бөөгнөрөл. Тодорхой зорилготой, түүнийгээ дагаад  намын болоод хувь хүмүүсийн хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгэнд ялгаа юу байна. Тийм болохоор энэ нь ашигтай, тэр нь ашиггүй гээд байх хэрэг надад лав байхгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.