Баярын өмнөх амралтын өдөр автомашины дугаарыг хязгаарлана
Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, ялангуяа томоохон худалдааны төв орчимд түгжрэл үүсч олон нийтийг бухимдуулдаг.
Энэ байдлаас урьдчилан сэргийлж, хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сар шинийн баярын өдр үүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
Энэхүү захирамжийн хүрээнд алслагдсан гэр хорооллоос томоохон худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулах, “Нарантуул” худалдааны төвийн урд авто зогсоол байгуулах, “Өгөөмөр” захын зүүн талын хэсгийг чөлөөлж, хойд хэсэг рүү гарах урсгалыг нээхээр болов. Мөн сар шинийн өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тооны тэгш, сондгойгоор ангилсан түр зохицуулалтыг хийх аж.
Тодруулбал, энэ сарын 18, 26-нд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, 19, 25-нд автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгойгоор төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд 10.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийлээ.