
ИЦББХ:Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хэлэлцүүлгийг зохион байгууллаа
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2025.04.16/ Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа, Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ нар нийтийн өргөдлийг цахим системээр хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж буй талаар болон тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэсэн юм.
Тухайлбал, Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ, нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулж, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн санал хуульд заасан тоонд хүрсэн тохиолдлуудын талаар илтгэлдээ онцоллоо. Тэрбээр, “Та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэсэн саналыг 105,641 иргэн дэмжсэн нь хамгийн олон санал авсанд тооцогдож байна.
Түүний дараа Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татварын шимтгэлийг 5 хувь бууруулах саналыг 104,608 иргэн дэмжсэн. Энэчлэн “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50 мянган төгрөгийг нэмэх, газрыг гадаадын иргэнд 100 хүртэл жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах зэрэг саналыг 100 мянгаас дээш иргэн дэмжиж саналаа өгсөн байна. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлийн татварын нэмэгдлийг цуцлахыг 33,042 иргэн дэмжиж, УИХ-ын Ажлын хэсэг байгуулан судалж байгаа гэв.
Мөн хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм формын судлаач Р.Оюундэлгэр “Хууль тогтоомжийн төслийн нээлттэй ил тод байдал, олон нийтээр хэрхэн хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт”-ийн талаар хийсэн судалгаагаа танилцууллаа. Тэрбээр, Хууль тогтоомжийн хуулийг хэрэгжүүлэхдээ холбогдуулан төслийг нийтэд нийтэлсэн болон санал авах хугацааг тусгах, 60 хоногоос доошгүй хугацаанд санал авах, хугацааг уртасгах зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Мөн хуулийн төсөлд сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулах, урьдчилсан мэдээлэл өгөх, хэлэлцүүлгийн хэлбэрүүдийг хослуулах зэрэг зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг судалгааны дүгнэлт хэсэгт онцоллоо. Мөн саналын товьёог баримтжуулахын тулд олон нийтэд мэдээлэх, иргэний саналыг тусгаагүй үндэслэлийг эргэж тайлбарлах зэргээр иргэдийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд хангахад анхаарах талаар судалгаандаа үндэслэн дүгнэсэн байна.
Тухайлбал, Багшийн эрх зүйн байдлын тухай хууль батлан гаргах тухай өгсөн өргөдөлдөө санал авахын тулд иргэн Э.Чулуунчимэг хэрхэн ажилласан талаараа ярьсан бол электрон тамхийг хуульчилж, зөвхөн насанд хүрсэн хүнд худалдаалдаг болгох нь зөв үү гэсэн санал дэмжигдээгүй учир шалтгаан болон өргөдлийн системийн хүндрэлтэй асуудлын талаар иргэн Д.Цогт-Очир санал бодлоо илэрхийлсэн юм. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авах нийтийн өргөдлийн системийн үйл ажиллагааг судалгаанд үндэслэн боловсронгуй болгох, эргэх холбоотой байх, олон нийтэд сурталчлах зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатай талаар онцоллоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан