Ж.Энхбаяр: Монгол улс голланд өвчин тусдагаа тусаад ДОХ-той хүн шиг болчихсон
2011.05.19

Ж.Энхбаяр: Монгол улс голланд өвчин тусдагаа тусаад ДОХ-той хүн шиг болчихсон

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх жимтасрахгүй, нийслэл хот ачааллаа даахгүйд хүрээд байгааг бух шатандаа ярьж, хэлсээр буй. Гэвч үүнийг зохицуулах цогц шийдлийг олж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Харин энэ удаагийн чуулганаар хөдөө орон нутагт оршин суух иргэдийн амьжиргааг дэмжсэн хуулийн төслийг 30 гаруй гишүүн санаачлан өргөн барьсан ч Ардчилсан намын бүлэг дэмжээгүй билээ.Тиймээс үүнтэй холбогдуулж төсөл санаачлагчдын нэг Ж.Энхбаяр гишүүнтэй ярилцлаа.

-Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд шинэ концепциор оруулж ирэх ёстой гээд буцаахаар болсон. Хууль санаачлагчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?


-Улаанбаатар хотоос 1000-аас дээш километр алслагдсан бүс нутаг болон тэнд оршин сууж байгаа иргэд, төрийн албан хаагчид нэмэгдэлд хамрагдах ерөнхий концепцтой. Гол зорилго нь хөдөө орон нутгийн хөгжлийн ялгаанаас болж Улаанбаатар хотод үүсээд буй хүн амын механик өсөлтийг сааруулахад оршиж байгаа. Өнөөдөр хот суурин газар ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон тохиолдолд хөдөө орон нутагт ажиллаж байгаа багшийн нэг сарын цалин хаанаа ч хүрэхгүй байна. Ийм үед хэн тэнд ажиллах юм бэ. Тиймээс хотын механик төвлөрлийг бууруулахын тулд хөдөөгийн хөгжлийг дэмжих нь чухал.Тэнд амьдарч буй иргэдийн цалин нь тухайн бүс нутагт очиж байгаа бараа, үйлчилгээний нэмэлт үнийг төлж чадах хэмжээнд байж л амьдралын чанарт өөрчлөлт гарна. Ер нь хөдөө орон нутгийн иргэд төв суурин газраас 30-40 хувийн илүү өндөр өртөгтэй амьдарч байгаа. Бид өнөөдөр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна гэж мянга яриад нэмэргүй. Учир нь Улаанбаатар хотод бус хөдөө орон нутагтаа асуудал байгаа хэрэг. Орон нутагт нь ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлээд сэтгэл хангалуун байлгах цалин орлогыг л бид бүсийн нэмэгдэл гэж тодорхойлоод байна. Энэ бол хуучин байсан л асуудал. 90- ээд оны үед алслагдсан бүсийн нэмэгдэл өгч байсны ачаар Монгол Улсын хөгжил жигд явж байсан. Болиулснаар сөрөг үр дагавар нь маш хурдан газар авч байна. Одоо үүнийг хазаарлах гол арга бол бүсийн нэмэгдэл гэдэг утгаар хуулийн  төслийг  өргөн барьсан. Гэтэл Ардчилсан нам дэмжихгүйгээр завсарлага аваад байгаа нь их ойлгомжгүй байна.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх тухай яригдаж байсан. Ернь тухайн алслагдсан бүс нутагт байгаа боомтуудаараа дамжиж орж ирэх боломжхэр байдаг юм бол?

-Бензин тос, турш будаа гээд бүтээгдэхүүнүүд бий л дээ. Баруун бүс нутагт л гэхэд манай улсын хун амын 20 хувь оршин сууж байна. Энэ бүс нутагт ОХУ, БНХАУ улстай хиллэсэн олон улсын буюу хоёр талын арав гаруй боомт байгаа. Мэдээж энэ бүс нутгийн хувьд Монгол Улсын нүүдлийн соёл иргэншлийг хамгийн ихээр хадгалж байгаа. Гэвч хүн ам зүйн бодлого буюу бүсийн нэмэгдэл, урамшууллыг яаралтай хэрэгжүүлэхгүй бол бүс нутаг эзэнгүйрч байгаа жишээ зөндөө. Бид жилдээ дор хаяж хоёр удаа сум орон нутгаар тойрдог.Тэр болгон хүн амынх нь тоо улам цөөрсөөр байна. Энэ бол амьдралын чанарын ялгаанаас л болж байгаа асуудал. Нэг ёсондоо иргэд Үндсэн хуулийнхаа дагуу олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа хэрэг. Нийслэлдээ хүн амынхаа 50 гаруй хувийг төвлөрүүлнэ гэдэг нь улс орны аюулгүй байдал тун ноцтой асуудлыг үүсгэнэ. Өнөөдөр бүс нутгийн хөгжлийг ярьж эхлэхээр ажиллах боловсон хүчин алга байна.

-Ер нь бүсийн нэмэгдлийг хэдэнхувь байхаар тооцож байгаа юм бол?

- Цалин, тэтгэвэр болон бусад бүхий л олгогдож байгаа мөнгөн илэрхийллийг алслагдсан бүс нутагт ядаж 20 хувь илүү авдаг болчихвол хэрэгтэй байна. Бас төрийн албан хаагчдыг.Тогтвор суурьшилтай Ажилласан тохиолдолд таван жил тутамд тодорхой хэмжээний урамшуулал өгнө.Түүнчлэн тухайн бүс нутгийн боомтоор орж ирж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хэрэгтэй байна. Хэрэв энэ маягаараа удаан үргэлжилбэл орон нутаг улам эзгүйрнэ.

-Гадаадын хөгжингүй орнуудадхотоосоо алслагдах тусам шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг. Нэг ёсондоо энэ төрлийн зохицуулалтыг л хийж өгөх гээд байгаа хэрэг үү?

-Ерөөсөө зорилго нь тэр. Гэтэл манайд эсрэгээрээ буюу төвдөө хямдхан, гадагшаа үнэтэй болоод байгаа. Уг нь хүн ам илүү төвлөрсөн газраа арай үнэтэй болоод зах хязгаар руугаа илүү хямдрах балансын зөв зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

-Үүнтэй холбогдуулж хувийн хэвшлийнхний санаа бодлыг сонсох хэрэгтэй юм шиг?

-Эхний ээлжид хувийн хэвшлийнхнийг шахахаас илүүтэй төрөөс татварын бодлогоороо дэмжээд өгье. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа эрхлэн ажлын байр бий болгож байгаа тохиолдолд татвараас чөлөөлмөөр байна. Ялангуяа орон нутагт байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг ашгийн болон нэмүү өртгийн бүх татвараас чөлөөлөх хэрэгтэй.

-Энэ талаар хуулийн төсөлд тусгасан уу?

-Ингэж  тусгаагүй  байгаа. Энэ бол дараа нь өргөн баригдах өөр хуулийн төсөлд тусгагдсан. Монгол Улсын нийт төсвийн 90 гаруй хувийг 5-6 салбар бүрдүүлж байгаа. Архи спирт, тамхи, нефтийн бүтээгдэхүүний худалдаа, улсын тодорхой монополь байгууллагууд болон уул уурхайн салбарынхан гээд 100 орчим компани л байна. Гэтэл улсын хэмжээнд 60 мянган хувийн аж ахуйн нэгж байгаа гэж бодохоор үлдсэн нь 5- 10 хувийг л бүрдүүлж байна. Гэхдээ энэ 60 мянган аж ахуйн нэгж нийт ажлын байрны 90 хувийг бүрдүүлж байгаа. Нийгэмд тулгамдсан хамгийн том асуудал бол ажлын байр. Ажлын байраа хадгалах төдийгүй цаашдаа нэмэгдүүлэх үүднээс эдгээр компаниа 10 жилийн хугацаатай татвараас чөлөөлчихмөөр байна. Өнөөдөр манайх уул уурхайгаас  хамааралтай орон болсон. Эдийн засгийн бүтцийнхээ хувьд орлогын дийлэнх нь уул уурхайгаас хамааралтай болчихлоо. Нөгөө яриад байдаг голланд өвчин гэдэг нь Монгол Улсад нүүрлэчихсэн. Гэхдээ үүнд сайн болон муу тал байна. Сайн талаас нь харвал энэ монополь салбараас их хэмжээний орлого бүрдэж байгаа цаг үед бусад салбараа өөд татъя. Арван жил татвараас чөлөөлж байгаад босгочих хэрэгтэй. Ингэхээр бидний төсвийн боддогоороо мөнгө хурааж . аваад түүгээрээ жижиг, дунд үйлдвэрлэл хийх гээд байгаа үр дүнтэй, дүнгүй бодлогууд нь алга болно. Зүгээр тэдэнд эрх чөлөөг нь өгмөөр байна.

