Алслагдсан болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгохыг байнгын хороо дэмжлээ
Монгол Улсын хүн амын тэн хагас нь Улаанбаатарт төвлөрчхөөд байгаа, Нэг талаас нийслэлийн төвлөрлийг сааруулах, нөгөө талаас алслагдсан болон говийн бүсийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүд хэд хэдэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ.Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Алслагдсан болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгох асуудлыг хэлэлцлээ.Төсөл санаачлагчийн илтгэлийг С.Бямбацогт гишүүн танилцуулсан юм.Түүний танилцуулснаар нийслэлээс алслагдсан болон говийн бүсийн аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин их байгаа аж. Тиймээс тэдгээр бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийслэл рүү нүүдэллэсэн төвлөрлийг сааруулах зорилгоор зарим татварын болон цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан юм байна.
Алслагдсан бүс нутагт өсөн аймгийн 92 сум, говийн бүс нутагт өсөн аймгийн 87 сумыг хамруулахаар УИХ тогтоосон байдаг аж. Эдгээр бүс нутагт амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмж, таван жил тутам зургаан сарын цалинтай тэнцэхүйц мөнгөн тэтгэмж олгох заалт төсөлд тусжээ. Ингэснээр 38296 төрийн албан хаагчдад олгох цалингийн нэмэгдэл 20 тэрбум төгрөг болох юм. Түүнчлэн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар орж ирж буй гурил, будаа, элсэн чихэр, ногоон цайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жилийн хугацаагаар чөлөөлж, 90 хүртэл октантай бензин, дизель түлшийг татваргүй болгохоор төсөл санаачилсан байна.
Байнгын хорооны гишүүд бараг бүгдээрээ уг төслийг дэмжиж байсан. Харин О.Чулуунбат гишүүн "Манайх шиг том нутагтай, алслагдсан бүс нутаг нь дэд бүтцийн сул хөгжилтэй бол бүсийн нэмэгдэл олгодог жишиг дэлхийн олон " оронд бий. Тиймээс энэ төслийг дэмжиж байна. Харин эдгээр бүсэд бизнесийн орчныг сайжруулах талаар Засгийн газар юу ч хийхгүй байна. Бизнесийн таатай орчин бий болгох талаар юу бодож байна вэ" гэж асууж байв. Түүний асуултад С.Бямбацогт гишүүн "Эхний ээлжид татварын хөнгөлөлт үзүүлж, цалингийн нэмэгдэл олгох асуудлыг шийдье гэж бодсон. Бизнесийн орчныг сайжруулах нь цаашдын хамгийн том зорилт" гэж хариулсан. Д.Загджав гишүүн "Татварыг бүс нутгаар биш бүхэлд нь бууруулж болохгүй юу" гэж асуухад С.Бямбацогт гишүүн "Улаанбаатарт А80 бензин 1140, Завханд 1360 төгрөг байгаа. Хамгийн өндөр зардал, хамгийн бага орлоготой иргэд алслагдсан болон говийн бүсүүдэд байна" гэж хариуллаа.
Ч.Улаан гишүүн "Би энэ хуулийг санаачлагч нь ч, бас дагалдагч нь ч биш. Гэхдээ дэмжиж байгаа. Яагаад гэвэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусчихсан асуудал. Гэтэл Засгийн газар барьж авч чадахгүй халгаад байгаа төслийг гишүүд оруулаад ирлээ. Сайн байна. Гэхдээ татварын хувьд гаалийн татварыг хөдөлгөх нь зохимжтой биш байх. Татваргүй болгочихвол тэр боомтоор бүх юм орж ирдэг болно. Харин Аж ахуйн нэгж, Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлбэл зүгээр байх" гэлээ. Д.Загджав гишүүний хувьд Засгийн газар энэ төслийг дэмжиж байгаа эсэхийг лавлаж байв. Төсөл санаачлагч түүний асуултад "Энэ оны нэгдүгээр сард Засгийн газарт өргөн барьсан. Одоог болтол хариу өгөөгүй. Засгийн газар 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол УИХ-д өргөн бариад явах хуулийн орчинтой. Энэ дагуу л яваа" гэсэн юм.
Асуудлыг хэлэлцэх нь зөв. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад сайн ярилцах ёстой гэдгийг Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн нарын гишүүд онцолж байв. Учир нь, алслагдсан болон говийн бүсийг хэрхэн тооцох вэ гэдгийг нарийн ярилцах ёстой гэсэн байр суурийг тэд хэлж байв.Татварын орчныг УИХ байнга өөрчлөөд байх нь зохимжгүй гэдгийг ч онцолж байлаа. Ийнхүү алслагдсан болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгох асуудлыг хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжсэн юм. Харин дараагийн асуудал нь уг тогтоолоос өөр агуулгатай төслийг Засгийн газар санаачилсан байв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн танилцуулснаар сонгино, байцаа, шар лууван, манжингийн импортын барааны гаалийн татварыг 5-15 хувьд хэлбэлзэж байсныг тогтмол 15 хувь болгох, гурилын татварыг тодорхой боомтуудаас бусад боомтоор 15 хувь болгож өсгөх төсөл санаачилсныг мөн л гишүүд дэмжлээ. Байнгын хорооны дарга Д.Хаянхярваа энэ төслийн талаар "Засгийн газар хуулийн төсөлд цаг хугацаанд хариу өгдөггүй. Энэ бол Засгийн газрын ажилтай л холбоотой асуудал.Тэгээд л хоёр өөр агуулгатай хуулийн төсөл нэг өдөр орж ирж байна" гэсэн тайлбарыг хийсэн юм.