Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүнС.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Раш нар тус тус танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Х.Бадамсүрэн нарын 30 гишүүн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн .
Хууль санаачлагчид төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албанд ажиллаж байгаа албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох, говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийг тухайн бүст ажиллаж буй төрийн албан хаагчийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгуулж байхаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл санаачлагчдаасУИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуухдаа алслагдсан бүс нутагт ажиллаж байгаа бизнес, аж ахуй эрхэлж байгаа болон болон төрийн бус байгууллагын салбарын хүмүүсийн асуудал орхигдож, эрхэлж байгаа ажил төрлөөр нь ялгаад ч байгаа юм шиг санагдаж байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш эмч нарын тухайд Боловсролын болон Эрүүл мэндийн тухай хуулиар нэмэгдэл олгох зэрэг хуулиар баталгаажсан байгаа нь давхардаад байна. Төвлөрлийг сааруулахад иймэрхүү арга хэмжээ чухал. Хамгийн гол нь ажил эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих, тухайлбал хүн амын орлогын албан татварыг хөдөөд 50 хувь бууруулах ч юм уу, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг бууруулах, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэх тусам шатахууны үнэ бууруулах, цахилгааны үнийг хямдруулах гэх мэт суурь арга хэмжээ авах тал дээр ямар бодолтой байна гэлээ.
С.Бямбацогт гишүүн хариулахдаа энэ хуулийн төсөл нь бүсийн нэмэгдлийг үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний эхний арга хэмжээ. Өнөөдөр хөдөө орон нутагт эмч, багш нар дутуу байна. Төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүртээхийн тулд төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох гэж байгаа. Боловсролын тухай хуулиар нэмэгдэл өгдөг, сургуулийн захирал, ерөнхий менежер, сургалтын менежер, ЕБС-ийн дотуур байрны багш, цэцэрлэг, яслийн эрхлэгч, арга зүйч нар хамрагдаад, зарим хүмүүс орхигддог. Эрүүл мэндийн хуульд нэмэлт орууулж байгаа, эрүүл мэндийн мэргэжилтэн, эм зүйч нар орхигддог, энэ нь зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчид, цаана нь төрийн захиргааны албан хаагчид, улс төрийн албан хаагчид орхигддог.Харин ажил эрхэлж байгаа иргэдийг яаж дэмжих вэ гэвэл хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгж байгууллагыг орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг дараагийн ээлжинд авч үзэх ёстой гэж үзэж байгаа гэлээ. Р.Раш гишүүн хэлэхдээ иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд зам, дэд бүтцийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжруулах нь чухал. Үе шаттай хэрэгжих асуудал. Би хууль санаачилсан гишүүн ч гэлээ гаалийн татвараас чөлөөлөх нь хүн дээрээ очиж хэрэгжиж чадах болов уу, яахбол гэсэн эргэлзээ бий, бусад заалттай санал нэгтэй байгаа гэлээ.
Д.Дамба-Очир гишүүн төвлөрлийг сааруулна гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас санал аваагүй юм байна. Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумыг оруулсан байна. Сонгуулийн хугацаанд Өмнөговийг л хөгжүүлэх гээд байгаа. Гэтэл Цогтцэций, Ханбогд суманд л гэхэд ажилд оруулье гэхээр ажилд орох хүнгүй болсон гэж дуулсан, амьжиргаа нь дээшлээд, хир баргийн ажил тоохоо больсон. Гаалийн татварыг чөлөөлж өгнө гэдгийг сайн ойлгохгүй байна. Захын хүн төрийн албан хаагч болох сонирхол бүх хүнд бий боллоо. 150 мянган төрийн алба хаагчтай болсон, тэднийгээ цэгцэлж авч чадахгүй л байгаа. Төрийн алба руу хошуурах нөхцлийг бид бүрдүүлж өгөх гээд байна гэлээ. С.Бямбацогт гишүүн хариулахдаа Засгийн газраас санал авах гээд албан бичиг явуулсан ч хуулийн хугацаанд хариу ирээгүй, 20 хувийн нэмэгдэл өгөөд, бүх асуудал шийдэгдэхгүй, өнгөрсөн жил бүх сумуудад судалгаа хийсэн. Төвөөс алслагдмал орон нутагт бараа бүтээгдхүүний үнэ өсдөг. Ховдод нэг уут гурил 40 мянган төгрөг байхад Улаанбаатарт 20 мянган төгрөг байх жишээтэй. Олдог орлого нь бага, зарцуулах нь их байх жишээтэй.
Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумыг яагаад хамруулсан бэ гэж байна. Тэнд бүтээн байгуулалт өрнөж байгаа ч төрийн албан хаагчдад төдийлөн хамаардаггүй. Төрийн албан хаагчдад хүнд суртал их байдаг гэлээ. Гүйцэтгэх албанд ажиллаж байгаа нь хүнд суртал гаргадаггүй харин эрх мэдэлтэй, нөлөө бүхий албан хаагчдад хүнд суртал байдаг байх, хавтгайруулж ярьж болохгүй гэв. Х.Бадамсүрэн гишүүн хэлэхдээ, Засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудал. Улаанбаатарт байгаа асуудлыг шийдвэрлэх гэж олон жил ярьж байна.
