Энэ онд нийт 1824 км хатуу хучилттай зам ашиглалтад оржээ
Тариалан-Мөрөн чиглэлийн 79 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орж, албан ёсоор хөдөлгөөнөө нээлээ.
Энэ замыг Зам Тээврийн Яам захиалж, “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэн 36.9 тэрбум төгрөгөөр барьжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр “НКВ international”, туслан гүйцэтгэгчээр “Түм арвижих” компани, зөвлөгчөөр “Хязгааргүй хөдөлгөөн” компани ажиллалаа.
Замыг нээх ёслолд УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ц.Даваасүрэн, ЗТЯ-ны дэд сайд Х.Ержан зэрэг албаны хүмүүс болон гүйцэтгэгч компаний удирдлага оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөвсгөл нутгийнхны олон жил хүлээсэн аймгийн төвийг нийслэлтэй холбох авто замын эхний хэсэг өнөөдөр ашиглалтад орж байна. Энэ зам эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, орон нутгийн хөгжлийг хурдасгана гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тус замыг “Чингис” бондын хөрөнгөөр гүйцээн барина".
Тариалан-Мөрөнгийн 79 км зам барих явцад төдий урттай хөрсийг хуулж, 4 м өндөр далан барьж, хөлдөлтөөс хамгаалсан 30 см зузаан давхарга, 16 см цементэн суурь, 5 см асфальтан хучилт зэргийг хийжээ. Давхардсан тоогоор 350 орчим хүн ажиллаж, 120 шахам техник, тоног төхөөрөмж ашиглалаа.
ЗТЯ-ны дэд сайд: Х.Ержан: Үлдсэн 162 км замыг 4 компани барьж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 50 хувьтай. 2014 оны намар гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Дашрамд дурьдахад энэ онд нийт 1824 км хатуу хучилттай зам ашиглалтад оржээ. Харин ирэх жил Мөрөн, Чойбалсан, Баруун-Урт, Говь-Алтай, Тосонцэнгэл, Улиастай хотыг нийслэлтэй холбох замыг барьж дуусгах юм байна.