-Монгол голланд өвчин тусах болоогүй гэж хүмүүс яриад байсан санагдаж байна?

-Монгол Улс голланд өвчин тусдагаа тусаад ДОХ-той хүн шиг болчихсон. Монголын эдийн засаг дархлаагүй. ДОХ-ын вирус хүний биеийг дархлаагүй болгодог шиг манай уул уурхайн салбар Монголын эдийн засгийг дархлаагүй болгосон. Өнөөдөр Монгол Улс уул уурхайгаас 100 хувь хамааралтай. Мөн уул уурхайн экспорт нь нэг орон руу чиглэж байгаа нь бүр ноцтой байдал үүсгэж байна. Дараагийн хамгийн хүнд байдал бол уул уурхайн хэт орлогыг дагасан бэлэн мөнгөний түгээлтийн систем буюу халамжийн тогтолцоо. Энэ бол туйлын ноцтой асуудал. Амлалт гэж тараасан энэ их хөрөнгөөр өөр зүйл хийх хэрэгтэй байсан юм болов уу гэж бодож байна. Би залуу хүний хувьд ирээдүйгээрээ амьдарч байгаа болохоор ийм байдал үүссэнд их харамсдаг. Ирээдүйд бий болох дэд бүтэц үйлдвэр, ажлын байрны, шинжлэх ухааны технологийн маш олон боломжийг үгүйсгэчихлээ. Зүгээр л тараачихлаа. Улс төрийн хоёр нам нь тарааж байна, Ерөнхийлөгч нь ч тарааж байна.

-Нийгмийн тодорхой бүлгийн хүрээнд энэ асуудлыг эсэргүүцэж байсан шүү дээ?

-Тэр хэсэг нь дэндүү цөөхөн байна. Хоёр намын амлалт дөрвөн тэрбум доллар. Ямар их зүйл хийж болох байсан гэж бодож байна. Одоо хөдөө орон нутагт тулгараад байгаа бүх асуудлыг шийдэж. Монгол орныг бүрэн хэрсэн хатуу хучилттай замтай болж чадах байсан гээд маш олон зүйлийг хийж чадах байсан. Ухаад дуусдаг баялгаар дараагийн баялаг үйлдвэрлэдэг салбарыг босгож байх хэрэгтэй. Даанч тэгж чадсангүй. Ухлаа идлээ, ухлаа идлээ.

-Ингэж ярьж байхынхаа оронд одоо ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй юм биш үү?

-Ямар ч байсан сонгууль дуустал тараадгаараа тараана. Амласан амлалт, нэхэж байгаа нэхлээс харахад энэ Засгийн газар, Ерөнхийлөгчийн үед тараах нь ойлгомжтой болчихлоо. Дахин ийм зүйл битгий гараасай гэж залбирч л байна.Үүнийг эдийн засгийн мэргэн бодлого гэж үздэг хүмүүс олон байгаа нь маш хэцүү.Төрийн тэргүүнээсээ эхлээд үүнийг зөв гэж үзэж байгаад асуудал байна. Эрүүл эдийн засгаа босгох нөхцөлөө идчихлээ дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.