Хөдөөдөө төрийн бодлого дулимаг чиглэгдсэн учраас иргэд нийслэлд төвлөрч, Дархан Эрдэнэтэд шигдэж байгаа. Харин энэ хууль хэрэгжвэл төв рүү тэмүүлсэн нүүдэл суудал саарна, ядуурал бодитойгоор буурна гэж үзэж байгаа. Хөдөө орон нутагт мэдлэг боловсролтой хүмүүс ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Сайн засаглал бэхжинэ. Оюутолгой, Таван толгой гэхээр хүн бүр Засгийн газар, УИХ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, амлалтаа биелүүлэх үндэс болгодог. Өмнөговьд бүх асуудал сайхан байна гэж хэлэхгүй, хүндрэл бэрхшээлтэй асуудал энэ аймагт байгаа. Дэд бүтэц, байгаль орчны асуудалд анхаарах хэрэгтэй байна. Алслагдсан говийн бүсийн аймаг гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй гэлээ. Д.Дамба-Очир гишүүн, энэ хууль 7 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ санхүүжилт нь хаана байна. Сүүлийн үед УИХ санхүүүгийн эх үүсвэргүй хууль баталдаг болсон гэлээ. Хувийн хэвшлийнхнийг үе шаттай дэмжих асуудал орж ирнэ. УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл боловсруулсан байгаа.
Санхүүжилтын хувьд 20 орчим тэрбум төгрөг улсын төсөвт орох орлого буурна. Уул уурхайн орлогоос олох нэмүү орлогыг сул хөгжилтэй хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулна гэж С.Бямбацогт хэллээ. Н.Ганбямба гишүүн 1000 км-ээс цааш бол алслагдсан гэдгээ яаж гаргасан юм бол. Алслагдсан гэдэгт говь гэсэн нэртэй аймгууд хамрагджээ. Ямар аргачлалаар гаргав. 2009 онд гаргасан 75 сумыг хамруулсан Засгийн газрын судалгаа байна. Аймгаасаа алслагдсан сумдыг хамруулсан юм байна. Алслагдсан сумд гэдэгт хөдөө нутгийн бүх сумдыг алагчилахгүйгээр хамруулбал ямар вэ гэлээ. С.Бямбацогт гишүүн, алслагдсан гэдгийг 1000-аас дээш болон 990 км-т амьдарч байгаа иргэн хоёрын амьжиргааны өртөг, орлого зарлага ижил байдаг учраас шууд км-ээр хуваах нь зохимжгүй юм билээ. Алслагдсан нутгийн шалгуур үзүүлэлтэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ ханш, тээврийн үйлчилгээний үнэ өртөг гэх мэт 8 шалгуур үзүүлэлтийг авч үзээд тогтоосон. Байгаль цаг уурын хувьд бас шалгуур тавьсан. Ган гачиг, зуд цөлжилт хаана хаана ямар давтамжтай явагдаж байгааг ч судалж үзсэн.
Үүнээс хамаарч говийн бүс нутгийг тогтоосон гэлээ. Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ хамгийн алслагдсан сумыг энд тусгаагүй байна. Хөвсгөл аймгийн Ханх сумын боомтыг тусгаагүй байна. Өмнөговьд л бол арай биш, Оюутолгой, Таван толгойн компаниуд үүнийг далимдуулаад урдаас шатахуунаа татваргүй оруулж ирнэ. Хууль санаачлагч нөхдүүд яагаад лоббинд орчихов гэлээ. Ч.Улаан гишүүн олон жил яригдсан ч шийдэгдээгүй удсан асуудлыг хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Нухацтай, олон талаас нь сайн ярилцаж шийдэгдэх асуудал. Хэрэгжих зөв механизмтай байх хэрэгтэй. Төрийн албан хаагчид хэд хэдэн нэмэгдэл авч байгаа, бүсийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, бас үнийн хөнгөлөлт хүртэнэ. Салбар дагасан янз бүрийн хөнгөлөлтийг нэг мөр цэгцэлмэээр байна. Төрийн албан хаагчдад онцгой анхаарал тавиад, гол нь хөгжил авчирдаг, ажлын байр бий болгодог хувийн хэвшлээ дэмжээгүй байгаа нь учир дутагдалтай болжээ.
Алслагдсан гэдгийг нийслэлээс, аймгаас, зах зээлээс алслагдсан гэж үзэх үү, алслалын зэрэглэлийн эргэж нягтлах хэрэгтэй гэлээ. Ч.Сайханбилэг гишүүн хэлэхдээ ард иргэдээ төрийн албан хаагч, албан бусаар нь ялгадаг нь учир дутагдалтай байгаа. Төрд ажиллаж байна уу, хувьд ажиллаж байна уу гэдгээр нь ялгах нь зарчмын хувьд буруу. Аймгуудыг ярихад тэр сум нь орохгүй, энэ сум орж байгаа гээд орон нутагт маргаан гарах юм байна. Хуваагдлын хувьд Улаанбаатараас бусад нь гэж хийхгүй бол болохгүй. Манай намын бүлгээс тавьж байгаа санал бол хүн амын орлогын албан татвартай холбож үзэх юм бол 170 орчим тэрбум төгрөгийн төвлөррүүлэлт хийж байгаа.
Үүний 110 нь нийслэл Улаанбаатарт, үлдсэн нь 60-аад тэрбум нь хөдөө орон нутагт хуваарилагдаж байгаа. Иймэрхүү байдлаар зохицуулалт хийвэл төрийн албан хаагч болон бусдад хамааралтай зохицуулалт болох байх. Хэрэв энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллавал дургүйцэхгүй биздээ гэлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.